Трамп–Ши уулзалтаас юуг хүлээх вэ

Mongolian Economy
2026-05-13 16:37:18
Ангилал: Дэлхий дахинд

Хэдэн долоо хоног хойшилсны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт маргааш Бээжин хотноо эхэлнэ.

Ингэснээр 2017 оны арваннэгдүгээр сараас хойш АНУ-ын Ерөнхийлөгч анх удаа БНХАУ-д айлчлал хийх юм. Тухайн жилд Д.Трамп тус улсад айлчилж байсан билээ. Мэдээж хоёр улсын төрийн тэргүүн сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа уулзаж ярилцаж байв. Хамгийн сүүлд, 2025 онд БНСУ-ын Бусан хотод болсон уулзалтаар Хятадын бараанд ногдох АНУ-ын тарифыг 57-оос 47 хувь болгон бууруулах шийдэлд хүрч байсан.

Харин маргааш эхлэх уулзалтаар дараах зургаан асуудал Д.Трамп, Ши Жиньпиний хэлэлцэх гол цэгүүд байх хүлээлттэй байна.

Зохицуулалттай худалдаа, “Худалдааны зөвлөл” байгуулах санаачилга

Хоёр улсын худалдааг илүү бүтэцжүүлж, институцчилсан хэлбэрт шилжүүлэхийг АНУ зорьж буй. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир “Худалдааны зөвлөл” (Board of Trade) байгуулах саналыг дэвшүүлээд байгаа бөгөөд энэ нь хоёр улсын худалдааны урсгалыг илүү тэнцвэржүүлэх, импорт, экспортын тэргүүлэх бараа бүтээгдэхүүнийг тодорхойлох зорилготой. Энэ нь тарифын түр зуурын, нөхцөлт арга хэмжээнээс татгалзаж, худалдааны алдагдлыг удирдах илүү тогтвортой, дүрэмд суурилсан механизмыг бүрдүүлэхэд чиглэж байна.

Стратегийн түүхий эд, томоохон арилжааны хэлцлүүд

АНУ-ын зүгээс ховор болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмал тогтвортой худалдан авах боломжоо хадгалахыг хичээнэ. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ эдгээр ашигт малтмалын нөөцөөр давамгайлж буй нь АНУ-ын үйлдвэрлэл, өндөр технологийн салбарт шууд нөлөө үзүүлдэг.

Үүний зэрэгцээ томоохон худалдааны хэлцлүүд яригдана. Тухайлбал, Хятадын тал 500 ширхэг Boeing онгоц худалдан авах, мөн АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг үргэлжлүүлэх асуудал багтаж байна. Эдгээр нь зөвхөн худалдааны биш, улс төр-эдийн засгийн итгэлцлийг бэхжүүлэх дохио болох ач холбогдолтой.

Хөрөнгө оруулалтын хязгаарлалт, зах зээлийн хүртээмж

БНХАУ-ын хувьд нэг гол зорилт нь АНУ-ын зохицуулалтын дарамт, хөрөнгө оруулалтын хязгаарлалтаас компаниудаа хамгаалах явдал юм. Ялангуяа хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологийн салбарт АНУ хязгаарлалтаа чангатгаж буй нь БНХАУ-ын стратегийн ашиг сонирхолд шууд нөлөөлж байна.

Мөн Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн АНУ-ын зах зээлд нэвтрэх асуудал яригдана. Тухайлбал, цахилгаан автомашины салбарт дэлхийд тэргүүлэгч болсон BYD компанийн хувьд АНУ-ын зах зээлд нэвтрэх нь чухал асуудал болж байна.

Д.Трамп энэ оны эхэнд Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд зах зээлээ нээх боломжийг үгүйсгээгүй ч сүүлийн өдрүүдэд АНУ-ын хууль тогтоогчид дотоодын авто үйлдвэрлэлийн салбарт учрах өрсөлдөөний эрсдэлийг онцлон, ийм алхамд болгоомжтой хандахыг анхааруулж буй.

Аюулгүй байдал, стратегийн эмзэг асуудлууд

Хэдийгээр уулзалтын үндсэн чиглэл нь эдийн засаг байх ч Тайвань зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хөндөгдөж магадгүй.

Хоёр удирдагч хоёрдугаар сард утсаар ярих үеэр Ши Жиньпин “Тайванийн асуудал бол Хятад-АНУ-ын харилцааны хамгийн чухал сэдэв” гэдгийг онцолж, АНУ-ыг Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд болгоомжтой хандахыг уриалсан билээ.

Цөмийн зэвсгийн хяналт, стратегийн тогтвортой байдал

АНУ-ОХУ-ын хоорондын цөмийн зэвсгийн хяналтын хүчин төгөлдөр хэлэлцээрүүд нь өнөөгийн геополитикийн бодит байдлыг бүрэн тусгаж чадахгүй болсон гэж Д.Трамп үзээд БНХАУ-ыг оролцуулсан шинэ хэлэлцээр байгуулах саналыг удаа дараа дэвшүүлж байсан.

Ийм нөхцөлд стратегийн тогтвортой байдал, цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах талаар уулзалтын үеэр яригдах магадлалтай.

Иргэд хоорондын харилцаа

Иргэд хоорондын харилцааг сэргээх, бэхжүүлэх асуудлыг БНХАУ онцлох төлөвтэй байна. Үүнд боловсрол, соёл, бизнесийн солилцоо багтах бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр харилцаа мэдэгдэхүйц суларсан. Энэ чиглэлд ахиц гаргах оролдлого нь хоёр улсын харилцааг зөвхөн худалдаа, эдийн засгийн хүрээнд бус, илүү өргөн суурьтай, тогтвортой болгох зорилготой байх болно.

Эх сурвалж: World Economic Forum

 

Mongolian Economy