Хятадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгджээ
Хятад улс манай гадаад худалдааны хамгийн том түнш. Өнгөрсөн оны байдлаар Хятад-Монголын худалдааны хэмжээ 10.2 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаад худалдааны 63.1 хувийг эзэлж байна. Үүнээс экспортын хэмжээ долоон тэрбум гаруй ам.доллар, импортын хэмжээ хоёр тэрбум гаруй ам.долларт хүрчээ.
Экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38.0 хувийг зэсийн баяжмал, харин импортолсон барааны 5.0 хувийг цахилгаан эрчим хүч, 11.3 хувийг ачааны автомашин, 83.7 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Төрлөөр нь задалж үзвэл БНХАУ ихэвчлэн бензин түлш, барилгын материал, аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа зэрэг өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг манай улсад экспортолдог. Харин манай улс голчлон анхан шатны боловсруулалт хийсэн арьс шир, амьтан, ургамлын гаралтай эмийн бэлдэц, мод, хаягдал төмөр болон нүүрс, төмрийн хүдэр зэрэг 20 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж байна.
Цаашид хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тэр дундаа, манай улс экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага буй. Үүний тулд бид худалдааны бүтцээ сайжруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Уул уурхай, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг тэтгэх гол механизм болдог. БНХАУ манай улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг бөгөөд 2017-2021 оны хооронд 1.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна. 2021 онд манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалт 302.21 сая ам.долларт хүрсэн нь 2020 онтой харьцуулахад 39.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Ковид-19 цар тахлаас үүдэн хоёр улсын хилийн боомтын хязгаарлалт зэрэг нь шууд хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахад нөлөөлжээ.
Манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн тоо 14 мянга орчим (1990-2021) байгаа бөгөөд үүний 50 хувийг БНХАУ-ын аж ахуй нэгж эзэлжээ. Тодруулбал 1990-2021 онд Хятадын хөрөнгө оруулалттай долоон мянга гаруй аж ахуй нэгж бүртгүүлэн, үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад хийж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг голлох салбаруудаар авч үзвэл уул уурхай, худалдаа, нийтийн хоол, барилга, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт зонхилж буй.
БНХАУ бол манай улсын мөнхийн хөрш, хөрөнгө оруулалтын хэмжээгээр эхний гуравт тогтмол эрэмбэлэгддэг улс. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах үеэр талууд “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэх, “Монгол, Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хамтран судлах чиглэлээр үргэлжлүүлэн санал солилцоно гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам нэмэгдэх бүрэн боломж бий.