Таны хүсэж мөрөөдсөн шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө бид дуугарсаар байх болно
Эрчим хүчний салбарын инженер, том төлөөлөл Радийн Ганжуур тэнгэрт дэвшжээ. Хүний амьдрал, хорвоогийн зүй тогтол үнэхээр таашгүй юм. Би түүнийг хэдхэн хоногийн өмнө Эрчим хүчний яаманд болсон холбоодын уулзалт, Дулааны 3, 4-р станц дээр өрнөсөн үйл явдлуудаас харж, манай хүн онцлон ярьдаг асуудлуудаа яриад явж байна даа гэж бодож байлаа. Гэтэл ганцхан хоногийн дараа бурхны орон руу явсан харуусам мэдээ сонсов.
Р. Ганжуур бол амьдралынхаа эцсийн мөч хүртэл эрчим хүчний салбарынхаа төлөө санаа зовж, зүтгэсэн ясны инженер хүн. Өндөр насны тэтгэвэрт гарсан ч салбарынхаа асуудлыг бодлого тодорхойлогчид, олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулахын төлөө өөрийгөө умартан зүтгэж явсан даа. Үүнийг би олон зүйлээс мэднэ, дэргэдээс нь ч харж байлаа. Монгол Улсын төрийн мэдэлд 100 хувь үлдсэн ганц салбар бол эрчим хүч. Тиймээс энэ салбарт төрийн гар дэндүү их хүрч, салбарын хөгжлийг боомилж, зах зээлийн жамаараа явах ёстой үнэ тарифыг хязгаарлаж ирсэн билээ.
Улс орны хөгжлийн суурь гэгддэг салбарыг улстөржүүлж, дампуурлын ирмэгт авчирч, салбарын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын гал цогийг унтраахад хүргэж буй асуудлыг Р.Ганжуур дарга зоригтой дэлгэн тавьж ярьдаг байлаа. Тийм учраас манай “Energy Mongolia” сэтгүүлийн зорилго чиглэл, агуулгын өнцөг түүнийхтэй санал нэгддэг байсан юм.
Биднийг 2023 онд “Mongolian Economy сэтгүүлийн дэргэд “Energy Mongolia” сэтгүүлээ үүсгэн байгуулж, анхны дугаараа “Эрчим хүчний салбараа аваръя” хэмээн уриалан гаргаж байхад хамгийн их баярлаж, дэмжсэн хүн бол Р. Ганжуур дарга. Манай редакц дээр анхны дугаарыг маань барьчихсан гүйн ирж, баяр хүргэж, амжилт хүссэн билээ. “Бэхээ, чи манай салбарын яг эмзэг сэдвээр агуулгаа гаргажээ” гэсээр орж ирсэн нь санаанд тодхон байна. Манай сэтгүүлчид хүртэл урам өгч, “Шантарч л болохгүй шүү” хэмээн захиж байсан юм даг.
Тэрбээр манай мэдээ, пост бүрийг үргэлж шэйрлэж, ийм сайхан сэтгүүл шинээр гарлаа, дэмжээрэй, захиалаарай гэж салбарынхандаа уриалан дуудаж байсан нь бидэнд үнэхээрийн том дэмжлэг болсон. Ер нь Р.Ганжуур даргын сэтгүүл юм биш үү дээ гэсэн сэтгэгдлийг төртөл бидний бүх л контентыг шэйрлэж, дор нь сэтгэгдэл бичиж, биднийг байнга магтдаг байв. Сүүлдээ манай редакцын сайн дурын гишүүн боллоо.
“Эрчим хүчний салбараа аваръя” контентыг эхлүүлснээс хойш манай редакцид байнга зочилж, бидэнтэй ярилцана, санаа оноогоо хуваалцана. Р.Ганжуур даргаас эхлээд эрчим хүчний салбарын эрдэмтэн доктор, инженер техникийн ажилтнууд, Хөдөлмөрийн баатар, ахмад инженерүүд манай оффист ирдэг, ярилцдаг, ярилцлага мэдээлэл өгдөг болов. Зарим өдөр утасдаж ямар хүн ирснийг асууна, салбарынхныгаа редакцид ирснийг сонсоод баярладаг байсан. “За тэр ирсэн үү, юу гэж ярьж байна, мань хүн ч тэр асуудлыг түлхүү ярина”. Эсвэл тэр ирсэн үү, харин тэр хэт нэг тал руу хэлбийж ярьдаг хүн дээ” гэнэ.
“Ах нь тэтгэвэрт гараад л салбарынхаа талаар зоригтой ярьдаг болсон. Тэтгэврийн хүнийг яах вэ дээ, ажлаас хална, торгоно гэх юм биш. Монгол Улс ардчилсан замналаар замнаад 35 жил болж байгаа ч эрчим хүч төрийн мэдэлд байсаар байгаа болохоор салбарын залуус зоригтой дуугарч чаддаггүй. Аргагүй, ажлаас нь халчихна шүү дээ” гэж билээ. Энэ бол үнэн.
Өнөөдөр эрчим хүчний салбарын хүнд хэцүү байдлыг, улстөрийн гар оролцоод байгааг Ганжуур дарга тэргүүтэй хэдэн тэтгэврийн хүмүүс л амаа залхтал ярьсаар байна шүү дээ. Нэг гол төлөөлөл нь ийн тэнгэрийн орон руу явлаа. Харин салбар нь өөрчлөгдөөгүй хэвээр, улам л уруудсаар.
2024 оны эхээр манай сэтгүүл салбарын холбоодтой хамтран “Эрчим хүчний салбараа аваръя” арга хэмжээг хийхээр төлөвлөж эхлэхэд Р.Ганжуур дарга мөн л хамгийн түрүүнд дэмжиж, инженерүүдээ уриалсан юм. Эрчим хүчний гол холбоодын тэргүүн, удирдлагууд манай редакцид цуглаж ажил төрлөө ярилцана. Нэг салбарт ажиллаж, ажил амьдралиа зориулсан хүмүүс бие биенээ хөөрхөн явуулж хөгжилдөнө. Бид ажлаа ийн явуулж байх хооронд улс оронд хэдийн парламентын сонгуулийн уур амьсгал орж, эрчим хүчний салбарыг аврах манатай улс төрийн үйл явдлууд өрнөв. Тийм учраас бид УИХ-ын сонгуулийн дараа ажлаа үргэлжлүүлэхээр болсон юм.
Харин 2024 оны парламентын сонгуулийн дараа Монголын төр засаг анх удаа эрчим хүчинд анхаарч, салбарыг хариуцсан Шадар сайдыг томилж, УИХ дээр Эрчим хүчний шинэчлэл реформын үндэсний хороог байгуулж эхлэхэд бид ажил явах нь, харзная гэсэн байдлаар хандсан юм.
Өнөөдөр 2026 он, эрчим хүчний реформ хэр ахицтай байна вэ? УИХ дахь Эрчим хүчний үндэсний хороог татан буулгаснаас өөр юу хийсэн юм бол. Харин Р.Ганжуур дарга маань л шантарсангүй, телевиз, сонин хэвлэлээр ярьсаар, ажлаа үргэлжлүүлсээр байсан юм. Түүний байнгын ярьж, дэвшүүлдэг асуудал бол нэгдүгээрт, цахилгаан, дулааны үнэ тарифыг өртөгт нь хүргэж, эрчим хүчний үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах, хоёрдугаарт, үйлдвэрүүдийн хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ станцууд барих, гуравдугаарт, Эрчим хүчний зохицуулах хороог УИХ-ын дэргэд ажиллуулах байсан юм.
Тэрбээр 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталж, эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд нийцүүлж байх үед Эрчим хүчний зохицуулах хорооны анхны даргаар томилогдсон юм. Эрчим хүчний бүхий л бодлого, төлөвлөгөө, зохицуулалт, мөнгө санхүү нэг тогоонд эргэлдэж байсныг болиулж, эрчим хүчний үйлдвэрүүдэд зөвшөөрөл олгож, үнэ тарифыг батлан хянаж ажиллах үүрэгтэй эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдсан.
Шинэ тутам байгууллага, шинэ тутам бодлогын хэрэгжилтийг хангаж, үндэс суурийг зөв тавьж ажиллахад тэр өөрийн амьдралын ухамсарт жилүүдийг зориулсан даа. Тэрбээр эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчмаар явуулах оролдлогыг хэдэнтээ хийсэн ч төр өөрийн мэдлийн салбарыг тийм ч амархан тавиад явуулахыг хүсээгүй юм. Тиймээс эрчим хүчний салбар өнөөдөр зах зээлийнхээ жамаар хөгжөөгүй ганц салбар болон үлдэж, улстөрчид ч тус салбарыг улстөрийн ашиг хонжоогоор харж ирсэн нь нууц биш.
Р.Ганжуур дарга миний хувьд хүндэтгэн харилцдаг хүн байсан юм. Бид эртний танил. Намайг эрчим хүчний чиглэлээр мэргэшин бичихэд минь ихэд нөлөөлсөн хүний нэг. 2001 оноос би Р.Ганжуур даргатай танилцаж, Эрчим хүчний зохицуулах хороог хариуцан ажилладаг “Өнөөдөр” сонины сэтгүүлч байлаа. Нэг өдөр Р.Ганжуур дарга өрөөндөө намайг дуудахаар нь яваад очтол “Бэхээ, чи манай салбарын менежерүүдийн тухай ном бич. Би номонд хэн хэн орохыг хэлж өгөөд холбоё” гэснээр миний анхны “Шинэ цагийн эрчим хүчний менежерүүд” ном маань 2007 онд бүтсэн юм. Номоо гар дээрээ аваад хоёулаа хачин их баярлаж билээ.
Манай хүн менежерүүд рүүгээ шууд утас цохиж, ном бэлэн болсон, номоо аваарай гэж баяртай нь аргагүй ярьж байсныг би тод санаж байна. Хоёр жилийн өмнө энэ номоо дахин шинэчлэн хэвлэх яриа бидний дунд өрнөхөд “Миний оролцоо гэж юу байх вэ, чи л бичсэн шүү дээ. Шинэ хэвлэлт дээрээ миний нэрийг авчихаарай” гэж билээ. Энэ номоор эрчим хүчний салбар ямар хүнд байдалд байгааг, мөн хүнд хэцүү цагт салбарын удирдлага, менежерүүд хэрхэн үнэнчээр ажиллаж, улс орны гал голомт болсон салбарыг авч ирснийг харуулахыг зорьсон юм.
Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хичээн зүтгэж, сэтгэл юугаан зориулж, эцсийн амьсгаагаа татах хүртлээ салбараа бодон явсан хүний тухай ийн товч бичиж, зул өргөе.
Та минь эх орныхоо зөөлөн хөрсөнд амар тайван нойрс доо. Таны эрчим хүчний салбар дахь хүсэж мөрөөдсөн шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө бид дуугарсаар байх болно.
“Energy Mongolia” сэтгүүлийн Эрхлэгч, сэтгүүлч Д.Бэхбаяр
