“СҮҮ БОНД 2.0” анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа 

Sarangerel
2025-09-08 14:04:27
Ангилал:

Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэг болох  “Сүү” ХК найман жилийн дараа дахин бонд гаргах зөвшөөрөл авч, “Сүү 2.0” нэртэй бондыг гаргаж  буйтай холбогдуулан цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  хамтран “ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ялангуяа дотоодын бондын зах зээл дээр өрийн хэрэгсэл гаргах тохиолдолд тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нөхцөлийг журамд тусгаж өгсөн юм. Журмын дагуу ТОП-100 ААН ₮5 тэрбум хүртэлх үнийн дүнтэй, 1 жилийн хугацаатай буюу олон улсад “Commercial paper” гэж нэрлэгддэг богино хугацааны санхүүжилтийн хэрэгслийг нээлттэй болон хаалттай хэлбэрээр гаргах боломжтой болсон. Хэрэв нээлттэй хэлбэрээр бонд гаргавал барьцаа, баталгаагүйгээр гаргах бөгөөд СЗХ шийдвэрийг нь 1-10 хоногийн дотор хурдан гаргахаар зохицуулж өгсөн. Ингэснээр  цаг хугацаа, өртгийг асар их бууруулж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй.

ТОП-100 аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд барьцаа, батлан даалт шаардахгүй 5 тэрбум төгрөг хүртэлх бондыг олон нийтэд санал болгох боломжтой болсноос хойш Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК анхны бондыг гаргахаар эрхээ авсан нь энэ юм. “Сүү 2.0” бонд нь 12 сарын хугацаатай бөгөөд нэгжийн нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөгөөр тогтоогдсон. Мөн жилийн 17 хувийн хүүтэйгээр зах зээлд гарч буй нь арилжааны банкны хадгаламж болон бусад өрийн хэрэгслээс дунджаар 4.8 хувиар өндөр өгөөжтэй байгаа нь хөрөнгө оруулагчдад онцгой давуу талыг бий болгож буй.

Уг бондын брокероор Таванбогд капитал ҮЦК ажиллаж, Улаанбаатар үнэт цаасны биржээр арилжаалагдаж байгаа юм.

“Сүү” ХК-ийн хувьд өмнө нь 2017 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Сүү бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжаалж, нийт зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татаж байсан. Тухайн үед жилийн 17.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай байсан энэхүү бонд нь өндөр эрэлттэйгээр зах зээлд бүрэн борлогдож, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн нь компанийн өрийн хэрэгсэл амжилттай арилжигдаж болохыг харуулсан түүхэн жишээ болж үлдсэн билээ.

“Сүү 2.0” бонд цан цохих ёслолын үеэр “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сүү хувьцаат компани 67 жилийн турш хэрэглэгч харилцагч нартаа чанартай, баталгаатай, найдвартай хүнсийг үйлдвэрлэж, нийлүүлсээр ирсэн. Монгол Улсын ууган хувьцаат компаниудын нэг. Өнөөдөр 200 тэрбум төгрөгийн зах зээлийн ханштайгаар үйл ажиллагаа явуулж байна. “Сүү” хувьцаат компани 2017 онд хамгийн өндөр үнэтэй бондыг хөрөнгийн зах зээл дээр танилцуулж байсан. Тухайн үед гурван өдрийн дотор 6.8 тэрбум төгрөгийн захиалга авч хааж байлаа. “Сүү” бондын тухайн үед гаргаж байсан үр дүн нь юу вэ гэхээр бид “булган сүүл”-тэй байсан. Хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлж өгсөн гэж боддог. Харин өнөөдөр Монгол Улсын хамгийн анхны хувийн бирж болох Улаанбаатар үнэт цаасны бирж дээр “Сүү бонд-2”-оо гаргаж байгаадаа баяртай байна” хэмээв.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Хөрөнгийн зах зээл дээр сүүлийн таван жилийн хугацаанд бондын зах зээл идэвхитэй байна. 2021 онд Санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэлийн журмандаа өөрчлөлт оруулж хөрөнгийн зах зээлийн үндсэн хоёр бүтээгдэхүүн болох бонд, хувьцааны бүртгэлээ тусад нь гаргасан. Ингэхдээ нэлээдгүй өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, бондоо нэгдсэн дүнгээр нь бүртгүүлээд, тухай бүрт нь гаргаад явах боломжийг бүрдүүсэн бондын хөтөлбөр, Санхүүгийн зэрэглэл тогтоох байгууллагаар зэрэглэлээ тогтоолгосон бол барьцаа баталгаагүйгээр бонд гаргах, ногоон бонд гаргах зэрэг шинэлэг зохицуулалтыг оруулж ирсэн. Мөн “Топ 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсээ. Өнөөдрийн “Сүү бонд” энэ боломжийг ашигласан анхдагч бүтээгдэхүүн болж гарч ирж буйгаараа онцлогтой. Сүүлийн таван жилд аж ахуйн нэгжүүд 6.5 их наяд төгрөгийг бонд хэлбэрээр анхдагч зах зээлээс татан төвлөрүүлжээ” хэмээн онцлов.