“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна

Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна. Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” ийнхүү болж байгаа юм.
Хуралдаанд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны III тэмдэглэл, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны V тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн I тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх” шийдвэр гаргасан билээ.
“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.