Татварын хуулийн реформын эргэн тойронд
УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлснээр татвар, эдийн засгийн бодлогын томоохон реформуудыг хэлэлцэж эхэллээ. Тэр дундаа татварын багц хуулийн шинэчлэлийн талаар бизнесийн салбарынхан “чих тавин” сонирхож, нийгэмд ч хүлээлт үүсээд буй. Одоогийн татварын тогтолцоо тодорхой хэмжээнд тогтвортой явж ирсэн ч бизнесүүдийг татварын аль нэг босго дээр “гацаах”, орлогоо нуух, тараан байршуулах, зориуд жижиг, дунд ангилалд үлдэхэд хүргэдэг нь нууц биш билээ. Тиймээс энэ удаагийн хуулийн шинэчлэлийн гол зорилго нь татварын дарамтыг багасгах, шатлал болон хөнгөлөлтийн бүтцийг өөрчлөх замаар эдийн засгийн ил тод байдлыг хангах, бизнесийн өсөлттэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн гэж хууль санаачлагчид мэдээлж буй.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын хамгийн том өөрчлөлт нь 15 хувийн шатлалыг нэмж оруулах явдал юм. Одоогийн хуулиар зургаан тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлдөг, түүнээс дээш бол шууд 25 хувь руу шилждэг “огцом үсрэлттэй”. Энэ нь бизнесүүдийг зориуд зургаан тэрбумын босгонд тулж үлдэх, орлогоо тараан бүртгэх, эсвэл албан бус хэлбэр лүү шилжихэд хүргэдэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Харин шинэ хуулийн төсөлд 6-10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн завсрын шатлал нэмж оруулснаар “огцом үсрэлт”-ийг зөөллөж, бизнесийн өсөлтийг сааруулахгүй байх ач холбогдолтой гэж үзэж буй.
Түүнчлэн жижиг, дунд бизнесийг дэмжих хөнгөлөлтийн бодлого илүү тэлэхээр байна.
Одоогийн хуулиар 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжид 90 хувийн татварын хөнгөлөлт олгодог бол энэ босгыг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа. Нөгөө талдаа нэг хувийн хялбаршуулсан татварын горимын босгыг 50 саяас 400 сая төгрөг хүртэл тэлснээр бичил бизнесүүдийг илүү өргөн хүрээнд хамруулахаар байна. Энэ нь татварын баазыг өргөжүүлэх, далд эдийн засгийг бууруулахад чиглэсэн бодлогын өөрчлөлт юм.

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын хувьд мөн адил орлогын түвшинд суурилсан илүү ялгамжтай, нийгмийн чиг баримжаатай өөрчлөлтүүд яригдаж байна. Одоогийн шатлал 10, 15, 20 хувь хэвээр хадгалагдах боловч бага орлоготой иргэдэд илүү өндөр хөнгөлөлт үзүүлэх, тодорхой босго хүртэл татвараас чөлөөлөх саналыг хэлэлцэх гэж буй нь татварын бодлогыг зөвхөн орлого төвлөрүүлэх хэрэгсэл бус, орлогын тэгш бус байдлыг бууруулах механизм болгон ашиглах оролдлого юм. Энэ нь татварын системийг илүү “нийгмийн” шинжтэй болгож байгаа ч нөгөө талдаа төсвийн орлогын тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан асуудал хэвээр байна.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хүрээнд буцаан олголтын тогтолцоог шаталсан хэлбэрт оруулах санал дэвшүүлж байгаа нь мөн онцлох өөрчлөлт юм. Өдгөө НӨАТ-ын буцаан олголт харьцангуй жигд байгаа бол шинэ саналд хэрэглээний түвшингээс хамаарч 100, 50, 20 хувийн ялгамжтай буцаан олгох боломжийг оруулахаар хэлэлцэж байна.
Тодруулбал, сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувь, 500 мянгаас нэг сая төгрөгт 50 хувь, нэг саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгажээ.
Энэ нь бага хэрэглээтэй, орлого багатай иргэдэд илүү өндөр буцаалт олгож, харин өндөр хэрэглээтэй бүлэгт харьцангуй бага урамшуулал өгөх замаар татварын бодлогыг дахин хуваарилалтын хэрэгсэл болгон ашиглах оролдлого юм. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдэд түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг шийдэх, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч “агент” үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа аж.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ, ХХОАТ-ыг хоёр их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайг бууруулахаар тооцсон хэмээн Сангийн яам мэдээлсэн.
Мөн Татварын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтүүдийн хүрээнд татварын өр төлөлтийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, шууд албадлагын арга хэмжээг багасгах, татвар төлөгчдөд тодорхой хугацаанд өрөө төлөх боломж олгох зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Одоогийн тогтолцоонд татварын өр үүссэн тохиолдолд данс битүүмжлэх, үйл ажиллагааг шууд зогсоох зэрэг хатуу арга хэмжээ авах нь түгээмэл байсан бол санал болгож буй шинэчлэл нь бизнесийг шууд “шийтгэх” бус, төлбөрийн чадварыг нь хадгалж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Тухайлбал, өртэй аж ахуйн нэгжийн дансанд ирээдүйд орох орлогын 20 хувийг битүүмжлэхгүй үлдээх, татварын тайлан залруулах хугацааг хоёр жил болгон сунгах зэрэг зохицуулалт багтжээ.
