Цар тахлын үеэр Шведэд өнгөрүүлж буй өдрүүд

Mongolian Economy
2020-06-23 12:12:24
Ангилал: Коронавирус

Цар тахал ба шведүүд

Ковид-19 вирус анх Хятадад гарч байхад зөвхөн Швед гэлтгүй Барууны бүх улс маш тайван байсан. Улмаар олон тооны хүн халдвар авч, амь насаа алдаж байхад ч шведүүд амны хаалт зүүлгүй нэлээн хойрго хандаж байлаа. Ер нь эндхийн эмийн сангуудад амны хаалт зардаггүй, иргэд нь ч хэрэглэж сураагүй. Харин амны хаалт зүүж, өөрийгөө хамгаалж байгаа азиудыг вирустэй, өвчтэй мэтээр хандах тохиолдол их байсан. Энэ тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээ, сайтуудаар мэдээлж байсныг санаж байгаа байх. Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй барууныхны хандлагын талаар ташрамд дурдахад шведүүд их үндсэрхэг үзэлтэй хүмүүс болох нь илт анзаарагдсан. Зөвхөн хятадууд биш, ер нь азиудыг илт гадуурхаж эхэлсэн. Өсвөр насны хүүхдүүд хүртэл ази хүмүүсийг доромжилж, шоглосон видео бичлэг хийж интернэтэд тавьсан нь Шведэд байдаг монголчуудын эгдүүцэл, бухимдлыг маш их төрүүлсэн.

Европын бусад орны адилаар өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Шведэд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, олон хүн амиа алдаж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиход хүрсэн.

Ийм хүнд нөхцөл байдал үүссэний дараа л хүмүүс маск зүүж, гараа ариутгах нь чухал болохыг ойлгож эхэлсэн юм.

Коронавирус дэгдсэнээс хойш Шведийн Засгийн газар дэлхийн ихэнх орны адилаар хориг тавьж, хатуу арга хэмжээ аваагүй. Харин хэдэн сарын турш сайн дурын дэглэмийг баримталж ирсэн. Шведийн ерөнхий эпидемиологич, бодлого боловсруулагч, доктор Тэгнелл “Шинж тэмдэг илэрвэл гэртээ үлдэж, халдвар авсан тохиолдлын тоо тодорхой дээд цэгт хүрэх хүртэл энэхүү арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж хэвлэлд ярьсан байсныг энд эшлэе. Бусад улсаас ялгаатай нь Шведийн иргэд үүнд төдийлөн санаа зовж, сайн дурын аргыг эрс эсэргүүцээгүй бөгөөд санал асуулгын “Новус” компанийн судалгаагаар Ерөнхий сайд Стефан Лёфвений саналыг хүмүүсийн 80 хувь дэмжсэн аж. Тэрбээр өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд насанд хүрсэн иргэдийг хувийн хариуцлага хүлээхийг уриалсан юм.

Өнгөрсөнтэй харьцуулахад стокгольмчууд нийтийн тээврээр зорчихдоо бусдаас зай барихыг хичээдэг болсон. Стокгольм хотын нийтийн тээврийн компанийн мэдээлсэнээр метро болон автобус ашигладаг хүмүүсийн тоо цар тахлын өмнөхөөс 50 хувиар буурчээ. Одоогоор аж ахуйн нэгж, цэцэрлэг, дунд сургууль нээлттэй, хэвийн ажиллаж байна. Стокгольмын гудамжны кафе болон ил задгай баарууд амралтын өдрүүдээр үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байгаа гэхэд болно. Тавиас дээш тооны хүмүүс олноороо цуглаж уулзаж болохгүй, ​​ ахлах сургууль, их дээд сургуулиуд заавал зайны сургалт явуулах ёстой гэх мэт цөөн хэдэн заавал дагаж мөрдөх журам үйлчилж байна.

Эдийн засагт үзүүлж буй нөлөө

Шведийн нийслэл Стокхольм хот.

Шведэд вирусийн тохиолдол анх бүртгэгдэж, халдварын тархалт нэмэгдэж эхэлсний дараа Ази зоогийн газруудын орлого эрс буурч, ихэнх газар хаалгаа барихад хүрсэн. Үүнийг дагаад энд амьдардаг монголчууд маань ч ажилгүй болж эхэлсэн. Учир нь миний мэдэхээр Шведэд аж төрж байгаа монголчуудын дийлэнх нь сүши, хятад хоолны газруудад ажилладаг. Би ч мөн адил сүши ресторанд ажиллаж байсан бөгөөд орлого буурч, халдварын тархалт дэгдсэнтэй холбоотойгоор манай эзэн бизнесээ хаасан юм. Харин хэсэг хугацаанд хөл хорио тогтоосны дараа зоогийн газраа саяхнаас ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд дахин нээсэн. Хүмүүс гадагш гарахаас болгоомжилж голдуу захиалгын хоол, хүнс авах болсон нь хүргэлт, захиалгын үйлчилгээний бизнес нэмэгдэхэд нөлөөлж байна.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 вирусийн тархалт Шведэд төдийлөн буураагүй байгаа ч үйлчилгээний газрууд буцаад хэвийн байдалд орж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Эдийн засгаа хямраахгүйн тулд төр, засгаас нь бизнесүүдийг дэмжиж, иргэдээ худалдан авалт хийхийг уриалж байгаа юм.

Зургаадугаар сарын 12-ны өдрийн Шведийн “Аж үйлдвэрийн мэдээ”-нээс харахад тус улсын Төв банкны Мөнгөний бодлогын газар бусад улстай харьцуулахад хариу арга хэмжээ авах тал дээр сайн ажилласан боловч тодорхойгүй хүчин зүйлсээс шалтгаалж урт хугацаанд эдийн засгийн төлөв ямар байх нь хараахан тодорхойгүй байна гэжээ. Цар тахлын үед бусад улс хөл хорио тогтоож, иргэдээ тусгаарлах арга хэмжээ авсан нь эдийн засгийн салбаруудад ноцтой цохилт өгсөн болохыг онцолсон байв.

Харин Шведийн эдийн засагт цар тахал харьцангуй бага сөрөг нөлөө үзүүлсэн гэж болно. Халдварт өвчний үед Шведийн нийгмийн хөдөлгөөн бусад орнуудтай харьцуулахад илүү өндөр байсны дээр иргэдийн 44 хувь гэрээсээ ажилладаг нь нөлөөлсөн. Үүний зэрэгцээ Шведийн Засгийн газрын өрийн харьцаа бага байгаа нь тус улсад аж ахуйн нэгж, гэр бүлийг дэмжих хангалттай хөрөнгө гаргах боломж олгосон байна.

Гэсэн хэдий ч Швед экспортод чиглэсэн эдийн засагтай тул цар тахлын олон улсын худалдаанд үзүүлж буй сөрөг нөлөө нь тус улсын эдийн засагт хүндрэл үүсгэх боломжтой. Одоогийн байдлаар Шведэд өрхийн өр харьцангуй их байгаа бөгөөд энэ нь санхүүгийн салбарын гол эрсдэлд тооцогдож байна. Үүний зэрэгцээ гуравдугаар сарын 19-нд Швед улс хилээ хааснаас хойш цар тахал аялал жуулчлалын салбарт нь хамгийн хүнд цохилт өгч, ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдэж, ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо эрс өссөн.

Швед улсад цар тахлын улмаас нас барсан хүний тоо Хойд Европын орнууд дундаа хамгийн их байгаа нь шүүмжлэлд өртөх шалтгаан болж байна. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх стратегиа өөрчилж эхэлсэн. Гэсэн ч бусад улс орны нэгэн адил хатуу хяналт, торгууль, цагдаагийн арга хэмжээ авахаас илүү халдварт өртөмтгий, эмзэг бүлгийг хамгаалахад хөрөнгө оруулах бодлого барьж байгааг эцэст нь дурдах нь зүйтэй болов уу.

 

 

 

 

 

“Цар тахлын үеэр гадаадад өнгөрүүлж буй өдрүүд” цувралын СингапурАНУФранцТайланд, Итали дахь монголчуудаас ирүүлсэн нийтлэлийг линк дээр дарж унших боломжтой.   

 

 

Mongolian Economy