Чанаргүй зээл барагдуулах тогтолцоо бүрэн ялзарсан

T.Amarjargal T.Amarjargal
2022-03-02 13:10:15
Ангилал: Эдийн засаг

Цар тахлын тухай хуулийн хүрээнд иргэд, ААН-үүдийн зээлийн хуваарьт өөрчлөлт оруулаад байсан бол одооноос зохицуулалтын орчин цар тахлын өмнөх байдалд эргэн шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд инфляцын дарамтыг улам хурцаар мэдэрнэ гэсэн болгоомжлол бий. Мөн зээлийн хэмжээ өссөн ч иргэдийн хэрэглээний зээлийн чанар муудаж байгаа аж. Тодруулбал, 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөөгүй нөхцөлд тухайн зээл чанаргүй зээлд тооцогддог. Өнгөрсөн онд салбарын хэмжээнд чанаргүй зээлийн харьцаа 8.5 хувьд хүрчээ. Гэхдээ энэ нь Хөгжлийн банкны чанаргүй зээл 55 хувьд хүрсэнтэй харьцуулахад харьцангуй ойлголт гэдгийг зарим эдийн засагч онцолж буй.

Төрийн зээллэгт чанаргүйдэл гаарсан, чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо нь бүрэн ялзарсан.

“Төрийн зээллэгт чанаргүйдэл гаарсан, чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо бүрэн ялзарсан” гэж Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм судалгааг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцолсон. Үүнийг Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй 2020” тайланд ч дурдсан байдаг. Монгол Улс зээл олгох боломж, нөхцөлөөрөө дэлхийн 190 орноос 25 дугаарт бичигдэж байхад зээл, авлага барагдуулах үзүүлэлтээр 150-д орж байна. Зээл, авлага барагдуулахад дөрвөн жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхэд зарж, эцэст нь 18.3 хувийг нь л төлүүлж чаддаг байна. Гэтэл бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогдож буй Финландад зээл, авлага барагдуулахад есөн сарын хугацаа зарцуулдаг аж. Мөн шүүхээр маргаан шийдвэрлүүлэх зардал нь манай улсаас долоо дахин бага төдийгүй авлагынхаа 90 орчим хувийг төлүүлж чаддаг байна.

Банкны салбарын 2021 оны  төлөвөөс харахад, тус салбарын нийт актив 41 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний хэмжээнд ойртсон байна. Энэ 2020 онтой харьцуулахад 11.7 хувь буюу 4.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Банкны актив ийн нэмэгдэхэд IPO хийхээр төлөвлөж буй таван банкны активийн өсөлт ихээхэн нөлөө үзүүлжээ. 2021 онд банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байсны үр дүнд зээлийн хэмжээ өссөн байна. Мөн “Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр”, ажлын байрыг дэмжих гурван хувийн хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээл олголттой холбоотойгоор зээл 21 хувиар өсжээ. Ялангуяа ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг банкууд өөрийн санхүүжилтээр олгож байгаа нь эдийн засагт томоохон дэмжлэг болж буйг Монголын банкны холбооноос мэдэгдлээ. Түүнчлэн зээлийн хүү бууруулах бодлого хэрэгжсэнээр зээлийн хүү түүхэн доод түвшинд буюу сарын 1.19 хувьд хүрсэн нь зорилтот түвшинд ойртож буйн илрэл гэж тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцолсон юм.

Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай гарлаа. Оны эхнээс уул уурхайн салбар сэргэж эхэлсэн ч урд хөршийн хил гаалийн хязгаарлалт, тээвэр логистикийн хүндрэлээс үүдэлтэй аж үйлдвэр, барилгын салбарт хүндрэл бий болсон нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлахад нөлөөлжээ. Мөн дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан тээвэр, логистикийн хүндрэлээс үүдэж хэрэглээний үнэ өссөн. Мөн өнгөрсөн оны II хагаст манай улсын ихэнх аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн нь дотоодын мах, хүнсний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Харин энэ онд эдийн засаг сэргэхээр байгаа боловч цар тахлаас үүдэлтэй гадаад худалдаан дээр үүссэн гацаа, Орос-Украйны хурцадмал байдлаас үүдэлтэй хориг арга хэмжээ зэрэг нь тодорхой бус байдлыг ихээр нэмэгдүүлж байна.

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засгийн орчин нэлээд хүндэрсэн. Үүний нөлөөгөөр өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлт муудах, мөн цар тахлын үед авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд эргээд хэвийн болох зэргээс шалтгаалж ирэх жилүүдэд санхүүгийн секторт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тиймээс “Эдийн засагт үүсээд буй хүндрэлүүдийг бодлогын түвшинд шийдэх, тохируулга хийх нь  болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэдгийг Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг” онцоллоо.

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal