Монголын аялал жуулчлалын салбарын ууган эвент болох “Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Энэ жилийн арга хэмжээ “Нээлттэй Өмнөговь” болон “Монголд зочлох жил”-ийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэээс гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, тэдний байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой нэгэн чухал арга хэмжээ бол “Түмэн тэмээний баяр” билээ. Тус арга хэмжээг 1997 оноос “Түмэн тэмээ” тэмээн аяллын холбооноос санаачилж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. “Түмэн тэмээний баяр”нь Монголын аялал жуулчлалын салбарын жил бүрийн хамгийн эхний, томоохон эвент арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 2016 онд 1108 тэмээний уралдаан хийж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Мөн 1990-ээд оноос нэг тавхайг нь 10 мянган төгрөгөөр Хятад руу гаргаж, хэдэн зуугаар нь хуушууранд нядалж байсан тэмээг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, олны анхааралд оруулснаар тэмээнээс олох иргэдийн ашиг нэмэгдсэн юм. Түүнчлэн тэмээний үнэлэмж нэмэгдэж, малчид тэмээгээ хайрлаж, өсгөж үржүүлж, аялал жуулчлалд ашиглаж эхэлснээр аж амьдрал, хүрээлэн буй орчноо “бүтээгдэхүүн” болгож эхэлсэн ихээхэн ач холбогдол, түүхэн өвтэй арга хэмжээ билээ.
Уг арга хэмжээний зохион байгуулагчдаар Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Өмнөговь аймгийн ЗДТГ ажиллаж байна.
Тус үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулъя.