“Тэнгэр даатгал” 150 сая төгрөгийн мөнгөн тусламж олгоно

Mongolian Economy
2024-01-24 16:51:11
Ангилал:
2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө болсон гамшигт явдал олон монгол хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Үүнд өртсөн иргэдэд иргэд, хувийн хэвшлүүд төрөл бүрийн хэлбэрээр туслахаар сайхан сэтгэлийн гараа сунгацгааж байна. Тухайлбал, Тэнгэр даатгал ХХК-ийн зүгээс 150 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээ саяхан мэдэгдлээ.
“Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар алтан амиа алдсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 3 албан хаагчийн ар гэрт Тэнгэр даатгалаас нийт 150 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэлээ. Эдгээр эрсдэлийн баатрууд нь өөр даатгалын компанид даатгалтай байж магадгүй.
Үүнийг үл харгалзан Тэнгэр Даатгал ХХК-ийн хамт олны зүгээс Монгол улсын эрсдэлийг бууруулахын төлөө мөр зэрэгцэн зүтгэдэг зорилго нэгт гурван анд нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан энэхүү мөнгөн тусламжийг олгохоор болсон.
Эрсэдсэн амийг бид эргээд авчирч чадахгүй ч ирээдүйд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг уг үйл явдал бидэнд батлан харууллаа. Иймд Тэнгэр Даатгалын хамт олноос нийт иргэд, компаниуд, төрийн байгууллагуудыг эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээхийн тулд хамтран зүтгэхийг уриалж байна” хэмээн тус компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Mongolian Economy