Уур амьсгалын өөрчлөлт таван жилийн дараа компаниудад ноцтой нөлөө үзүүлж эхэлнэ
Цахиурын хөндийн технологийн компаниудаас эхлээд Европын банкууд хүртэлх дэлхийн томоохон бизнесүүдийн баланст уур амьсгалын өөрчлөлт ирэх таван жилийн хугацаанд ноцтой нөлөө учруулж мэдэхээр байна. Дэлхий дулаарахын хэрээр уур амьсгалын ямар нөлөөнд автаж болзошгүй талаарх мэдээллээ компаниуд хувьцаа эзэмшигч болон хууль сахиулагчдын хүчтэй шахалтын улмаас ил тод болгож эхэлсэн юм. Тухайлбал нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хатуу чанд хоригийн улмаас нүүрс, газрын тос, байгалийн хийд оруулах хөрөнгө оруулалтын үнэ цэн буурах гэх мэт мэдээллийг тэд олон нийтэд танилцуулах үүрэгтэй болсон. Тэдгээр ил болсон мэдээллээс үзвэл хэдэн арван их наяд доллар ор мөргүй алга болох аюул харагдаж буй.
Гэвч дэлхийн дулаарлын улмаас үүсэх санхүүгийн эрсдлийг санхүүгийн тооцоондоо тусгахдаа тэд тун хойрго хандаж байгаа юм. Компаниудад үзүүлэх уур амьсгалын нөлөөний талаар судалгаа хийсэн ашгийн бус, олон улсын CDP (Carbon disclosure project) байгууллагын Хойд Америкийг хариуцсан ерөнхийлөгч Бруно Сарда “Бидний тооцооллын үр дүнд гарч ирсэн тоонууд маш их. Гэвч энэ бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь” гэж өгүүлсэн байна. Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бизнест нь тулгарах эрсдэл болон бий болох боломжуудын талаар олон нийтэд мэдээлэхэд нь компаниудад туслах, зөвлөх үйл ажиллагаа эрхэлдэгийг ташрамд дурдъя.
2018 онд олон улсын 7000 гаруй компани CDP-д тайлангаа ирүүлсэн аж. Тэдгээрээс дэлхийн хамгийн том 500 корпорацын 215-ынх нь тайланг тусгайлан судалж үзэхэд хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авч эхлэхгүй бол ирэх 10 жилийн хугацаанд уур амьсгалтай холбогдон гарах зардлын хэмжээ нь нэг их наяд ам.доллар хүрэх төлөвтэй нь илэрхий болсон байна. Харин тэдгээр компаниудын тооцоогоор бол тэрхүү санхүүгийн эрсдлийн дийлэнх нь ойрын таван жилд биеллээ олж эхлэх гэнэ.
Маш олон компани уур амьсгалын шууд нөлөөнд автах нь тодорхой болсон. Тухайлбал, Японы Hitachi компани Зүүн Өмнөд Азид аадар бороо болон үерийн давтамж ихэссэн учир ханган нийлүүлэгчдийнх нь үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй гэж үзснээс хамгаалалтын арга хэмжээ авч эхэлжээ. Бразилын Banco Santander хэмээх том банк тус улсад ган маш их тохиолдох болсон нь зээлдэгчдийн зээл төлөх боломжийг сулруулж байна гэж мэдэгдсэн. Google-ийн толгой компани Alphabet Inc. агаарын хэм эрчимтэй нэмэгдэж буйн улмаас эрчим хүч ихээхэн зарцуулдаг дата төвүүдийн хөргөлтийн зардал ихээхэн нэмэгдэнэ гэж онцолсон юм. Уур амьсгалын өөрчлөлтөд олон нийтийн үзүүлэх хариу нөлөөг зарим компаниуд анхаралтай ажиглаж буй. Францын эрчим хүчний Total компанийн хувьд Франц улс дэлхийн дулаарлыг багасгах, малтмал түлшийн хэрэглээг хязгаарлах бодлого баримталж буй нь газрын тос болон байгалийн хийн зарим ордоо ашиглах боломжийг нь үгүй хийх эрсдэлтэй тулгарчээ. Харин Германы химийн BASF компани нүүрстөрөгчийн ялгарал их гаргадаг үйлдвэрлэлтэй учир байгаль орчинд хайртай зарим хувь эзэмшигчдээ айлгаж мэдэхээр буйгаа хүлээн зөвшөөрсөн юм.
Дэлхий дулаарах тусам олон улсын томоохон компаниуд багадаа 250 тэрбум долларын үнэ цэн бүхий активыг тооцооноос хасах эсвэл ашиглалтаас гаргах шаардлага гарна гэсэн тооцоо бий. Тэдгээр активын тоонд үерийн өндөр эрсдэлтэй бүст орших барилгууд эсвэл байгаль орчны бохирдлын эсрэг зохицуулалтын улмаас хаах шаардлагатай болсон цахилгаан станцууд орж байгаа юм.
Хэрэв урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарлаас үүдэх эрсдэл дэлхийн санхүүгийн салбарт 1.7-оос 24.2 их наяд ам.долларын хохирол авчирна гэж компьютерт суурилсан загварчлал дээр үндэслэн боловсруулсан өмнөх судалгаанд дүгнэжээ. Харин Nature Climate Change сэтгүүлийн саяхны дугаарт гарсан судалгаанд компаниуд нь тэдгээр эрсдлийн талаар “тогтмол бус, стандартад нийцэхгүй” тайлан гаргаж байгаа бөгөөд өөдөөс тосож буй аюулын талаар тун сул ойлголттой байгаа гэж дурдсан юм.
Зарим компани тайлангаа бэлтгэхэд тун хайхрамжгүй ханддаг талаарх сургамжтай жишээ бол АНУ-ын Калифорни мужийн хамгийн том цахилгаан нийлүүлэгч Pacific Gas and Electric (PG&E) компани юм. Тус компани 2018 онд CDP-д гаргаж өгсөн тайландаа дэлхийн дулаарлын улмаас Америкийн Баруун хэсэгт тогтмол гарах болсон гал түймрийн шалтгаан хэмээн буруутгагдвал 2.5 тэрбум ам.долларын төлбөр төлөх магадлалтай гэж дурджээ. Эл тоо нь 2017 онд төлсөн төлбөрт нь үндэслэсэн байв. Гэвч энэ нь тус компанийн хувьд тун өөдрөг таамаг болж таарсан билээ. Өнгөрсөн намар Калифорни мужийн түүхэн дэх хамгийн ноцтой гал түймрийн шалтгаан нь тус компанийн цахилгааны шугам болсны улмаас PG&E компани нь өнгөрсөн нэгдүгээр сард дампуурлаас хамгаалах хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан төдийгүй 30 хүртэлх тэрбум ам.долларын нөхөн төлбөрт унасан юм.
Гэхдээ CDP-ийн тайланд сайн мэдээ ч бий. Дэлхийн хамгийн том 225 компани нь дэлхийн дулаарлын улмаас 2.1 их наяд долларын үнэ цэн бүхий бизнесийн шинэ боломж үүсэх талаар тайландаа дурдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь ойрын таван жилд бодитой болох төлөвтэй гэнэ.
Цаг агаарын хэм тогтмол нэмэгдэж буй нь халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлэх бөгөөд энэхүү бэрхшээлийг шийдвэрлэх замаар ихээхэн орлого олох боломжтой гэж АНУ-ын эм үйлдвэрлэгч Eli Lilly компани тайландаа дурдсан байлаа. Гэхдээ үйлдвэрүүд нь байрладаг Пуэрто-Рико зэрэг улсад үер, хар шуурганы давтамж нэмэгдвэл санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгарна гэж тус компани анхааруулсан юм.
Түүнээс гадна цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү хийх шилжилт нь ашиг олох таатай боломжийг агуулж буй. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эдийн засаг руу шилжихийн тулд 30 их наяд долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж Голландын санхүүгийн үйлчилгээний ING Group фирм тооцоолсон юм. Үүнээс улбаалж тус компани “уур амьсгалын санхүүгийн багцаа” 2022 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ.
Уур амьсгалын өөрчлөлт нь компаниудад сайн, саар аль ч үр дүнг авчирсан үүнд зах зээл хараахан бэлэн биш байгааг санхүүгийн зах зээлийн зохицуулагчид анхааруулж байна. Тухайлбал, уур амьсгалын гэнэтийн өөрчлөлт, ноцтой үзэгдэл нь даатгалын компаниудад ихээхэн хохирол учруулсан төдийгүй хөрөнгө оруулагчид малтмал түлшнээс гэнэт татгалзаж эхэлсэн нь үүнд бэлтгэлгүй байсан банкуудын балансад сөргөөр нөлөөлж, санхүүгийн системийг тогтворгүй болгох эрсдэлтэй гэж Европын төв банк өнгөрсөн сард мэдээлж байв.