Ухрах замгүй авлигын эсрэг тэмцэл
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023 оныг Засгийн газраас шударга ёсны төлөөх “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан гэв.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний араас ОХУ, Украины дайн үргэлжилж олон улсад улс төр, эдийн засгийн бодлогоо эргэн харж, алдаа, оноогоо тунгаан хэлэлцэж, дахин загварчлах шаардлага бий боллоо.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр тулсан нь 2020 онд эдийн засгийн өсөлт -4.6 хувиар саарсан жил байв. Засгийн газар 2021 онд цар тахлын нөлөөнд нэрвэгдсэн эдийн засаг, бизнесийн орчныг тэтгэх хүрээнд Монголбанк, арилжааны банкуудтай хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн. Харин 2022 оноос эхлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д хүрэхийн тулд эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйлсийг бууруулах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Тэр дундаа “Боомтын сэргэлт”- ийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх зэрэг стратегийн ачхолбогдолтой олон ажил хийж байна.
Экспортын голлох уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн өсөлтийн таатай цаг үед төрийн өмчит компаниудад онцгой анхаарал хандуулж, экспорт, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллав. Ингэснээр өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.2 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 7.8 хувиар давлаа. 2020 онд -4.6 хувийн эдийн засгийн агшилт 2022 онд дөрөв орчим хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарав.
2023 он гарсаар Засгийн газраас олон улсад өрийн зохицуулалтын зориулалтаар гаргасан бонд амжилттай болсон нь Монгол Улс дефолт болох эрсдэлээс бүрэн ангижруулав. Энэ нь Засгийн газар төдийгүй бизнес эрхлэгчид, олон нийтийн хичээл чармайлттай салшгүй холбоотой, хамтдаа бүтээсэн үр дүн юм.
2023 оныг Засгийн газраас шударга ёсны төлөөх “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн “Хөгжлийн Банк”, “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувь, “нүүрсний хулгай”, “төмөр зам” зэрэг улс оронд нүүрлэсэн том хулгай, дээрэм, авлигын хэргүүдтэй үргэлжлүүлэн тэмцэнэ.
Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлж буцаан авчрах болно
Бид энэхүү өөрчлөлтийг хоёр сувгаар, хэд хэдэн арга замаар хийнэ. Нэгдүгээрт, төрийн өмчит компаниудыг цэгцлэх, хоёрдугаарт хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн боломжийг нэмэгдүүлнэ.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, боломжийг бүрдүүлэх үүднээс 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгав.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн хэмжээ 2021 онд 53.4 их наяд төгрөгт хүрсэн ч ашгийн хэмжээ нь ердөө нэг их наяд төгрөг байна. Тиймээс ашигт ажиллагаанд анхаарч, 34 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж буй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн шинэ бүтцийг баталлаа. Тус компанид чадварлаг, мэргэжлийн баг бүрдүүлснээр засаглал нь сайжирч, олон улсад өрсөлдөхүйц болж чадна. Тиймээс ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа зохион байгуулж, шинэ жишгийг тогтоож чадлаа. Бид 2023 онд төрийн өмчит компаниудад дээрх жишгээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна. Ингэснээр ТӨХК уудад танил тал, ашиг сонирхлоороо томилогддог, улмаар улс төрийн албан тушаалтнуудад үйлчлэх, авлигын хэрэгт холбогддог асуудлууд арилж, чадварлаг баг бүрдэх эхлэл тавигдах юм.
“Авлигын эсрэг жил”- ийн хүрээнд оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлж буцаан авчрах болно. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах зэрэг олон ажил төлөвлөж байна.
Засгийн газрын шударга ёсны төлөөх дээрх бодлого хэрэгжихэд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Монгол Улсад нүүрлэсэн нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулж, төрийн үйлчилгээний болон төсвийн зардлын оновчтой, хүртээмжтэй төлөвлөлт, нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн эхлэл тавигдах суурь болох учиртай. Тиймээс бидэнд ухрах зам үгүй.
Дэлхий 2023 дугаараас