Урд хөршид шатахууны үнэ нэмэгдэж эхэллээ

B Shurenchimeg
2026-03-24 16:00:49
Ангилал: Олон улс

2024 оны сүүлч, 2025 оны эхээр буюу геополитикийн нөхцөл байдал харьцангуй нам гүм байх үед манай урд хөрш БНХАУ-ын зах зээлд шатахууны үнэ харьцангуй тогтвортой байв. Тухайлбал, бензиний үнэ литр тутамд дунджаар 7.5-8 юань, дизель түлш 6.6-7.2 юанийн хооронд хэлбэлзэж байсан.

Түүнээс хойш АНУ, Израиль-Иран хоорондын зөрчил хурцдаж, Ойрх Дорнодын орнуудаас гаралтай нефтийн нийлүүлэлт тасалдаж, олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом өсөөд байна.

Үүний нөлөө Хятадын дотоод шатахууны зах зээлд дарамт болж эхэллээ.

Өнөөдөр авсан мэдээллээс үзвэл тус улсад бензиний үнэ тонн тутамд 2205 юань, дизель түлшнийх 2120 юаниар өсөх нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, зах зээлийн жамаар тооцвол шатахууны үнэ ойролцоогоор 20 орчим хувиар өсөх “нөхцөл” үүсээд байв. Харин Бээжин үнийн механизмаа эвдэхгүйгээр “гар удирдлага” хийж, өсөлтийн нөлөөг зөөлрүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн бензиний үнийг тонн тутамд 1160 юань, дизель түлшийг 1115 юаниар нэмэхээр тогтжээ.

Үүний зэрэгцээ Хятадын эрх баригчид нийлүүлэлтийн тогтвортой байдлыг давхар баталгаажуулах бодлого барьж байна. Энэ хүрээнд төрийн өмчит CNPC, Sinopec, CNOOC зэрэг компанид шатахууны үйлдвэрлэл, тээвэрлэлтийг хэвийн явуулах, зах зээлийг тасалдуулахгүй байх, экспорт хийхгүй байх үүрэг өгч, орон нутгийн байгууллагуудад үнийн бодлогын зөрчилд хатуу хяналт тавих үүрэг өгчээ.

B Shurenchimeg