“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Mongolian Economy
2026-05-28 13:40:59
Ангилал: Санхүү

“Чингис хаан” дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор нийт зургаан төрлөөр үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа үйл ажиллагааны нээлт өнөөдөр (2026.05.28) боллоо. Үүнд мөнгөн нэг унц, таван унц, нэг килограмм, алтан 0.5 грамм, нэг унц, нэг килограммын зооснууд багтаж байна. Мөн мөнгөн нэг унц болон алтан 0.5 грамм, нэг унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг, гоёмсог гялалзсан эффект үүсгэдэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой юм.

Уг зоосыг  “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлын эх загварт тулгуурлан бүтээсэн юм. Дашрамд дурдахад, Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монголбанк “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээж, 2025 оны гуравдугаар сард Чингис хаан үндэсний музейд залсан юм.

Түүнчлэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлын эх загвар болон баримлыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд урлан бүтээсэн билээ. Монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бүтээгдсэн Чингис хааны алтан баримал нь Их Монгол улсын Алтан тамга, алтан хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрддэг. 

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд

Мөн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримал нь Монгол Улсад анх удаа 3D технологиор бүтээгдсэн, Италийн Сэргэн мандалтын өлгий нутаг Флоренци хотод хүрлээр цутгуулан, Италийн Милан хотод алтаар өнгөлүүлсэн, Их Монгол Улсын тамгыг 100 кг цул шижир алтаар цутгуулсан, хөшөөний суурь нь дэлхийд алдартай Италийн Каррара гантигаар хийгдсэн, долоон метр өндөр монументаль урлагийн бүтээл гэдгээрээ онцлог. 

Харин Монголбанк дурсгалын зоосыг жил бүр тодорхой сэдэв, түүхт ой, онцлох үйл явдалд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлүүлдэг. Эдгээр нь хийц, загварын хувьд дахин давтагдашгүй, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг тул хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэ цэнтэй өвд тооцогддог билээ. 

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой юм. 

Mongolian Economy