Хөрөнгө оруулалтын тухай хууль хөрөнгө оруулагчдын хөл тавихаар зэхэж байсан улаан хивсийг суга татах шиг боллоо
“Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт хуралдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулагч олон улсын хуулийн фирм болох “Хоган Ловэллс”-ийн Монгол дахь салбарын захирал Майкл Олдричтэй дээрх хуралдааны үеэр Монголын эрх зүйн орчны талаар ярилцлаа.
-Энэ удаагийн эрх зүйн шинэтгэлийн чуулганы талаарх сэтгэгдлээс хуваалцана уу?
-Өнгөрсөн жилийн чуулган энэ удаагийнхыг бодвол илүү олон сэдвийн хүрээнд ярилцаж, оролцогчдын хувьд ч илүү олон хүнийг хамарсан. Гэсэн ч энэ удаагийн чуулганы гол ялгаа нь төвлөрч буй сэдэв нь байлаа. Нэг талаас бид Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тохиолддог хүндрэлүүд ба бизнесийн аливаа үйл ажиллагааг нэвтрүүлэхэд хэрхэн тус дөхөм үзүүлж болох вэ гэх мэт асуудлаар ярилцлаа.
Банкны салбарыг хэрхэн илүү үр ашигтай болгох вэ, олон төрлийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэх арга замыг олоход туслах үүднээс хэрхэн хөндлөнгийн шүүхтэй зохицож хуулиа өөрчилж болох вэ гэх мэт илүү бизнесийн үйл ажиллагаанд чиглэсэн чуулган болсон гэж хэлж болох юм.
Чуулганы зүгээс бизнесийнхэнд анхаарлаа илүү хандуулж байгаа нь илт байсан. Шүүх засаглал, шударга ёс, хууль эрх зүйн өндөр дээд асуудал гэхээсээ илүү прагматик тал руу нь харж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бизнесийн салбарыг хэрхэн хуулиар дэмжих вэ гэдэг дээр илүүтэй төвлөрч байгаа юм.
-Монголын эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар Та ямар бодолтой байна вэ?
-Би Монголын эрх зүйн орчныг бараан өнгөөр хардаг хүмүүстэй санал нэгддэггүй. Хууль руу үнэнчээр өнгийвөл гэрээ хэлцлийн түвшинд илүү нээлттэй эрх чөлөөг олгосон эрх зүйн орчныг харж болно. Үндсэндээ, хууль эрх зүйн орчны суурь нь Хятад, Вьетнам болон Индонези улсыг бодвол илүү барууны хэв маягтай ойрхон. Үүний зэрэгцээ хүмүүсийн дунд бид хуулийг чандлан мөрдөөд л эхэлчихвэл бүх асуудал шийдэгдэнэ гэсэн хандлага байна. Миний бодлоор энэ нь зарим талаар монголчуудын уламжлалт сэтгэлгээнээс үүдэлтэй юм болов уу.
Монгол хүмүүс тогтсон заншлын шинжтэй зарчмуудыг хадгалж ирсэн онцлогтой. Хэрвээ та нэг шинэ зарчмыг хэвшүүлж чадвал хүмүүс түүнийг дагах жишээтэй.
Тухайлбал, цахилгаан, дулааны станц байгуулах ажлыг аваад үзвэл нэлээд цогц шинжтэй байгаа юм. Бид яах вэ гэхээр тухайн санаа сэдлүүдийг дэмжиж, ойлголтуудыг эмхлэн цэгцэлж ажил хэрэг болгох явдал юм.
Нэг ёсондоо танд хэчнээн аугаа эрх зүйн үзэл баримтлал байвч хуулийг ойлгохгүй мөн түүнийгээ хүн бүхэн ухан ойлгох хэмжээнд хуультай авцалдуулж чадахгүй бол тэнд ямар нэг шинэлэг дэвшилттэй тал алга гэж хэлж болно.
-Тэгвэл иргэдээ хуулиа мөрддөг болгохын тулд хуулийн хэрэгжилт ямар байх ёстой вэ?
-Парламентийг зөвхөн хууль гэхээсээ илүү түүнийг хэрэгжүүлэхэд хэрэглэгддэг гэрээ хэлцлүүдийг бодож тооцон шийдвэр гаргахад нь зөвлөх нь чухал юм. Тухайлбал, хоёр жилийн өмнөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Концессийн тухай хууль байна. Хууль батлахын өмнө бид энэ хуулийг хэрхэн боловсруулж яаж хийх вэ гэдэг асуудал дээр төвлөрч ажиллаж байсан бол нэгэнт хуулиа өлгийдөөд авангуут хэн ч түүнийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байв.
За яахав Парламентын түвшинд хуулиа яриад сууж болно. Гэхдээ яагаад Монголын хуульд төдийгүй олон улсын стандартад нийцсэн Монгол болон гадаадынхны аль алинд хэрэглэхэд хялбар ойлгомжтой Концессын хуулийг боловсруулах тал дээр анхаарч ажиллах тодорхой хүмүүсийг томилж болоогүй вэ гэдэг юм. Ихэнх тохиолдолд энэ асуудал орхигддог. Гэрээг бичиж боловсруулна гэдэг мэдээж хэрэг уйтгартай төвөгтэй ажил.
Гэхдээ тухайн хуулийн жинхэнэ ухагдахууныг амьдрал дээр хэрэгжүүлж улс орны эдийн засгийг хөгжүүлэх чадавхтай байхын тулд өнөөх уйтгартай хэсэгт л хэрэглээний мөн чанар буюу зүрх нь оршиж байгаа юм.
-Монгол шиг хөгжиж буй жижиг орнуудад хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангадаг вэ?
-Энэ улсын системийг би хувьдаа аугаа хүч бололцоо ба цаг үеийн сул дорой байдлын хосолмол тусгал гэж боддог. Монгол нь ардчиллын зам руу эргэлт буцалтгүй орсон улс. Тиймдээ ч Парламент олны анхаарал татсан цаг үеийн асуудалд тэр дор нь хариу үйлдэл үзүүлэх гээд байдаг талтай. Нэг талаар энэ нь зөв зүйл. Учир нь тэр бол ардчиллын онцлог шинжүүдийн нэг нь яах аргагүй мөн. Гэвч зарим үед энэ нь Парламентыг тухайн үйл явдалд хурдан хугацаанд хариу үзүүлж, ар дахь үр дагавруудыг сайтар бодолцож үзэлгүйгээр хууль гаргахад түлхэж байна. Бусад оронд ихэнх тохиолдолд тодорхой Ажлын хэсэг ажиллуулдгаараа онцлог.
Харин Ажлын хэсгийн нэг асуудал нь хүн бүр тухайн асуудалд хариуцлага үүрэх ба тодорхой хэн нэгэн хариуцлага хүлээдэггүй явдал юм. Өөрөөр хэлбэл, та өөрийн эх оронч хүсэл зоригоор хуулийг боловсруулах юм. Ингэхээр хуулийн эцэслэсэн хувилбарт хэн нэгэн эсвэл хэдэн хүн хариуцлага үүрдэггүй гэсэн үг. Бидний хувьд цахилгаан станц эсвэл хууль боловсруулах аль ч хуулийн төслийн үйл ажиллагааг доош нь татдаг Ажлын хэсгийн үндсэн зарчмаас татгалзмаар байгаа юм.
Үүнийг зүйрлэж хэлбэл олон хүний гар оролцсон хоолны амт сайхан болдоггүйтэй л адил. Товчхондоо хууль боловсруулах, тогтоох үйл явцыг илүү сайжруулах нарийвчлах хэрэгтэй байгаа юм. Энэ нь илүү тодорхой тогтсон нэг хэлбэртэй болно гэсэн үг. Хуульч гэрээ бичихдээ хуулийн дагуу хүсэлт гаргагч талуудын хүсэл сонирхлыг ижил түвшинд хангах гол асуудлуудыг тусгаж өгөөгүй нөхцөлд маргаан гарвал гэрээ үүргээ гүйцэтгэхээ больдог.
Ингээд Та ч үүнийгээ гэрээ гэж хэлж чадахгүйд хүрнэ. Хууль боловсруулах ч үүнтэй адил үйл явцыг шаарддаг. Тогтсон тодорхой нэг зарчмын дагуу тусгайлсан нарийн тайлбар бүхий ойлгомжтой хууль боловсруулахыг хичээнэ. Парламент эргээд хамгаалах арга хэрэгслээ гэж үзэж байгаа уг хуулиа эдийн засаг нийгмийн тухайн асуудлыг нарийн зохицуулж өгсөн эсэхэд сайтар хянаж шалгах ёстой юм. Одоогийн Хөрөнгө оруулалтын тухай хууль бол маш өргөн хүрээтэй бичиг баримт. Гэвч энэ удаад Парламент дээрх өргөн хүрээтэй асуудлыг зөвхөн нэг үйл явдал дээр тогтож, онцлох хэрэгтэй байсан эсэхэд эргэлзэж байна.
Тиймээс ч өнөөдөр ойлгомжгүй байдал үүсчхээд байна. Бусад оронд Та илүү нарийн аргаар хууль боловсруулдаг болохыг харж болно. Ихэнхдээ тийм олон хүн нэг дор суугаад хууль боловсруулаад байгааг олохгүй. Харин нэгээс хоёр хүн тодорхой нэг хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль боловсруулах үүргийг биелүүлдэг. Энэ нөхцөлд хувь хүн, олон нийт, бизнесийн салбар зарим үед эрдэмтэд гэх мэт нийгмийн хэсэг бүлгүүдийн дунд тухайн хуулийг хэлэлцүүлэх үйл явц өрнөдөг.
Арилжааны зорилго бүхий хууль нь бизнес эрхлэгчдийн шийдвэр гаргалтад бүх анхаарлаа төвлөрүүлсэн байдаг. Учир нь, бизнесменүүд тодорхой нэг ажлын төлөвлөгөөгөө хуультай тулгаж хараад “хэрхэн яаж үйл ажиллагаагаа явуулах вэ” гэдэг асуултад хариулахыг хичээдэг. Хэрэв хуулиа сайтар ухан ойлгож чадвал тухайн бизнесийн үйл ажиллагаагаа цааш нь аваад явах уу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргадаг. Энэ нь хуулийн үндсэн зорилго шүү дээ. Зохих ёсны дагуу сайн боловсруулсан хуулийн хийх ажил энэ л байдаг. Тухайн хуулийн зорилго алдагдах тохиолдол энд ч тэр, бусад оронд ч гарах тохиолдол бий.
-Та Монголын хууль тогтоогчид өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн хууль гаргаж, хувийн бизнесээ нүднээс далдуур эрхэлдэг талаар юу гэж бодож байна вэ?
-Ашиг сонирхлын тухай хууль батлагдсаныг санаж байна. Би хувьдаа энэ хуулийг нарийн нямбай боловсруулсан чанга хууль гэж үзэхгүй. Энгийнээр хэлэхэд хүмүүст олон нийтийн төлөө гэхээсээ илүү өөрийн гэр бүл, хувийн ашиг сонирхол, амжилтын төлөө хуулийг харж, боловсруулдаг хандлага буй нь харамсалтай байна. Энэ бол нийгмээрээ хатуу эсрэг байр сууринаас хандаж, яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Улстөрч болохоор зорьсон хэн ч бай энэ төрлийн ёс суртахуунгүй зан авираас өөрийгөө бүрэн чөлөөлсөн байх ёстой. Үүний тулд нэн түрүүнд хүмүүсийн нийтлэг сэтгэлгээнд өөрчлөлт хэрэгтэй бол нөгөө талаар илүү чанга хууль журам шаардлагатай.
Өнөөгийн Ашиг сонирхлын зөрчилдөөний тухай хуульд зөвхөн хувь хүний тухай заасан байдаг. Хэрэв та хэн нэгэн эсвэл аливаа нэг гэр бүлийн гишүүдийг авч хэлэлцээгүй харин ч хөхүүлэн дэмжсэн хууль баталсан байвал яах вэ. Энэ бол угаасаа хуульд хамаарахгүй асуудал болчихсон байгаа. Тэгээд үүнийг хүмүүс ашигладаг.
-Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Монголын Парламентад байдаг нэг хэцүү зүйл нь асуудлыг тосон хариу үзүүлдэг байдал. Өнөөх дээр үед батлагдсан байгаль орчны хууль байна. Үнэхээр өргөн цар хүрээтэй хууль. Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр ч адилхан нөхцөл байдал ажиглагдлаа. “Чалкод” барьсан хариу үүний жишээ. Амдаж хариулна гэдэг яагаад ч хуулийн хэрэгжилтийг хангах сайхан арга биш. Үүнээс илүүтэй сайтар бодож тооцоолсон, цаг хугацааны хувьд амь бөхтэй хууль гаргахыг зорих нь дээр юм. Олон хүмүүс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг саяхнаас бус хоёр, гурван жилийн өмнөөс ярьж хэлэлцэж ирсэн гэж хэлж байна.
Гэхдээ бид бүгдээрээ л чухам юу ингэж өдөөн хатгах болсныг мэдэж л байгаа шүү дээ. “Чалкод” барьсан хариу үйлдэл байсан. Эдийн засгийн утгаараа Хятад улс Монголыг өөртөө уусгах оролдлого хийж байгаа гэдэгтэй санал нийлнэ. Би Хятад улсад 18 жил амьдарсан учир дээрх бодит хандлагыг ойлгож байна. Гэвч тэр тусмаа ач холбогдол өндөртэй хуулийг зүгээр нэг гэнэт гарч ирсэн асуудлын хүрээнд бус илүү өргөн цар хүрээтэй бодлогоор шийддэг зарчимтай байж хэрэгжилтийн талыг нь нарийн тооцоолдог байх нь дээр юм. Тус хууль нь нэг талаар ихээхэн эргэлзээтэй мессежийг хөрөнгө оруулагчдад өгч байна л даа. “Манайд хөрөнгө оруулаач ээ гэчхээд нөгөө талд тодорхой бус хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрд үгүй бол хэцүүхэн шийтгэл амсана шүү” гэж байгаа юм.
Санаа нь зөв боловч хөрөнгө оруулалтын орчин нь өөрөө тус хуулийг засаж залруулж, дутуу хөтүү ойлгомжгүй байдлыг нь цэвэрлэхийг шаардаж байна.
Хэрэв хуулийн гол зорилго нь Хятадын хөрөнгө оруулалтаас сэргийлэх юм бол хуулийг өнгөн талдаа дундыг баримталсан авч Хятадын хөрөнгө оруулалтын эрчийг сулруулах хандлагатай болгох өөр бусад аргыг хэрэглэх бүрэн бололцоотой.
Жишээлбэл, Монгол дахь хөрөнгө оруулалтын төслүүдэд Хятадын засгийн газраас зөвшөөрсөн батламжийг шаарддаг байж болох юм. Учир нь, Хятадын хуульд тийм зүйл заалт байхгүй. Хүмүүс энд өөрийн орноос зөвшөөрөл авалгүйгээр төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд явчхаж байна. Хэрэв дээрх төрлийн зөвшөөрөл шаардвал гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарна. Эдийн засгийн утгаараа Хятад улс Монголыг өөртөө уусгах оролдлого хийж байгаа гэдэгтэй санал нийлнэ.
-Хэдийгээр манай улс уул уурхайн томоохон бүс нутгуудын нэг болоод байгаа ч одоогоор жижиг хөрөнгө оруулагчтай тоглосоор л байна уу эсвэл томоохон хөрөнгө оруулагчид Монгол руу орж ирэх эсэхдээ эргэлзээд биднийг харзнаад, хүлээгээд байна уу?
-Өнгөрсөн хугацаанд жижиг хөрөнгө оруулагчид л энэ зүгт татагдаж ирсэн. Саяхнаас бид томоохон хөрөнгө оруулагчдыг орж ирж байгааг харж байна. “Рио Тинто”, “Айванхоу” гэх мэт тод жишээг нэрлэж болох юм. Харин бусад хөрөнгө оруулагчдын хувьд Монголын зах зээлийг хараа салгахгүй харж байгаа.
Зөвхөн уул уурхайн компаниуд гэлтгүй тус салбарыг дэмжиж ажилладаг бусад компани тухайлбал цахилгаан, дулааны станц барилга, зам тээврийн гэх мэт. Миний үйлчлүүлэгчдийн жагсаалтад томоохон хэмжээний гэж хэлж болох 20-иод компани байна. Гэвч саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль хөрөнгө оруулагчдын хөл тавихаар зэхэж байсан улаан хивсийг суга татах шиг л боллоо. Тус хуульд тодорхойгүй ойлгомжгүй зүйл их байна. Ямар ч хөрөнгө оруулагч тодорхой бус байдалд дургүй.
-Та өнөөгийн Авлигын хуулийг юу гэж боддог вэ?
-Миний хувьд Авлигын эсрэг хууль ихээхэн хангалтгүй санагддаг. Хууль нь өөрөө чанга байлаа ч гэсэн хэрэгжих тал дээр асуудалтай. Хэрэгжилт ярихаас өмнө авлигыг нийгэм дэх согог гэж хүлээж авах сэтгэлгээний асуудлыг нэн тэргүүнд тавих нь чухал юм. Хууль боловсруулж, хэрэгжүүлэх гол механизмыг бүтээхийн тулд нийгэм дэх хандлага нь өөрөө авлига авсан хүмүүсийг ичээдэг жигшдэг байх хэрэгтэй. Зарим талаар энэ бол ёс зүй, шударга байдлыг нийгэмд бий болгох асуудалтай илүү холбогддог.
Үүний тулд сургалтын системтэй нягт холбож өгч хүмүүсийг боловсрол соёл хүмүүжлээс нь эхлэн төлөвшүүлэх ёстой. Засаглалын зүгээс авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх хүсэл зоригийг биелүүлэхийн тулд нийгэмд авлигыг жигших ухамсар, ёс зүйг бий болгох хэрэгтэй юм.
-Хуульч хүний хувьд нэн түрүүнд ямар хуульд өөрчлөлт оруулмаар санагддаг вэ?
-Үйлчлүүлэгчдийн минь эрх ашигт нөлөөлсөн олон нарийн зүйл заалтууд бий л дээ. Гэхдээ Компанийн тухай хуульд хэд хэдэн тодорхойгүй хоёрдмол утгатай зүйлийг засаж янзалмаар санагддаг. Мөн тодорхой хэдэн хэрэгжилтийн тал нь дутмаг захиргааны журмууд байна. Тухайлбал, бүртгэлтэй холбогдсон хөндлөнгийн хуулийн заалтууд бий. Төрийн албууд дээрх хуулийн заалтуудыг төдийлөн сайн хэрэгжүүлж эхлээгүй байна. Хэрэгжүүлж эхэлснээр Монголын компаниудад зээл олгох зээлдэгчийн хувьд ихээхэн амар хялбар олж ирэх талтай л даа. Бизнесийн үйл ажиллагаатай л холбоотой зүйлс л нэн тэргүүнд миний санаанд орж ирж байна даа.
Mongolian Economy сэтгүүлийн “Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” дугаарын 19-21-р нүүр
2012.06.11
