Уур амьсгалын өөрчлөлттэй хамтдаа тэмцэх шинэ арга
Олон улсын санхүүгийн системийг өөрчлөх нь ядуурал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тусална гэж Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли өгүүлэв.
Олон улсын санхүүгийн тайзан дээр зөвхөн хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэж чадах эдийн засаг, нийгмийн гүнзгий хямралтай хөгжиж буй улсууд 2023 онд тулгарав. Бид яг одоо л хөдлөх хэрэгтэй эс бөгөөс ядууралд орсон олон сая хүнд тусламж хэт оройтно. Уур амьсгал, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, тогтвортой хөгжлийн бусад зорилтуудын төлөөх чухал алхмууд ч мөн хойшлогдоно.
2022 оны хоёрдугаар хагасаас эл хямралын шинж тэмдэг илэрч эхлэв. Уг хямралын шалтгаан нь цар тахлын эсрэг ялгаатай хариу үйлдлүүдэд оршиж байна. Дэлхийн эдийн засгийн идэвх 2020 оны дундаас эхэлж 18 сар саарав. Манай улсын ДНБ 14 хувиар буурч, ажилгүйдэл 40 хувьд хүрсэн. 2018 онд өрийг амжилттай дахин бүтэцжүүлсний дараа бид ажил эрхлэлт, нийгмийн халамжийн хөтөлбөрт зориулан түр хугацааны санхүүжилт татаж, төсвийн бодлогоо сулруулав. Өрийн өндөр хэмжээ нь өөр олон улсын өсөлтийг хязгаарлав. Хятад, Энэтхэг зэрэг том зах зээл ч ДНБ-ий 5.5-аас илүү хувийг эдийн засгаа дэмжих хөтөлбөрт зарцуулж чадсангүй. Бусад нь үүнээс багыг зарцуулав.
Үүний эсрэгээр цөөн хэдэн улс цахлыг огт өөрөөр туулав. Төсвийн өссөн зарцуулалт, алдагдсан орлогын хэмжээ нь Америкт ДНБ-ий 25 хувь, Британид 19 хувь, Японд 16 хувь, Германд 15 хувийг давжээ. Юу ийм боломжийг үүсгэв? Сангийн яамд нь төсвийн зарцуулалтаа санхүүжүүлэхийн тулд бондоо зарсан болТөв банкууд нь хэвлэсэн мөнгөөрөө Засгийн газрын бондуудыг худалдаж авчээ. Цар тахлын хамгийн хүнд хоёр жилийн хугацаанд авсан эдгээр арга хэмжээний тоон дүн нь 12 их наяд долларт хүрэв.
Эдгээр “төсвийн дэмжлэг бүхий улсууд”-ын эдийн засаг хамгийн түрүүнд сэргэв. Нийлүүлэлтийн гацаа, инфляц үүсэх үед Нөөцийн банк мөнгөн тусламж үзүүлэхээ зогсоож, бодлогын хүүг өсгөсөн. Тэдний эл хатуу бодлого 2022 онд долларын ханшийг өсгөв. Долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унаж, инфляцыг нэмэгдүүлэхээс сэргийлэхийн тулд бусад улс мөн дагаад бодлогын хүүг өсгөлөө. Ийм байдлаар хүчирхэг доллар нь Америкийн мөнгөний хатуу бодлогыг дэлхий даяар тараасан билээ.
Тропикийн бусад улсын адилаар Барбадос уур амьсгалын өөрчлөлтийн эхний эгнээнд ирэв.
Энэ нь Холбооны нөөцийн банк чиглэлээ өөрчлөх ёстой гэсэн үг биш юм. Гэвч Америкийн өндөр хүү, долларын олон улсад үзүүлж буй нөлөөг олон улсын бодлого тодорхойлогчид хүлээн зөвшөөрч, шаардлагатай улсуудад нь чадах чинээгээр хөрвөх чадварыг өгөх юм бол тэдгээр улс тун тааламжгүй хатуу бодлоготой зууралдсан хэвээр үлдэхгүй. ОУВС яаралтай тусламжийн багцаа цар тахлын өмнөх түвшинд эргүүлэн аваачиж, хэт их зээлд ногдуулдаг хүүгийн нэмэлт хураамжийг түр царцааж, ашиглагдаагүй зээлжих тусгай эрхийн (SDRS) багадаа 30 хувийг олон улсад нөөцийн валютад тооцогддог мөнгөн дэвсгэрт гаргадаггүй улсуудад дахин олгох хэрэгтэй. SDRS бол ийм мөнгөн дэвсгэрт гаргадаг улсуудад этгээд зүйл, харин бидэн шиг улсуудад хэрэгтэй тусламж билээ. ОУВС гишүүн орнууддаа өөр нэг гишүүн улсын SDRS нөөцөөс овернайт хүүтэй зээлэх эрх олгодог. Олгосон SDRS-ийн 75 гаруй хувийг Африк, Карибын тэнгисийн улсууд нэгэнт ашиглаад байна.
Энэхүү аргыг олон улсын сайн сайхны төлөөх зүйлсийг санжүүжүүлэхэд ашиглах боломжтой. Тэрхүү зүйл нь бүгдэд ач тусаа өгөх уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тэмцэл байж болно. Тропикийн улсуудын адилаар Барбадос уур амьсгалын хямралын тэргүүн шугамд ирээд байна. Эл тэмцэл хэт удаан байгаад бид санаа зовж буй.
650 тэрбум долларын шинэ санхүүжилт авсан Global Climate Mitigation Trust сан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах улсын болон хувийн төслүүдэд зориулж хямд санхүүжилтийн дуудлага худалдааг зохион байгуулж, дэлхийн дулаарлыг хамгийн хурдан бууруулах төслүүдийг ялагчаар шалгаруулах нь зүйтэй. Төслүүдийн хэрэгжих боломжтой эсэхийг ОУВС, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан үнэлж болно.
Эл санаа бол 2023 онд миний туйлбартай дэмжих “Bridgetown Initiative” санаачилгын нэг хэсэг юм. Хамтран ажиллах арга замыг олохын оронд хэн хэнээ саатуулсан, хэн хэн рүүгээ чичилсэн хэвээр байж болохгүй. Тэгвэл бид хамтдаа живнэ. Ингэхгүй гэдэгт би итгэж байна.
Дэлхий 2023 дугаараас