Т.Энхтүвшин: Баянгийн 660 МВт-ын цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно

Sarangerel
2026-03-12 14:47:59
Ангилал: Эрчим хүч

Эрчим хүчний яамны Стратеги, бодлогын газрын дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хөрөнгө оруулалт гаднаас их хэмжээний орж ирж байна. Аж ахуйн нэгжүүд үүнд хэр бэлтгэлтэй байдаг вэ. Эрчим хүчний яамнаас үүн дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Хөрөнгө оруулалт татах нь манай улсад хэрэгтэй. Энэ чиглэлд улсын бодлого зөв байгаа учраас хөрөнгө оруулалт орж ирж байна. Манай улсын эдийн засаг тийм том биш. Гэхдээ томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг шингээх цөөхөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч. Эрчим хүчний салбар 100 гаруй жилийн түүхтэй учраас бүх зүйл нь тодорхой. Эрх зүйн орчин нь тодорхой. Хөрөнгө оруулагчид орж ирэхэд буух эзэнтэй, буцах хаягтай. 

Эрчим хүчний салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтраад хэрэгжүүлнэ. Томоос нь дурдвал Байдрагийн усан цахилгаан станцын төсөл байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Төвийн бүсэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд 100 МВт-ын усан цэнэгт станцын төсөл хэрэгжинэ. Үүнийг мөн хувийн хэвшлийн төслөөр хэрэгжүүлэхээр явж байна. Мөн Дулааны V цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай  хэрэгжүүлж байна.

Сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг 2026 оны зургаа, долдугаар сард зарлахаар төлөвлөж байгаа. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид оролцож нар, салхины эх үүсвэр барих юм. Үйлдэрлэсэн эрчим хүчээ улсад хэн хямд үнээр өгөх вэ гэдэг дээр өрсөлдөнө гэсэн үг. Үүн дээр хөрөнгө оруулалт оруулах эрх зүйн орчин бүрэн байна.

Монгол Улс гааль, НӨАТ-ын татвараас сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг чөлөөлсөн

-Хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах боломжтой вэ?

-Гурван багц сонгон шалгаруулалт зарласан. Байршлын хувьд баруун бүсийн Алтай Улиастайд, Дорнод бүсийн эрчим хүчний системд болон төвийн бүсийн Мандал дэд станц дээр 100 МВт-ын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх юм. Үүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой.

Гэхдээ гурван багцаа задлаад зарлавал найм орчим байршил дээр уралдаант сонгон шалгаруулалт зарлана. Өөрөөр хэлбэл, найман хөрөнгө оруулагч шалгарна гэсэн үг. Хамгийн гол нь хямд өртгөөр найдвартай, тогтвортой эрчим хүч нийлүүлэх нь чухал.

-Гадны хөрөнгө оруулагчид хууль, эрх зүйн орчин тодорхой биш байна, Монголд хэрвээ хөрөнгө оруулвал юунд найдах вэ гэж асууж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хууль эрх зүйн орчин харьцангуй тодорхой, хөнгөлөлт урамшуулалт бий. Эрчим хүчний яам хөрөнгө оруулагчдад нээлттэй хандаж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулагчид бидэнтэй ирж уулзаад нарийвчилсан мэдээлэл авахад манай хаалга үргэлж нээлттэй. 

Монгол Улс гааль, НӨАТ-ын татвараас сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг чөлөөлсөн. Мэдээж хөрөнгө оруулагч шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчин байна. Үүнийг хариуцаж байгаа яам нь Эрчим хүчний яам биш Эдийн засаг хөгжлийн яам юм. Олон улсын шаарддаг хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан эрх зүйн баримт бичгийг бүгдийг нь байгуулаад явах боломжтой. Сүүлийн жилүүдэд нарны долоо, салхины гурав гээд нийт 10 орчим сэргээгдэх эрчим хүчний төсөл гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн.

2026 онд дөрвөн дамжуулах шугам буюу нийт 764 км шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

-Эрчим хүчний яам 2026 онд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа вэ. Өнгөрсөн өвөл шиг эрчим хүчний дутагдалд орох вий гэдэг айдас хүн бүрт байна. Үүнээс сэргийлж ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Эрчим хүчний салбарт чадлын дутагдал үүссэнийг углуургаар нь харахгүй бол болохгүй. Яагаад гэвэл бид өртгөөсөө доогуур үнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна шүү дээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусмаа алдагдал нэмэгддэг гэсэн үг. Алдагдалтай салбарт хөрөнгө оруулалт ороход хүндрэлтэй, компаниуд хэвийн үйл ажиллагааг хангах хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ авахад хүндрэлтэй. Ийм бугшсан асуудлаас өнөөдрийн хүндрэл үүссэн.

Сүүлийн жилүүдэд эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авсан. Үр дүнд нь хатуу түлшээр ажилладаг Бөөрөлжүүтийн станцын эхний үе шат (300 МВт) ашиглалтад орлоо. Дараагийн 300 МВт нь 2027 онд ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байна. Мөн Баянгийн 660 МВт-ын цахилгаан станц 2027 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдаж ашиглалтад орно.  Ийм нааштай хөрөнгө оруулалтууд байна. 

Цахилгаан дамжуулах, түгээх дэд бүтэц, ухаалаг сүлжээ бий болгох, диспетчерийн зохицуулалтыг хүнээс хамааралгүй хиймэл оюун руу шилжүүлэх зэрэгт анхаарч байна. 2026 онд дөрвөн дамжуулах шугам буюу нийт 764 км шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм. Хүний хамаарал багатай, хиймэл оюун ухаан руу шилжүүлсэн эрчим хүчний сүлжээ бий болгох төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж бугширсан асуудлыг өргөс авсан юм шиг шийдэхгүй, үе шаттайгаар шийднэ.

-Дулааны цахилгаан станцуудын гэмтэл саатлыг засварлах, шинэчлэх ажил юу ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ асуудлыг хуулиараа нууцад авсан. Дулааны цахилгаан станцууд Улаанбаатар хотын чухал байршилд байдаг учир мэдээллийг нууцад авсан юм билээ.