Сул талаа давуу тал болгох ухаан
“Зөөлөн алт” гэж нэрлэгдэх хүртлээ өндөр авсан монгол ноолуур өнөөг хүртэл аж үйлдвэрийн салбарын гол бүтээгдэхүүн хэвээр байна. Монгол ноолуур дулаан хадгалах болон агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэг, эдэлгээ даадаг онцлогоороо дэлхийн зах зээлд ноёрхох давуу талтай. Тийм ч учраас ноос, ноолуурын салбар экспортод жинтэй байр суурь эзэлдэг бөгөөд уул уурхайн бус экспортын 34 хувийг бүрдүүлдэг.
Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур “эргэлддэг”. Үүний 50 хувийг БНХАУ, 40 хувийг Монгол Улс нийлүүлж байна. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийгээд угааж экспортолдог. Угаасан ноолуураа БНХАУ, самнасан ноолуураа БНХАУ, Итали, Англи, Шотланд, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнээ АНУ, Герман, БНСУ, Япон, Бельги зэрэг 20 гаруй орон руу экспортолж байна. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд салбар яамнаас анхаарч буй. Ноолуураа дотооддоо боловсруулаад 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолбол эдийн засгийн үр өгөөж нь тав дахин нэмэгдэнэ.
2020 онд манай улс 10 мянган тонн ноолуур бэлтгэж, 243.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсны 76 хувийг угаасан, долоон хувийг хагас боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.
Салбар яамны зүгээс жилд бэлтгэсэн ноолуурын 50 хувийг дотооддоо боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор зорьж байна. Тэгвэл энэ тохиромжтой цаг нь ирсэн бололтой. Цар тахал, хөл хорионоос шалтгаалж дэлхий дахинд ноолуурын эрэлт буурч, экспорт, импорт багасаад байгаа хэдий ч энэ үеийг бид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж бий. Өөрөөр хэлбэл, түүхий ноолуурын гадаад эрэлт багассан энэ үед дотоодын хүчин чадалд суурилан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарч ирж байна.
Манай улсад гүн боловсруулах 15 үйлдвэр, анхан шатны боловсруулах 23 үйлдвэр, сүлжмэлийн жижиг дунд 59 үйлдвэр, өрхийн 150-200 жижиг цех үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүчин чадал дээрээ суурилан өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд эрэлттэй хэвээр байгаа үнэт түүхий эдээ бид бүрэн ашиглахын тулд оновчтой бодлого, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна.
Харин дэлхийн ноолуурын зах зээлд байгальд ээлтэй, бүтээгдэхүүний гарал үүсэл, мал амьтны эрх ашгийг хамгаалахад маш ихээр анхаарч байна. Мөн боловсруулах шатанд тухайн бүтээгдэхүүнийг нийгэмд хариуцлагатай, ёс зүйтэй аргаар үйлдвэрлэхийг шаарддаг болсон. Ноолуур үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт ордог манай улс ч хэрэглэгчдийн хүлээлтэнд нийцсэн үйлдвэрлэл явуулах зайлшгүй шаардлагатай юм.
Ноос ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай хоршуулан хөгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалт татахад илүү хялбар болохоос гадна бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах салбарыг дэмжихэд ихээхэн ач холбогдолтой.
Ингэснээр олон улсад Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, нэр хүнд илүү өсөх юм. Үүний тулд түүхий эд бэлтгэхээс эхлээд үйлдвэрлэх, боловсруулах, үйл явцад амьтан ургамалд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгаруулдаггүй байх шаардлагууд тавигдана. Мөн тэгш хүртээмжтэй, ашиг орлогын шударга хуваарилалттай байх нь тогтвортой ноолуурын шаардлагыг хангаж буй хэрэг. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг зохистой эрхэлж, малчнаас авсан түүхий ноолуурыг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгох үйл явц нь мөшгөх боломжтой, ил тод, тасралтгүй, ёс зүйтэй байх учиртай.
Иймд Монголын үйлдвэрлэгчид энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, дасан зохицохгүй бол гадаад зах зээлд, ялангуяа Европын зах зээлд гарах, өрсөлдөх боломжгүй юм. Өөрчлөлтөд хөтлөх олон сайн жишээний нэг нь Тогтвортой ноос ноолуурын эвслээс (ТННЭ) өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх бүрэн мөшгөлтийн тогтолцоо билээ. Мөн бэлчээр ашиглах, байгальд хор уршиг багатайгаар ноос ноолуур бэлтгэх дадал болон мал амьтны ая тухтай байдлыг хангах зохистой дадлыг малчдад хэвшүүлж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.
ТННЭ 2024 он гэхэд 100 орчим малчдын хоршоогоор дамжуулан 1000 тонн ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байна.
Эдгээр дадал, стандартыг баримталсан малчид самнасан ноолууртаа ““SFA Certified fibre” буюу “ТННЭ-ийн баталгаажсан ноолуур” гэсэн шошго хадах эрхтэй болдог. Ийм шошготой ноолуур үнэ цэнтэй, өндөр чанартай байх бөгөөд дэлхийн топ брэндүүд тогтвортой буюу байгальд хор нөлөө багатай, хариуцлагатай, ил тод гэх статусаа хадгалахын тулд энгийн аргаар бэлтгэсэн ноолуураас илүүд үздэг юм. Тус эвсэл 15 аймаг дахь малчдын хоршоодтой хамтран өнгөрсөн онд гэхэд 90 гаруй тонн “мөшгөгдсөн” ноолуурыг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Харин энэ жил 470 орчим тонн түүхий ноолуурыг 30-аад малчдын хоршоо, долоон боловсруулах үйлвэрээр дамжуулан боловсруулсан байна. Худалдан авагчдын дунд тогтвортой түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа тул ТННЭ 2024 он гэхэд 100 орчим малчдын хоршоогоор дамжуулан 1000 тонн ноолуур экспортлох зорилт тавин ажиллаж байна. Үүгээр 50 сая орчим долларын экспортын борлуулалт хийх тооцоолол гарч байгаа талаар Тогтвортой ноос ноолуурын эвслийн (ТННЭ) зүгээс онцолж байсан юм.