Хар тэнгисийн эрэг дээрх монгол залуусын цугларалт
Эх газрын эл тэнгис зөөлөн давалгаална. Гүн цэнхэр тэнгэр дэх наран авхайн алтан цацраг их далайн ус руу шууд бууж байгалийг улам үзэсгэлэн төгс болгох аж. Хязгаар нь үл харагдах их далайд хааяа нэгхэн усан онгоц хөвж харагдана. Тэд хэдэн зууны тэртээгээс энэ л усан замаар нэг чанадаас нөгөө рүү хөвж мөс зүссэн онгоцуудын үргэлжлэл. Ази, Европыг холбосон энэ тэнгис далай хэдэн хүнийг тэжээж, хэдэн улсын эдийн засгийг хүчирхэгжүүлж, хэдэн зууны түүхийг өгүүлэн ирсэн бол. Хар тэнгис нь ачаа тээврийн чухал зангилаа бүс нутаг, мөн стратегийн болон цэргийн ач холбогдолтой тэнгис.
Тийм учраас дэлхийн талыг эзэлж, Их Монгол Улсаа байгуулж явсан монголчуудын түүх ч энэ л хар тэнгистэй холбогддог юм. Найман зууны тэртээ Монголын залуус морин дэл дээр давхиж ирж Дундад Азийг байлдан дагуулж, эзэлж, улмаар Чингис хааны ач хүү Хүлэгү хан Ил хаант улсыг байгуулсан нь 100 гаруй жил оршин тогтносон байдаг. Эл түүхээр Монголын залуус үргэлж бахархаж байх учиртай.
Тэртээ XIII зуунд монгол залуус хар далайн эрэг дээр морьтойгоон ирж, чанадын чанадын цаана буй эх орноо санагалзан суусан тэр л газарт найман зуун жилийн дараа тэдний үр сад болсон монгол залуус дэлхийн дөрвөн тивээс төмөр хүлгээр нисэн ирэв. Өвөг дээдсийнхээ тамгалсан Турк улсад ОХУ, Хятад, Англи, Герман, Казахстан, Австрали, Австри, БНСУ зэрэг 24 орны 250 орчим монгол оюутан залуучууд чуулсан нь Ковидоос хойших хилийн чанад дахь монгол оюутан залуусын хамгийн том цугларалт болсныг тэмдэглэе.

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл болон зөвлөлийн Оюутан залуусын хорооноос зохион байгуулсан уг чуулга уулзалт Хар тэнгисийн эрэг дээрх Мармара амралтын газарт болсон билээ. Залуус гурван өдрийн турш хамтдаа байж, танилцаж, нөхөрлөж, эрхэм зорилгоо ярилцахын сацуу, монгол өв соёл, монгол хүн байхын утга учир, дэлхийн хүн болохын алхам, эх орны хөгжлийн ирээдүйн бодлого, эх нутаг, гэртээ харих зам зэрэг сэдвээр илтгэл сонсч, ярилцаж, санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн залуусын дунд NextGen төслийн уралдаан зарлаж, шилдэг төслүүдийг чуулга уулзалтын үеэр шалгарууллаа. Уг уралдаанд 19 төсөл ирснээс 9 төслийг хоёр дахь шатанд үлдээж, чуулга уулзалтын үеэр төслөө танилцуулах боломжийг оюутнуудад олгосноор гурван төсөл шилдгээр шалгарсан болно. Нэгдүгээр байранд, Унгар улсын Eötvös Loránd, Óbuda University их сургуулиудын оюутан Б.Ган-Эрдэнэ, Г.Шагдарсүрэн, Д.Түмэндэмбэрэл нарын “Edulink Mongolia” төсөл шалгарлаа. Хоёрдугаар байранд Турк улсын Истанбулийн Их сургуулийн оюутан Т.Энхтөрийн “Khuvaaltsay” төсөл орсон бол гуравдугаар байранд ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний сургуулийн оюутан Ц.Цэцгээгийн “Яндангүй гэр” төсөл тус тус орж мөнгөн шагнал гардсан.
Залуус төслийн санаагаа маш их бодож, улс орныхоо хөгжлийн асуудлуудыг шийдэхэд чиглүүлсэн байлаа. Тухайлбал, Edulink Mongolia төслөөр эцэг эхчүүдэд тулгардаг хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх асуудлыг, “Яндангүй гэр” төслөөр нийслэлийн утааны асуудлыг, ногоон төслүүдээр уур амьсгалын нөлөөллөөр учирч буй байгаль орчны асуудлуудыг шийдэхийг эрмэлзсэн байв.

Энэхүү арга хэмжээг БНТУ-ын Залуучууд, спортын яам, Монгол Улсын ЭСЯ, Консулын газар дэмжиж, Турк, Монголын сан санхүүгийн ивээн тэтгэлэг үзүүлсэн байна. Тус арга хэмжээний нээлтэд, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөлийн тэргүүн С.Цэрэндэмбэрэл, Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий Консул, Др (PhD) Д.Анхбаяр, БНТУ-ын Залуучууд, спортын яамны дэд сайд Enes Eminoglu, Турк-Монгол Сангийн Ерөнхийлөгч Veysel Citfci, Профессор доктор Ахмет Ташағыл, Шударга Намын (AK Parti) Истанбул мужийн дэд дарга Профессор доктор Сүлейман Каан Ялчын, хуульч Исмаил Байрак Осман Башер нар оролцож үг хэлсэн. Эдгээр хүмүүсийн хэлсэн үгийн агуулга эртний түүхээр холбогддог Монгол Улсын залуус БНТУ-д ирж чуулж байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа.
Чуулга уулзалтын хоёр, гурав дахь өдөр залуус хоорондоо хилийн чанадад суралцахын давуу болон сул тал, боломжуудын талаар ярилцаж, мэдлэг туршлагаа хуваалцаж, мөн спортын төрлүүдээр уралдаж, тоглон наадаж, Истанбул хотын түүхэн дурсгалт газруудаар аялж, мартагдашгүй дурсамж бүтээсэн өдрүүдийг үдсэн.
Ийн эх орон, элэгт нэгтэн монгол залуус нэг дор цуглаж, хөгжилдөж, инээд хөөр, хайр дүүрэн хугацааг хамтдаа өнгөрөөж, сэтгэл дүүрэн баяртайгаар элэг зүрхэндээ эх орноо хөгжүүлэх чин сэтгэл өвөрлөн хээрийн галуу нисэн үл хүрэх дөрвөн тивийн 24 улс руу хөгжлийн зам татуулан нисцгээсэн. Тэд Монгол Улсын ирээдүй, тэд эх орны шинэ хөгжлийг бүтээх залуус, тэд улсаа дэлхийд дахин тамгалах манлайлагчид, тэд хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчнүүд, тэд эх орны итгэл найдвар, энгүй их оюуны хүчтэй залуус.
Тэд ихийг сурч, боловсроод, дэлхийн хүмүүс болж төлөвшөөд, олон улсын өргөн боломжуудыг харж ашиглаж мэдсэнийхээ дараа эх нутгаан зорьж, гэртээн ирнэ гэдэгт би итгэж байна.
Д.Бэхбаяр Турк. Истанбул хот. 2025.11.08
