Түгжээтэй боловсрол
Монголын хүүхэд залуусын сурах эрх хоёр жилийн турш “түгжигдэв”. Түгжээг тайлах боломжийг эрэлхийлсэн Засгийн газрын шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр танилцуулсан ч олон нийтийн багагүй эсэргүүцэлтэй тулгарлаа. Танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр явуулах нь сурагчдын хичээл хоцрогдлыг арилгах, сургалтын хөтөлбөрийн дагуу зохих мэдлэгийг авах боломжгүй гэж үзэх хүмүүс олон байна.
Танхимын сургалтын ач холбогдлын талаар бид 2021 онд 12-р анги төгсөх гэж буй сурагчид болон энэ жил их сургуулийн нэгдүгээр дамжаа төгссөн оюутнуудын төлөөллөөс товч тодруулга авсан юм.
Хүссэн оноогоо авч чадна гэж бодохгүй байна
Нэгдүгээр сургуулийн төгсөгч С.Е: Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулж өнгөрсөн хавар сургуулиас хэсэг хугацаанд танхимын давтлага өгсөн нь нэг их үр дүнтэй байгаагүй. Би өөрөө гадуур сургалтад хамрагдаж байсан. Харамсалтай нь хөл хорионоос шалтгаалж тэр сургалт ч онлайн болсон.
Шалгалтад бэлдэж байсан ч ЭЕШ-ын хугацаа хойшилж, тов нь хэсэг хугацааны дараа гарсан учраас бэлдэх сонирхолгүй болсон, удахгүй бэлдэж эхлэнэ. Хүссэн оноогоо авч чадна гэж бодохгүй л байна.
Хөл хорионд орж, хичээлдээ явж чадахаа больсноос хойш сэтгэл зүйн хувьд өмнөхөөсөө тайван бус болсон шинж тэмдэг ажиглагдсан.
Онлайн хичээл хэцүү, албадсан байдалтай санагддаг
“Оюунлаг” сургуулийн төгсөгч М.И: Ковидын үеийн онлайн хичээл ер нь ядаргаатай, ойлгомжтой биш. Арай бага цагаар орж байгаа ч гэсэн танхимын хичээлээс хамаагүй хэцүү, албадсан хэв маягтай санагддаг. Танхимын сургалт хамаагүй илүү үр дүнтэй. Хичээлээ ойлгохгүй бол багшаас асууж, ярилцаж, шаардлагатай бол хичээлийн дараа давтлага авч болдог.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хүсэл үнэхээр төрөхгүй байгаа. Эцэг эх, хамаатан садны өндөр хүлээлтэд санаа зовж байна. Бүх л хүүхдүүд 750-аас дээш оноо хүсэж байгаа байх. Би ч ялгаагүй, гэхдээ итгэлтэй биш байна.
Манай сургуулиас ЭЕШ-д зориулж давтлага өгч, өмнөх оны тестүүд дээр ажиллуулж байсан. Би шалгалтад зориулж гадуур өөр сургалт аваагүй. Миний хувьд нэг жилийн завсарлага аваад гадагшаа сургуульд явах бодолтой байгаа.
Голч дүн өмнөхөөсөө буурсан
МУИС-ХЗИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Н.Н: Анх их сургуулийн оюутан болоод, хичээл танхимаар хоёр сар орчим ороход дажгүй байсан. Оюутан болж, олон найз нөхөдтэй болох байх гэтэл хөл хорионд орчихсон.
Цахим хичээлд багш нар нэг их ач холбогдол өгөхгүй байх шиг санагдсан. Номын сан хаалттай байхад багш нар цахимаар олдохгүй, дэлгүүрт байхгүй номноос даалгавар өгөх тохиолдол бий. Номгүй учраас даалгавраа мэдээж хийхгүй, тэгэхээр оноо хасагдана. Өндөржүүлсэн бэлэн байдалд орчихоод байхад хаанаас ч олдохгүй номноос даалгавар өгдгийг ойлгохгүй байна. Голч дүн ч өмнөхөөсөө буурсан.
Би өглөө босоод л хичээлтэй гээд компьютерийн ард суусаар шөнийн 2,3 цаг хүртэл даалгавар, бие даалт хийж, дэлгэц ширтдэг байсан. Үүнээс болоод хараа муудаад нүдний шил зүүдэг, нуруу өвддөг болсон.
Багш нар онлайн хичээлийн үеэр камераа заавал өг гэж шаарддаг, хичээлдээ нэгэнт оролцож байгаа юм чинь микрофоноо өгдөг, камер өгөх эсэх нь миний эрх гэж бодож байна.
Хичээл хоцрогдлыг нөхөхөд маш их бэрхшээлтэй
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн бага ангийн багш М.Нямсүрэн: Хичээл танхимаар болон цахимаар хичээллэх хоорондоо маш их ялгаатай. Танхимаар хичээллэх нь хамаагүй дээр. Бага ангийн хүүхэд телевизээр хичээл үзээд анхаарах, цаашлаад ойлгох нь мэдээж муу.
Ковидоос шалтгаалж хичээлийн программ хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол маш их байгаа. Энэ хоцрогдлыг ирээдүйд нөхөхөд маш их бэрхшээлтэй, цахимаар нөхөх боломжгүй. Илүү цагаар хичээллэх, маш их давтлага, цаг зарцуулж байж нөхөх боломжтой.
Одоо хичээл танхимаар орохгүй бол хүүхдэд маш хүнд тусна. Хүүхдүүдийн хичээл улам хаягдаж байна.
Олон улсын жишээнээс харахад халдварын тоо их, бага байхаас үл хамааран боловсролын байгууллагуудаа ажиллуулах, сурагчдын суралцах эрхийг аль болох хангахыг хичээж байв. Тухайлбал, халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байсан БНЭУ 2021 оны сүүлчээр ерөнхий боловсролын сургуулиудаа нээнэ гэдгээ зарлалаа. Одоогоор тус улсын Гужарат, Харяана, Уттараханд тэргүүтэй 11 муж долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сургуулиа нээгээд байна.
“Хамгийн хүчтэй нь бус, хамгийн сайн дасан зохицож чадсан нь тэсч үлддэг” хувьслын онол бий. Тэгвэл сайн, муугаараа байнга хэлүүлдэг Монголын боловсролын салбар өдгөө яг ийм эргэлтийн цэг дээр ирээд байна. Учир нь цар тахлын гуравдугаар онд өмнөх хоёр жилийн шийдэл, шийдвэр үр дүнгээ өгөхгүй, тэднийг мартаж огт өөрөөр ажиллах ёстой, өөрөөр хэлбэл дасан зохицох хэрэгтэй. Эцэг эхчүүд “ууртай”, сурагчид “ирээдүйгүй” болоод байгааг салбарын удирдах байгууллага ухамсарлаж байгаа гэж найдья. Магадгүй цар тахлын энэ үед ухаалаг, оновчтой, алсаа харсан шийдвэр, төлөвлөгөө гаргаж чадвал энэ салбарын ирээдүйд аандаа тус болно.