Тэрбумаар хэмжигдэх амлалтуудыг эргэн сануулахад
Монгол Улсын Засгийн газар 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлсэн цаг саяхан. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл, эх үүсвэрийн тоо болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг экспортлох ирмүүн зорилготой энэхүү шинэчлэл үнэ тариф нэмсэнээс өөр бодитой үр дүнгүй нэг жил гаруйн хугацааг өнгөрүүлээд байна.
“Эмзэг” эх үүсвэр
Өчигдөр (I.20) өглөө үүрээр Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарснаар нийслэл хот бүхэлдээ биш ч хэсэгчлэн цахилгааны хязгаарлалтад өртөв. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, айл өрхүүд зутарч өнжив. Өвлийн жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд Украин, Монгол хоёр л тоггүй, харанхуй байна гэсэн шүүмжлэл ч онлайн орчинд дэгдээд амжлаа.
Үнэ нэмэх замаар хүмүүсийн нервийг барж эхэлсэн Эрчим хүчний салбарын шинэчлэл хэзээ үр дүнд хүрэх вэ? Уг нь салбар хариуцсан сайд, Шадар сайд нарын амлалт, яриаг сонсвол эрчим хүчний “диваажин”-д хүрэх цаг ойрхон байгаа мэт.
Гэвч бодит байдал дээр шинэчлэл байгаа онож байгаа эсэх нь эргэлзээтэй. Үнэ тариф нэмэх, шинээр эх үүсвэр барих нь шинэчлэлийн зөвхөн нэг тал бөгөөд үүний цаана төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал, менежмент, засаглалыг эрс сайжруулах, үйл ажиллагааны бүтээмжийг инновац ашиглан нэмэгдүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулах, авлигын үр үндсийг тасдах, техник технологийн шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага бий.
“Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж ялангуяа энэ ид хүйтний үед ганц хоёр цаг эрчим хүч хязгаарлаад өнгөрөх биш улс орон, нийслэл, салбар ямар эмзэг, эрсдэлтэй нөхцөл байдалд орсныг хаа хаанаа ойлгож, ТЭЦ-4 -г нэг зуухаар өргөтгөх төслийг дахиж цаг алдахгүй хэрэгжүүлэх шийдвэр гаргаж эхүүлээсэй гэж 1990 -ээд оны үүнээс хүнд үеийг давж гарахад ЭХ-ний тогоонд нь байж хувь нэмэр, авьяас чадвараа дайчлан зүтгэж явсан ахмад энергетик хүний хувьд хүсэж байна” байна хэмээн ТЭЦ-4 цахилгаан станцын захирлаар ажиллаж байсан эрхэм фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Үнэхээр ч Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны 6 мм-ийн зузаантай шугам хоолой, уур халаагч гэмтэхэд л улаанбаатарчууд тог цахилгаангүй болдог “эмзэг” нөхцөл удаан үргэлжилж болохгүй.
Олон амлалтын аль нь хэрэгжих вэ
Монголд төрийн ажил яст мэлхийний хурдаар явдаг, мөн ихээхэн мөнгөн дүн эргэлддэг онцлогтой болоод удаж буй. Эрчим хүчний салбарын шинэчлэл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэрүүд тийм замаар бүү ороосой. Салбарын сайд, Шадар сайд нарын амлалт, гарын үсэг зурсан бичиг баримт бичгүүдийг цахилгаан тасарсан энэ өдөр дахин сануулъя.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд:
– “Арабын Нэгдсэн улсад Ерөнхий сайдыг айлчлах үеэр бид эрчим хүчний олон улсын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчидтай уулзсан. Тэд “Та бүхэн хөрш БНХАУ-тай яриа хэлэлцээр хийгээд явбал бид их хэмжээний, ингэхдээ тус бүрдээ 10 гВт буюу энгийнээр хэлбэл арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Мөн саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Вьетнам улсын Ерөнхийлөгч айлчилсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчид ирж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын компаниуд ч энэ талаар нааштай саналууд хэлж, цаашид ногоон устөрөгчийн чиглэлд хамтарч ажиллая. Монголд үйлдвэрлэлээ байгуулъя гэсэн санал тавьж, гарын үсэг зурсан. Энэ гэрээний давуу тал, ач холбогдол их юм”.
– “Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 29) Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав. Тус компани Дундговь аймагт нийт 2,400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ.
Төслийн гол зорилго нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үр ашигтай ашиглах, үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчийг бүс нутгийн зах зээлд, тэр дундаа БНХАУ-д экспортлох, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулахад оршино.”
– “Улаанбаатар хотод болж буй Европын холбоо-Монголын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форумын үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Хөрөнгө оруулалтын банк (EIB) хоёр 8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагааны хүрээнд Санамж бичиг байгуулав. Үүнээс EIB 4.1 их наяд төгрөг, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) 3.6 их наяд төгрөгийг сэргээгдэх эрчим хүч, ногоон дэд бүтцийн төсөлд чиглүүлэхээ мэдэгдэв. Монгол Улс 2028 он гэхэд эрчим хүчээ 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Үнийн бодлого, хөрөнгө оруулалт гэдэг хоёр том бэрхшээл байсан бол EIB-ийн 4.1 их наяд төгрөг буюу нэг тэрбум еврогийн дэмжлэгээр бид санхүүгийн хаалттай байсан хаалгыг нээлээ”.
– “Баяртай мэдээ дуулгахад Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил хэрэгжээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Энэ хүрээнд томоохон хэмжээний эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхээр Саудын Арабын хөрөнгө оруулагч нартай уулзаж, санал солилцоод хамтарч ажиллахаар болсон.”
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Таван жилийн төлөвлөгөөнд 15.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүдийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тавьсан. Үүнээс гадна Эдийн засаг хөгжлийн яаманд 7 орчим их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилттэй Улаанбаатар хотын хоёр тал руу тус бүр 1гВт авч ирэх дамжуулан түгээх сүлжээний өргөтгөлийн төслийг төсвийн орон зайны бололцоо бага гэдэг агуулгаар энэ төсөл рүү оруулаагүй, УИХ-ын хэлэлцүүлгийн үед нэмж оруулахаар Эдийн засаг хөгжлийн сайдтай тохирч байна. Ингэхээр 22 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.
2027 оны зургадугаар сарын 30 гэхэд төвийн бүсдээ чадлын дутагдлаас гарна.
