“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг хөгжлийн нүдээр харж, дэмжээсэй

Sarangerel
2024-09-16 16:06:42
Ангилал: Нийгэм

/Завхан аймаг. Эрдэнэхайрхан сум. Улаагчны хар нуур. 2024.07.23/

Би өөрөө Завхан нутгийн харьяат сэтгүүлч л дээ. Гэхдээ Улаагчны хар нуурыг очиж үзээгүй л байсан. Үзнэ дээ гэж явсаар өнөөг хүрчихсэн. Энэ бол аялагчийн үүднээс Хар нуурыг үзэж, амрах хүсэл байв. Харин өнгөрсөн тавдугаар сард Завхан аймгийн Аялал жуулчлалын зөвлөлгөөнд оролцоод Улаагчны хар нуурын тухай илтгэл сонсч, түүнээс хойш нуурыг аялагчийн бус сэтгүүлчийн нүдээр харж эхлэв.

Жил бүрийн зун олны хөлд дарагддаг Хар нуур, Мухартын голд асуудлууд нэлээд байгааг мэдэв. Үзэсгэлэн төгөлдөр энэ газруудыг үзэхээр олон мянган аялагч зорьдог нь асуудал дагуулаад удаж буй тухай сонсов. Олны хөлд байгаль нэрвэгдэж, хогон цэг болж буй тухай, хулгайн загасчид тороо нууранд үлдээгээд бохирдуулж буй тухай, элсэн манхнаас оргилох Мухартын голын ус багасч буй тухай, олны хараанд орохоос өмнө ганцхан замтай байсан энэ газрууд өнөөдөр олон зам салаалан гарч, газрын хөрсийг эвдэлж буй тухай мэдэж авав.

Одоо тэгээд яах вэ?

Завхан аймгаас Улаанбаатар хотноо ирэнгүүт би УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай уулзсан юм. Тэрбээр Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийн санаачлагч. Энэхүү төсөл хэрэгжвэл Хар нуур, Мухартын голын асуудлууд цэгцэрч, аялал жуулчлал жинхэнэ утгаараа Завхан аймагт хөгжих юм байна гэж бодов. Зургадугаар сар гарсан, УИХ-ын сонгууль дөхсөн, Нарантуяа дарга ч орон нутагт дэвшихээр болсон гээд их л ажилтай үед түүнтэй уулзсан. Монгол Улсад өрнөж буй бүх ажил сонгуультай холбогдож, бүгд завгүй үед би нийслэлээс 1100 км-ийн цаана орших үзэсгэлэнт нуурын тухай бодож, ярьж, түүнтэй уулзсан юм даг. Тэрбээр төслийнхөө тухай тайлбарлахаар надад томоо гэгчийн зургууд үзүүлэв. “Би энэ төслийг Завхан нутгийнхаа төлөө чин сэтгэлээсээ хэрэгжүүлье гэж бодсон” хэмээн тэр яриагаа эхлэв. Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ гэж 2 боть зузаан гэгчийн ном үзүүлэв. ТЭЗҮ нь нийт 2025 хуудаснаас бүрдэх бөгөөд 59 бүлэг, 300 дэд бүлэг, 1312 хүснэгт, 501 зураг, 156 график материал бүхий ажилбаруудаас бүрдсэн бичиг баримт болжээ. Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь хамгийн анхны, мега төсөл гэдгийг мэргэжилтнүүд ч онцолсон. 2020 онд хийж бэлэн болгож, Завхан аймгийн ИТХ аар баталчихсан төсөл юм байна.

Тэгээд яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

Ганцхан шалтаантай. Ерөөсөө л намуудын талцал, улстөржилтөөс болоод өнөөг хүртэл хэрэгжихгүй иржээ. “Намайг АН-ын Нарантуяа гэж харалгүй, Завхан аймгийнхаа хөгжлийг бодоод энэхүү төслийг дэмжээд ажиллаач гэж” хэлсэн тухайгаа ч төслийн санаачлагч ярив. Монгол Улс өнгөрсөн 30 жилд яагаад хурдтай, дорвитойхон шиг хөгжөөгүй юм бэ. Ганцхан л шалтгаан бий. Тэр нь улстөржилт. Одоо харин ирэх 30 жилд улс орноо өөд нь татаж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ганцхан зам бий. Тэр нь намуудаар талцаж, улстөржихгүй л байвал улс хөгжинө гэдэг зам. Энэ зам дээр Завхан аймгийнхан ч зогсч байна. Улс төрийн нүдээр бус улс аймгаа, орон нутгаа хөгжүүлэх нүдээр харж чадвал мега байна уу, жижиг байна уу ямар ч төслийг хэрэгжүүлж чадах юм.

Тиймээс “Улаагчны хар нуур-Үндэсний парк” төслийг хөгжлийн нүдээр харж, дэмжиж, энэ бүс нутгийн байгалийн үзэсгэлэнг хадгалж авч үлдэж, хамгаалангаа аялал жуулчлалыг хөгжүүлж, Хөвсгөлийн дараах их урсгалыг татсан аймаг болж, эдийн засгаа тэтгээсэй гэсэн зорилготой энэхүү тусгай дугаарыг хийж байгаа юм.

Бид бодит мэдээлэл авалгүйгээр асуудалд хөнгөн хуумгай ханддаг талтай. Тэгвэл энэхүү дугаараас уг төслийн талаар тодорхой мэдээлэл авч, төсөлд хандах хандлагаа өөрчилж, дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.

Энэ ч үүднээс “Nomadic Mongolia” сэтгүүлийн сэтгүүлчид өнгөрсөн долдугаар сард Улаагчны хар нуурыг зорьсон юм. Бодит байдалтай танилцах, асуудлыг нүдээр харах, орон нутгийнхны санаа бодлыг сонсох зорилго агуулсан томилолт байв. Томилолтын хүрээнд хийсэн ярилцлага, сурвалжлагаа энэхүү дугаараараа уншигчдадаа хүргэж байна. “

“Улаагчны хар нуур-Үндэсний парк” нь зөвхөн Эрдэнэхайрхан бус Завхан аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэмжээний судалгаанд үндэслэсэн бичиг баримт гэдгийг тодотгоё. Мөн зөвхөн Завхан бус, баруун бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах мега төсөл гэдгийг онцлоё.

Төслийн багийнхан ТЭЗҮ-г чин сэтгэлээсээ хийсэн тухайгаа ярьсан. Манай сэтгүүлийн багийнхан ч мөн энэхүү дугаарыг чин сэтгэлээсээ хийлээ.

Эцэст нь энэхүү дугаарыг дэмжиж, хамтран ажилласан Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Завхан аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн З.Нарантуяа нарт талархсанаа илэрхийлье.

 

Ерөнхий Эрхлэгч Д.Бэхбаяр

“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаар 2024.09 сар