Тэдний сонирхол
Монголын импортын зах зээлийн эцэг, эх гэлтэй хөршүүд маань биднийг өрх тусгаарлаж, биеэ даах цаг болсон гэж үзэж буй бололтой. Тэдний “хайр” өдрөөр алсарч хилийн битгий хэл тивийн цаана байх оронтой эдийн засгийн ураг барилцахаар шийдэж. Гэр бүлдээ шинээр элсүүлэхээр санаархаж буй орон нь өрийн дүнгээрээ цойлж буй Грек ажээ.
Хувьчлах замаар өмчлөх нь
Өрийн хямралаас гарахын тулд улсаа “хувьчлан” эдийн засгаа аврах гэж буй Грект оросууд талтай байна. Тухайлбал, тус улсын төмөр замын “Trainose” компанийн хувьцааг урд хөршийн “Russian Railways RZD” компани 100 хувь эзэмших нь гэх яриа тархаад буй. Үүний зэрэгцээ байгалийн хийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч “Gazprom” Грекийн байгалийн хий олборлогч, төрийн өмчит “Depa” компанитай хэлэлцээрийн ширээнд суун “хуучнаа” дурсах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Грекийн талаас дээрх асуудалд нааштай хариу өгсөн төдийгүй “Gazprom”-ийн санаачилгыг дэмжин ажиллах талаар мэдэгдсэн байна.
Оросын Парламентийн дээд танхимын гишүүн Валинтина Матвиенко “Манай Засгийн газар Грекийн эдийн засгийг ихээхэн сонирхож байгаа. Энэ утгаараа миний бие болон тодорхой хэдэн салбарын хөрөнгө оруулагчид эх орноо төлөөлөн тус улсыг зорихоор зэхэж байна” гэжээ. Мөн тэрбээр “Бид тэднээс эд хөрөнгийг нь булаах гэсэнгүй. Харин хүнд нөхцөлд орсон анд, нөхөддөө тусламжийн гараа сунгах чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэх зорилготой” хэмээн онцолсон байна.
Грекийн Засгийн газрын үзэж буйгаар төмөр замын үндэсний компаниа хувьчлах нь тус улсын эдийн засагт 19 тэрбум евро төвлөрүүлэх бөгөөд энэ хэмжээгээрээ өрийн дарамтаас ангижрах аж. Төмөр замын эл хэлэлцээр биелэлээ олвоос ОХУ тус улсад жилд гурван тэрбум хүртэлх еврогийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд ингэснээр Грек Евро-Азийг холбосон төмөр замын сүлжээний нэг хэсэг болж, зорчигдоос гадна бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажээ. “Trainose” төрийн өмчит компани нь нэг жилд 15 сая зорчигч, 4.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд ингэсэн тохиолдолд 148.2 сая еврогийн цэвэр ашигтай ажиллах боломжтой гэнэ. Тус компнийг өнгөрсөн долдугаар сард 30 сая еврогоор үнэлжээ.
Грек төрийн өмчит “Depa” байгалийн хий олборлогч компаниа худалдах шийд гаргасан ч амжилт ололгүй өдийг хүрчээ.
Сүүлийн зургаан жилийн турш эдийн засгийн хүнд байдлаасаа салаагүй Грек улсын хувьд төрийн өмчит комданиудаа хувьчилж, төсвийн алдагдалаа нөхөхөөс өөр зам үлдээгүй аж. Грек төрийн өмчит “Depa” байгалийн хий олборлогч компаниа худалдах шийд гаргасан ч амжилт ололгүй өдийг хүрчээ. “Gazprom”-ийн зүгээс тус компанийг худалдан авах саналаа саяхан ирүүлсэн бөгөөд хэлэлцэх шатанд явж байна. Манай хойд хөрш болон Грек улс нь аялал жуучлалын салбараар дамжуулан загсийн “нөхөрлөл”-ийн эдийн урт түүхтэй.
Өнгөрсөн онд л гэхэд 1.2 сая орос амралтаа Грект өнгөрүүлсэн гэх статистик гарчээ. Түүнчлэн орос жуулчид аяллынхаа туршид дунджаар 1000 евро бэлэг дурсгалын эд зүйлс авахад зарцуулдаг гэсэн тоог нэгтгэвэл Грекийн эдийн засагт шууд орох боломжит мөнгөн дүн асар их болохыг Валинтина Матвиенко онцолсон байна. Иймд хоёр улс визний нөхцөлүүдээ хөнгөвчлөх талаар ярилцан, улмаар Грекийн зорих орос жуулчдын тоог нэмэгдүүлэх хэлэлцэхээр тохирчээ.
Хятад аргаар хөгжих нь
Хямарч яваа Грект туслах хөрөнгө оруулагч цөөн. Харин Хятад аргаар хөгжиж, эдийн засгаа хөлжүүлэх боломж бий гэдгийг урд хөршийн эдийн засагчид төдийгүй хөрөнгө оруулагчид хэлж байна. Хятад аргаар хөгжинө гэж яг юуг хэлдэг вэ гэвэл “Бүх газар бизнесийн боломж бий” гэх зарчмаар ажиллах аж. Өөрөөр хэлбэл, хоосон авдраас хоол олж иднэ гэсэн үг. Тусламжийн гараа сунгасан бүхэнд үүдээ нээхэд бэлэн байгаа Грек улс хөрөнгө оруулалт, хувьчлалын замаар 2015 он гэхэд 50 тэрбум евро босгоно хэмээн тооцоолсон. Гэвч энэ таамаг талаар болж ердөө 11 тэрбум евро босгох боломжтой болсон. Хөгжингүй орнуудаас хөрөнгө ирэхгүй болсон тул хөгжиж буй орнууд руу хандахаас өөр зам тэдэнд үгүй болжээ. Ийм ч учраас Грекийн Ерөнхий сайд Антохис Самарас өнгөрсөн саруудад Хятад тэргүүтэй Азийн орнуудад айлчлал хийн худалдааны “меню” гээ танилцуулах болов. Тус цэсэнд усан боомт, нисэх онгоцны буудлаас эхлээд төрийн өмчит байгууллагууд багтах агаад 250 мянган еврогийн хөрөнгө оруулалтаар иргэншил “худалдан авах” сонголт ч бий аж.
Хятадын төрийн өмчит “Cosco” тээвэр жуучийн компани нь Грекийн Пирей боомтын нэгэн гарцыг сэргээн засварлах, үйл ажиллагааг нь дэмжих үүднээс 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь Грект хямралын жилүүдэд орсон хамгийн том шууд хөрөнгө оруулалт болсон бөгөөд Хятад улсын хувьд Европ руу нэвтрэх “ногоон тасалбар” болсон гэх. “Cosco” компанийн ерөнхий менежер Жанг Анмин “Бид бизнесийн боломж олж харсан. Амжилттай ч явна. Бид Грект хэрэгтэй байгаатай адил Грек ч бидэнд хэрэгтэй” гэв. Пирей боомтын ажилчдын холбооны нарийн бичгийн дарга Гиоргос Гогос “Хятадын бодлого үргэлж амиа хичээсэн байдаг.
Аялал жуучлалаар алдартай Грек улсын боловсролын салбарыг хятадууд “эзлэх” бололтой.
Манай улсын эдийн засгийн эмзэг байдлыг ашиглаж байна. Хэн ч үнэгүй зүйл өгдөггүй, тэр дундаа хятадууд” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна. Хэдийгээр нутгийн иргэдтэй халз “тулалдах” шаардлага Хятадын компаниудад гарч буй ч хоёр улс харилцаагаа өргөтгөх нь тал бүрийн ашигтай аж. Тухайлбал, урд хөршийн зах зээлээр дамжуулан Грек өрсөлдөх чадваргүй болсон экспортын салбараа өөд нь татах боломжтой юм. Жишээлбэл, “Frutop” хэмээх ундаа үйлдвэрлэгч компани өнгөрсөн жил бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд нэвтрүүлснээр экспортоо гурав дахин өсгөсөн байна. Тус компнийн экспорт хариуцсан менежер Эви Морфониди “Грекийн үйлдвэрлэгч компаниудад шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж байгаа. Хятад, зах зээлийн хамрах хүрээгээсээ хамааран, бидний эхний сонголт болж байна. Манай улсын бүтээгдэхүүнийг ч тэд Гэрэл өөд сайшаан хүлээн авах болсон” хэмээн онцолсон.
Мөн тэрбээр Хятадын зах зээлийн Грекийн эдийн засгийг аварна гэдэгт итгэл төгс байгаа аж. Аялал жуучлалаар алдартай Грек улсын боловсролын салбарыг хятадууд “эзлэх” бололтой. Афин хотын хамгийн том гэгдэх “Сионтри” хэлний сургууль 2005 онд Хятад хэлний анги нээжээ. Энэ үед ердөө тавхан оюутан сурч байсан бол өдгөө тус сургуулийн хоёр дахь том хэлний анги болсон байх жишээтэй. Тус ангийн оюутнууд ч “”Хятад хэл сурах нь ирээдүйтэй. Учир нь хоёр жилийн дараа гэхэд бидэнд энд ажил олдохгүй байх эрсдэлтэй. Энэ үед Хятадад очиж ажиллах хэрэгтэй болно” хэмээн ярьцгаадаг ажээ.
Гэрэл өөд
Грекийн Засгийн газар тив дотроо нэр хүндээ алдсан. Харин наран мандах зүгийн орнууд хүнд үед нь ийн “тусалж” байгаад тэд талархаж байна. “Дорнын зүгт ирээдүй арай гэрэлтэй харагдаж байгаа тул грекчүүд тийшээ тэмүүлэх болсон” хэмээн хөршүүдийн эдийн засагчид тайлбарлаж буй. “Эрлэгт явчихаасаа өмнө ийн ухаалаг хийгээд эрсдэлтэй шийд гаргаж байгааг нь үнэлэх хэрэгтэй” хэмээн тэд онцолж байна. Хятадын хувьд Грек Европын холбоонд үг хэлэх эрх эдлэх боломж бол хойд хөршийн төлөвлөгөөнд Евро Азийн худалдааны бүсийг дэд бүтэц, эрчим хүчтэй нь “эзлэх” оролдлого хэмээн буужээ.
“Mongolian Economy” сэтгүүлийн “Зээлээ багасга, өөрсдийн хүчээл улсаа хөгжүүл” дугаараас
2013.10.10
