Гэмт хэрэгтний золиос болсон Америкийн ерөнхийлөгчид
Өнгөрсөн бямба гарагт (2026.04.25) хутга болон буугаар зэвсэглэсэн эрэгтэй Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны хүлээн авалт болж байсан Вашингтон Хилтон зочид буудлын шалган нэвтрүүлэх цэгт гал нээсний дараа аюулгүйн албаныхан уг ёслолын ажиллагаанд оролцож байсан Ерөнхийлөгч Д.Трампыг тайзнаас буулгаж, аюулгүй газарт аваачсан юм.
Тусгай албаныхан хэрэгтнийг даруй баривчилж, түүнийг Калифорни мужаас гаралтай 31 настай Коле Томас Аллен болохыг тодорхойлжээ.
Ийнхүү АНУ-ын 45 болон 47 дахь тэргүүн Д.Трамп 2024 онд хүзүүндээ буудуулж байснаас хойш дахин нэг удаа халдлагад өртлөө.
АНУ-ын түүхэнд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн 20 гаруй хувь нь халдлага, зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж байснаас дөрвөн Ерөнхийлөгч амиа алдаж байжээ. Эдгээр гэмт хэрэг дийлэнхдээ улс төрийн үзэл бодлын ялгаа, засаглалыг өөрчлөх хүсэл, алуурчны сэтгэцийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалан гарч байв.
Амиа алдсан ерөнхийлөгчид:
Абрахам Линкольн

Америкийн иргэний дайны үеэр Холбооны улсыг дэмжигч Жонн Вилкес Бүүтийн зохион байгуулсан халдлагын улмаас 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд амиа алдсан. Нэгдсэн улсын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольныг театрт жүжиг үзэж байхад нь хэрэгтэн түүний сууж байсан хэсэгт нэвтрэн, бууджээ. Ерөнхийлөгч есөн цаг ухаангүй байсны эцэст таалал төгсжээ.
Жэймс Гарфилд

Төрийн тэргүүний албан үүргээ хүлээж аваад ердөө дөрвөн сар болж байсан Америкийн 20 дахь Ерөнхийлөгч 1881 оны долоодугаар сарын 2-ны өдөр Вашингтоны Балтимор дахь Потомакийн галт тэрэгний буудалд ирэх үеэрээ хоёр удаа буудуулсан. Эхний сум түүний мөрийг шүргэсэн бол, удаах нь нуруунд нь тусчээ. Тэрхүү үйл явдлаас хоёр сар хагасын дараа халдвараас үүдэлтэй хүндрэлийн улмаас Ж.Гарфильд ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Хэрэгтэн Ч.Гито нь зохиолч, хуульч бөгөөд түүнийг сэтгэцийн өвчтэй байсан гэж бичсэн байдаг.
Виллиам МакКинли

Америкийн 25 дахь Ерөнхийлөгчийг 1901 оны есдүгээр сарын 6-нд Нью-Йорк дахь Хөгжмийн сүм нэртэй театрт үзэсгэлэн үзэж байхад гэмт этгээд гэдсэнд нь хоёр удаа буудан хөнөөсөн юм. Леон Шолгош хэмээгч алуурчин эр 1893 оны эдийн засгийн хямралын үеэр ажлаасаа халагдаж, авторитари улс төрийн бодлогыг эсэргүүцэж байснаас гадна В.МакКинлиг дарангуйллын бэлгэ тэмдэг гэж үздэг байсан нь түүнийг ийм гэмт хэрэг үйлдвэх шалтгаан болжээ.
Жон Кеннеди

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Ж.Кеннеди Даллас хотод тэргүүн хатагтайн хамтаар авто машинтай цуваагаар явж байгаад буудуулж амиа алдсан. Далласын цагдаагийн алба тэнгисийн цэрэгт алба хааж байсан Ли Харви Освалдыг энэ хэрэгт буруутган баривчилсан ч шоронгоос шилжүүлэх үеэр шархдан, эмнэлэгт нас баржээ.
Харин 1981 онд Роналд Рейган Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа халдлагад өртсөн ч мэнд үлдсэн цор ганц төрийн тэргүүн болж түүхэнд бичигдсэн бол, 1901-1909 онд нэгдсэн улсын 26 дахь Ерөнхийлөгч байсан Теодор Рузвельт 1912 онд шархдаж байжээ.
