Тодорхойгүй хугацаагаар хаасан

Mongolian Economy
2022-03-21 13:04:53
Ангилал: Дэлхий 2022

БНХАУ 2022 онд хилээ бараг нээхгүй

Халдварыг тэг байлгах бодлогоо 2022 онд зөөлрүүлэх байх гэж БНХАУ-ын хамгийн алдартай эрдэмтдийн нэг 2021 оны долдугаар сард мэдэгдсэн. Шинжлэх ухаанд суурилсан, бодитой дүн шинжилгээ зэргээрээ Жо Байдены эрүүл мэндийн зөвлөх Энтони Фаучитай зүйрлэгдэж буй Жан Вэнхун энэ үгийнхээ төлөө цахим орчинд маш их шүүмжлүүлэв. БНХАУ-ын эрүүл мэндийн сайд асан (үндсэн мэргэжил нь санхүүч) одоогийн хориг арга хэмжээг зөөллөнө гэсэнд гайхаж буй тухай нийтлэл төрийн хэвлэлд гарав. Ковид-19-ийн халдварыг бүрэн зогсоох нь Коммунист намын хамгийн гол зорилго юм. Халдварын тохиолдлыг тэг байлгах бодлого баримталж буй дэлхийн сүүлчийн том гүрэн бол БНХАУ.

Ганцхан тохиолдол илрэхэд тухайн хотод хөл хорио тогтоож, иргэдийг нь шинжилгээнд хамруулдаг. Дүүрэгт нь цөөн тохиолдол илрэхэд л удирдлагыг нь халж байв. Гадны иргэдийг бараг оруулалгүй, ирсэн хэдийг нь зочид буудалд багадаа 14 хоног тусгаарлаж байна. Халдваргүй байгаад БНХАУ-ын ихэнх иргэн дуртай байна. Иймээс хил нээх нь намын хувьд бүр хэцүү. Дельта хувилбар бусад улсад хүчтэй тархахад ковидтой дасан зохицож амьдрах нь аюултай гэсэн итгэл үнэмшил Хятадын удирдагчдад бат суусан.

Хятадын авторитар тогтолцоо вирусийн тархалтыг амжилттай тогтоож чадсан талаар тус улсын суртал ухуулгын машин олон сар сайрхав.

Гэвч хатуу хөл хорио хэр удаан үргэлжлэхийг Хятадын зарим шилдэг эрдэмтэн лавласан ч Засгийн газар нь эл бодлогоо орхих шинж харуулаагүй. Байр сууриасаа буцахад их хугацаа шаардагдахаас гадна ичгэвтэр үйлдэл болно. Вирустэй амьдарч сурах нь Коммунист намын хэлж байсан шиг аймаар биш гэдгийг хүмүүст ойлгуулах амаргүй. Хаалттай хэвээр байх нь Хятадын хувьд ямар ч улсаас илүү хялбар: экспортод нь бараг нөлөөлсөнгүй, гадаадын шууд  хөрөнгө оруулалт цар тахлын өмнөхөөс ч өндөр байна.

2022 оны турш биш гэхэд ихэнхэд нь хатуу хөл хорионы дэглэм үргэлжилнэ. Хатуу хязгаарлалт оны эхний хагас хүртэл үргэлжилнэ гэж тооцож буйгаа Хятадын агаарын тээврийн компаниуд илэрхийлсэн. Коммунист намын хувьд Ковид-19-ийн улмаас тасалдуулж болохгүй хэдэн чухал үйл явдал 2022 онд болно. Хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп эхэлж, дараа нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын чуулган болно. 2022 оны сүүлчээр болох Коммунист намын их хурлаар Ши Жиньпиний эрх мэдлийг дахин таван жилээр сунгана. Тэр бүү хэл хилийн хоригийг 2023 оны гуравдугаар сард болох дараагийн чуулган хүртэл сунгаж магадгүй гэж Америкийн Council for Foreign Relations тинк-танкийн Хуан Яньзун хэлэв…

 

Дэлгэрэнгүй анализ, мэдээллийг “Дэлхий 2022” сэтгүүлээс:

  • Сэтгүүл захиалах холбоос https://rfr.bz/f288kpg
  • Редакциар буюу94092904, 70115477, 80100390 утсаар (хүргэлт үнэгүй),
  • “Mongolian Economy” сэтгүүлийн фэйсбүүк хуудсаар 
  • Номын дэлгүүрүүдээр

“Дэлхий 2022” сэтгүүл нь 21 секц бүхий 150 нийтлэл, 81 улсын 15 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд болон 2022 оны хуанлигаас бүрдсэн 176 нүүр бөгөөд жилийн туршид уншигч таны ширээн дээр байх болно.

 

 

Mongolian Economy