Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулалтыг тосож авахын тулд хувийн сектороо бэлдэх шаардлага байна
Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаас эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай сэргээгдэх эрчим хүчийг сонирхож, хөрөнгө оруулалт хийх тал дээр нааштай хандах болсон. Засгийн газар болон таны хичээл зүтгэлээр эрчим хүчний салбарт гаднаас хоёр ч том хөрөнгө оруулалт татаад байгаа. Нийт хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээд байгаа вэ?
-Сэргээгдэх эрчим хүч дэлхий даяар нүүрснээс хямдхан болчихсон. Тиймээс хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч рүү хөрөнгө оруулалт хийх өндөр сонирхолтой байна. Одоогоор Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас нэг тэрбум ам.долларыг авч, хувийн секторт шилжүүлэхээр яг нэг жилийн өмнө тохирсон. Хоёрдугаарт, өнгөрсөн оны аравдугаар сард Европын хөрөнгө оруулалтын банктай хэлэлцээр хийж, мөн адил хувийн секторт нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Нийлээд 8 их наяд төгрөгийг эрчим хүчний салбарт татаж чадсан.
-Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх найман их наяд төгрөг өнөөдөр бэлэн байгаа гэсэн үг үү. Хөрөнгө оруулалт аваад ажлаа эхэлсэн компани байгаа юу?
-Бэлэн. Мөнгийг нь олоод ирлээ. Гэтэл бизнес хийе гэхээр хувийн сектор нь бэлэн биш байна. Төслөө бичээд банкнаас санхүүжилтээ аваач ээ гэхээр гацчихаад байна. 30-40 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хувийн сектор байхгүй болчихсон. Цахилгаан шугам л татаж байснаас биш цахилгаан станц бариад явж байгаа тийм хувийн сектор цөөхөн. Хүний нөөц байхгүй байна. Банкнаас санхүүжилт авах бичиг баримтаа боловсруулж чадахгүй, чадамжгүй байна. Тиймээс бид хувийн секторыг хөрөнгө оруулагчидтай холбох ажлыг хийж эхэлж байна. Энэ чиглэлээр уулзалтууд хийж, эрчим хүчний салбарынханд мэдээлэл өгч сургах шаардлагатай байгаа юм. Хүний нөөцөө бэлдэхийн тулд ногоон ажлын байр гэдэг платформыг үүсгэсэн. Олон улсын байгууллагуудтай хамтраад бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Энэ бол бодит байдал.
Эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох ажил руу яаралтай орохгүй бол хямдхан цахилгаан хэрэглэх боломжгүй шүү гэж хэлэх хэрэгтэй
Дэлхий ертөнцийн зарчмаар бол хувийн сектор л энэ бүгдийг хийдэг. Засгийн газрын хувьд хувийн сектороо дэмжээд, санхүүжилтыг нь өгөөд, урт хугацаанд худалдан авах эрчим хүчний гэрээ байгуулах замаар бодлогоор дэмжиж байгаа юм. “Та нар нээлттэй чөлөөтэй зах зээл дээр бизнес хий” гэж эрчим хүчний хувийн компаниудад хэлж байгаа. Тэд сайхнаар хүлээж авч байгаа ч бичиг цаасан дээрээ тулаад зогсчихоод байна. Үүнийг тэгээс нь эхлээд явж байна. Гэтэл нөгөө талд иргэд хямдхан цахилгаан станц барихыг хүсээд байдаг. Хурдхан эрчим хүчний тусгаар тогтнолд орохыг хүсдэг. Гэтэл бодит байдал дээр нэлээн ажил байна.
Өнөөдөр дэлхий дахинд эрчим хүчний дайнууд болж байна. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох ажил руу яаралтай орохгүй бол хямдхан цахилгаан хэрэглэх боломжгүй шүү гэж хэлэх хэрэгтэй. Сайн тал нь газрын тосны асуудал хүндрэлтэй болж байгаа тохиолдолд эрчим хүчний бусад эх үүсвэр рүү хөрөнгө оруулах сонирхол гаднаас нэмэгдэж байна. Тэгэхээр бид энэ боломжийг маш сайн тосож авах хэрэгтэй. Тосож авахын тулд хувийн сектороо бэлдэх шаардлага байна.
Сэргээгдэх эрчим хүчний нар, салхи, батарей хураагуурын станцууд нэг жилийн дотор нэг ГВт-ыг үйлдвэрлэдэг болчихсон
-Бэлтгэл ажлаа хийгээд хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлтэл хэдий хэр хугацаа шаардагдах вэ?
-2028-2030 гэхэд өөрсдийгөө хангах бие даасан эрчим хүчний системтэй болъё гэж байгаа юм. Хоёр ажил байгаа. Нэг нь, Засгийн газар хувийн секторын хийж чадахгүй дэд бүтцийн төслүүдээ өргөтгөх шаардлагатай. Нөгөө талд хувийн сектор эрчим хүчээ үйлдвэрлээд нийлүүлэх ажил байна.
Одоогийн байдлаар хоёр ГВт-ын нэмэлт хэрэгцээ Монгол Улсад бий. Үүнд хоёр орчим тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ мөнгийг нь босгочихоод байна. Бэлтгэл ажил хийхэд цаг хугацаа орно. Сэргээгдэх эрчим хүчний хувьд богино хугацаанд хийж болдог. Харин нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцыг барихад цаг хугацаа орно. Бөөрөлжүүт гэхэд 2014 оноос эхэлсэн шүү дээ. Эгийн голын усан цахилгаан станцыг барихад 7-8 жил шаардлагатай.
Харин сэргээгдэх эрчим хүчний нар, салхи, батарей хураагуурын станцууд нэг жилийн дотор нэг ГВт-ыг үйлдвэрлэдэг болчихсон. Хурдтай байх боломжтой. Гэхдээ хувийн секторын урдуур Засгийн газар ороод цахилгаан станц барих боломжгүй болсон. Хувийн сектороо идэвхжүүлээд энэ салбар руу татаж оруулах ажил маш чухал байна.
