Танилц: 2026 оны ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгүүд

Mongolian Economy
2026-06-04 19:02:08
Ангилал: Нийгэм Олон улс

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд нэг долоо хоногийн хугацаа үлдэж байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадам энэ жил түүхэндээ анх удаа гурван улсад зохион байгуулагдах юм. Өмнө нь 32 баг оролцдог байсан бол АНУ, Канад, Мексикт болох энэ удаагийн тэмцээнд 48 баг 16 хотод өрсөлдөх учир урьд өмнө болж байгаагүй том цар хүрээтэй тэмцээн болох нь тодорхой болсон.

Энэ удаагийн ДАШТ зургаадугаар сарын 11-ээс долдугаар сарын 19-ны хооронд явагдана. Багууд 12 хэсэгт хуваагдаж, нийт 104 тоглолт болох бөгөөд хоорондоо 4400 км буюу хамгийн хол зайтай оршдог Ванкуверын BC Palace, Мехико хотын Estadio Azteca цэнгэлдэхийг хамруулснаараа газарзүйн хувьд хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн уралдаан болж байгаа юм.

ДАШТ-ийхний тоглолт Мехико хотын Estadio Azteca цэнгэлдэхэд өрнөж, харин  аварга баг Нью-Йоркийн New Jersey талбайд цомоо өргөхөөр товлогдсон байна. Ингээд 2026 FIFA World Cup зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдийг танилцуулъя.  

1.Мехико хот, Estadio Azteca цэнгэлдэх

Хөлбөмбөгийн энэхүү домогт цэнгэлдэхэд аваргын төлөөх “аян” эхэлж, зохион байгуулагч Мексик улсын шигшээ Өмнөд Африкийн багтай тоглоно. Нийт 83 мянган үзэгчийн суудалтай энэ байгууламж Латин Америкийн хамгийн том цэнгэлдэхээс гадна олон улсын спортын хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн талбайн нэг хэвээр байна. Энэ цэнгэлдэх 1970, 1986 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтыг хүлээн авч, Бразил, Аргентин тус тус аваргын цом өргөж байжээ. Хөлбөмбөгийн домог Пеле, Марадона дэлхийн аварга болж байсан цорын ганц түүхэн газар юм.

2. Guadalajara цэнгэлдэх хүрээлэн

Гвадалаха́ра хот нь Мексикийн хөлбөмбөгийн ариун дагшин өлгий нутгуудын нэг бөгөөд энэ хотын өдөр тутмын амьдрал спорттой салшгүй холбоотой. Галт уулыг илэрхийлсэн цомбон хэлбэр, орчин үеийн дизайн бүхий уг цэнгэлдэх хүрээлэн 48 мянган суудалтай. Энд дэлхийн аваргын дөрвөн тоглолт болно.

2010 онд байгуулагдсан энэ байгууламж маш богино хугацаанд Мексикийн хөлбөмбөгийн гол талбайнуудын нэг болж, орчин үеийн архитектурыг Мексикийн фенүүдийн эрч хүчтэй уур амьсгалтай уусган зохицолдуулжээ.

2011 онд Пан Америкийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний шийдвэрлэх тоглолт энд болж, Мексикийн хөлбөмбөгийн дээд лиг Liga MX-ийн улирлын аваргын болон шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд тогтмол зохион байгуулагдаж байна.

3. Monterrey цэнгэлдэх

Мексикийн хойд хэсгийн уулын хормойд сүндэрлэн боссон Monterrey цэнгэлдэх хүрээлэн (53500 үзэгчийн багтаамжтай) харагдах байдлаараа Америк тивийн хөлбөмбөгийн хамгийн гайхалтай цогцолборуудын нэгд тооцогддог. 2015 онд нээгдсэн энэ цэнгэлдэх хүрээлэн тус улсын хөлбөмбөгт архитекторын шинэ эрин авчирчээ. Дэлхийн аваргын үеэр уг цэнгэлдэхэд дөрвөн тоглолт болно.

Стадионы нээлттэй орой нь гадна сүндэрлэх Cerro de la Silla уулсыг тодотгон харуулж, 2026 оны дэлхийн аварга болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хамгийн үзүүштэй орчны нэгийг тус цэнгэлдэх бүрдүүлж байна.

4. Toronto цэнгэлдэх хүрээлэн

Канад улсын хамгийн том хот Торонто энэ сарын 12-оос долдугаар сарын 3-нд зургаан тэмцээн зохион байгуулна. Хотын эргийн бүсэд байрладаг энэ стадионыг өргөжүүлж, 45000 үзэгч хүлээн авах боломжтой болгожээ. 2007 онд Канад улсын хөлбөмбөгийн анхны тусгай зориулалттай цэнгэлдэх хүрээлэн болж нээгдэж байсан бол одоо тус улсын мэргэжлийн хөл бөмбөгийн Торонто болон Торонто Аргонавтс клубуудын тоглолтуудыг хүлээн авч байна.

5. Vancouver цэнгэлдэх хүрээлэн

Канад улсын баруун эрэгт байрлах Ванкувер цэнгэлдэх хүрээлэнг хотын завгүй амьдрал өрнөсөн хорооллын зүрхэн хэсэгт, тэнгэр баганадсан барилгуудын дэргэд байгуулсан. Нийт 54 мянган хүний суудалтай энэ байгууламжид дэлхийн аваргын долоон тоглолт явагдах учир хамгийн “хөл хөдөлгөөнтэй” цэнгэлдэхийн нэг болох аж.

1983 онд байгуулагдаж, 2010 оны өвлийн олимпын өмнө шинэчлэгдсэн энэхүү цэнгэлдэх хүрээлэн 2015 оны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-аас гадна Канадын соёл, спортын хамгийн том үйл ажиллагаануудыг хүлээж авдаг.

6. Seattle цэнгэлдэх хүрээлэн

Нийт 69 мянган хүний суудалтай Сиэтл цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн болон хасагдах шатны зэрэг зургаан тоглолт болно. 2002 онд нээлтээ хийсэн энэ цэнгэлдэх эгц өндөр суудал, шуугиан ихтэй үзэгчид болон үзэгчдийн дуу чимээг тусгаарлах нуман хийцийн дээврээрээ алдартай.

7. Levi’s цэнгэлдэх хүрээлэн

Олон улсын нэршлээрээ the San Francisco Bay Area Stadium нь Цахиурын хөндийн төвд байрладаг. 2014 онд нээлтээ хийсэн энэ цэнгэлдэх хүрээлэн архитектур болон шинэлэг дэд бүтцээрээ олны танил болжээ.

Нэг дор 71 000 фанат хүлээж авах багтаамжтай энэ талбайд хэсгийн болон хасагдах шатны гэх мэт зургаан тоглолт болно. “The San Francisco 49ers” багийн энэ талбайд the Super Bowl, Copa America Centenario гэх мэт томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байжээ.

8. Los Angeles  цэнгэлдэх хүрээлэн

Дэвшилтэт технологийг 70 мянган үзэгчийн суудалтай хослуулсан тус цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн тоглолтоос гадна шөвгийн найм хүртэлх найман тоглолт болох тул АНУ дахь хамгийн ачаалалтай цэнгэлдэхийн  нэг болох юм.

Аварга том дэлгэц, дотоод болон гадаад дизайнаараа алдартай учир дэлхийн хамгийн их танигдсан цэнгэлэдхийн нэгд тооцогддог. Энэ зуны ДАШТ-ий дараа 2028 оны зуны олимпын нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулна.

9. Houston  цэнгэлдэх хүрээлэн

Техас мужийн Хьюстон хотын эл цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд Копа Америкагийн 100 жилийн ойд зориулсан тусгай тоглолт, CONCACAF- шигшээ багуудын дунд зохиогддог Алтан цом, шигшээ багуудын тоглолт болж байсан.

2002 онд нээлтээ хийсэн 72 мянган хүний суудалтай энэ цэнгэлдэхэд  долоон тоглолт явуулахаар төлөвлөсөн байна.

10. Dallas цэнгэлдэх хүрээлэн

Нийт 94 мянган хүний суудалтай, дэлхийн спортын хамгийн том, хүлээн зөвшөөрөгдсөн талбайн нэг. 2009 онд ашиглалтанд орсон. ДАШТ-ий хагас шигшээгийн нэг тоглолтыг оролцуулаад нийт есөн тоглолт болно.

11. Kansas City цэнгэлдэх хүрээлэн

1972 онд нээгдсэн. 73000 үзэгч хүлээн авах боломжтой тус цэнгэлдэх хүрээлэн Америкийн хөлбөмбөгийн хамгийн алдартай талбайн нэг хэвээр байна. АНУ-ын  хамгийн алдартай Kansas City Chiefs  багийн төрөлх цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн болон хасагдах шатны зэрэг зургаан тоглолт болно.

12. Atlanta цэнгэлдэх хүрээлэн

2017 онд нээлтээ хийсэн. 75 000 үзэгчийн хүчин чадалтай. The Atlanta Falcons, Atlanta United FC багуудын энэ талбай олон улсын болон аваргын тоглолтууд хүлээн авч байсан түүхтэй. Энэ удаад хасагдах шатны тоглолтуудаас гадна хагас шигшээгийн нэг тоглолт бүхий найман тоглолт явагдана.

13. Miami цэнгэлдэх хүрээлэн

1987 онд нээлтээ хийсэн. Копа Америка болон КОНКАКАФ-ийн Алтан цом, Европын шилдэг клубуудын нөхөрсөг тоглолтууд гэх мэт олон тоглолтыг талбайдаа хүлээн авч байсан. 65000 хүний суудалтай.  ДАШТ-ий хасагдах шат болон шөвгийн найм, долдугаар сарын 19-ний хүрэл медалийн төлөөх тоглолтуудыг зохион байгуулна.

14. Philadelphia  цэнгэлдэх хүрээлэн

2003 онд ашиглалтанд орсон. 69000 фанатын суудалтай. Копа Америкагийн 100 жилийн ойд зориулсан тусгай болон олон улсын бусад том тоглолт энэ цэнгэлдэх хүрээлэнд болж байсан. NFL-ийн Philadelphia Eagles багийн тус стадионд нийт зургаан “тулаан” болно.

15. Boston цэнгэлдэх хүрээлэн

2002 онд нээгдсэн тус цэнгэлдэх нь 65000 хүний суудалтай. 20 гаруй жилийн турш  хөлбөмбөгийн олон улсын томоохон тоглолт болж байсан. ДАШТ-ий хасагдах шат, хагас шигшээгийн зэрэг долоон тоглолтыг хүлээж авна өрнөнө.

16. New York New Jersey  цэнгэлдэх

Нью-Йорк хотын захад байдаг энэхүү цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хамгийн олон үзэгчтэй энэ спортын наадмын 2026 оны сүүлийн тоглолт долдугаар сарын 19-нд болж, аваргыг тодруулна.

2010 онд нээлтээ хийсэн тус цэнгэлдэх 82500 үзэгч хүлээн авах чадалтай, АНУ-ын спортын хамгийн том байгууламжийн нэг юм. The Super Bowl гэх мэт спорт болон урлагийн гол арга хэмжээнүүдийн тайз болж байсан түүхтэй.

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy