Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт “Рио Тинто” манлайлна

B Shurenchimeg
2022-06-24 17:16:21
Ангилал: Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох чиглэлээр хамтран ажиллах юм. 

Хүлэмжийн хийн ялгарал, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг дэлхий дахинаа чухалчлан үзэж, олон улс хамтарсан хүчин чармайлт гаргаж буй энэ чухал цаг үед төр болон хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь Монгол Улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, хот болон хөдөө орон нутагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал алхам болж байна.

Үндэсний хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах зорилтуудыг биелүүлэх, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилготой чухал төсөл хөтөлбөрүүдэд “Рио Тинто” компанитай хамтран ажиллахаар болж байгаад талархалтай буйгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийллээ.  

Цаашид талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, хийх ажлуудын төлөвлөлт, хэрэгжилтийг ханган ажиллах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх болон өргөн цар хүрээнд 2030 хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах төслүүдийг хэрэгжүүлнэ.

Мөн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд 2025 он хүртэл дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхийг зорьж, энэ чиглэлээр олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй цогц шийдлүүдийг тодорхойлоход хамтран ажиллах юм.

Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жилд цельсийн 0.86 хэмээр дулаарсан бол манай улсад сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дундаж хэм 2.25 хэмээр нэмэгдсэн нь 2.5 дахин өндөр байна. Монгол Улсад хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга цахилгаан, үер, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.

“Рио Тинто Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал

Эл хамтын ажиллагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах манай компанийн зорилттой сайтар нийцэж байгаа юм.

“Рио Тинто” компани одоогоор дэлхийн 35 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээг 2050 он гэхэд тэглэнэ гэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс бид хамтын ажиллагааны хүрээнд олон улсын арга туршлага, технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол орны тогтвортой хөгжлийн зорилтод бодит хувь нэмэр оруулан ажиллах шинэ үүд хаалга нээгдэж байгаад таатай байна. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ

Монгол орны эдийн засгийн салбарууд нь цаг агаар, уур амьсгалаас ихээхэн хараат байдгаас шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор ордог. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд бид үндэсний хэмжээнд онцгойлон анхаарч, Шинэ сэргэлтийн бодлого, Ногоон хөгжлийн бодлогодоо тусган олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

Өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулснаар үндэсний хэмжээний эдгээр зорилтуудаа биелүүлэх, НҮБ-ын “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл хөтөлбөрүүдэд цаашид “Рио Тинто” компанитай хамтран ажиллах болж байна.

 

 

 

 

 

B Shurenchimeg