Чинюнь Дяо: Монгол Улсын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байна
Монгол дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч хатагтай Чинюнь Дяотай ярилцлаа.
-Юуны өмнө хүнсний баталгаат байдал, ойлголт, үзэл баримтлалын талаар товч дурдана уу?
-Дэлхийн II дайны дараа хүн төрөлхтөний өмнө тулгараад байсан өлсгөлөн, хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд шинээр байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхий дахинд хүнсний хангалттай нийлүүлэлт, үйлдвэрлэлийг дэмжихэд гол анхаарлаа хандуулж байв. 1974 онд Бангладеш улсад болсон аймшигт өлсгөлөнгийн улмаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ивээл дор 1974 оны 11-р сард Ром хотноо Дэлхийн хүнсний анхдугаар бага хурлыг зохион байгуулж Хүнсний баталгаат байдлыг “дэлхийн хүнсний хангамж аль ч үед хүрэлцээтэй байх’’ хэмээн тодорхойлсон.
1980-аад онд эдийн засагч Амартя Сен тэргүүтэй эрдэмтэд хүнсний баталгаат байдал алдагдах нь үйлдвэрлэл хангалтгүйгээс бус, харин хүртээмж муугаас үүдэлтэйг онцолсон нь хүнсний баталгаат байдлын талаархи ойлголтыг өргөжүүлсэнээр 1996 оны Дэлхийн хүнсний дээд чуулганаар хүнсний баталгаат байдлыг “Хүн бүхэн идэвхтэй, эрүүл амьдрахын тулд хэрэгцээ, сонголтодоо нийцсэн, хангалттай, аюулгүй, тэжээллэг хоол хүнсийг бүх цаг үед хүртэх бие махбодь, нийгэм, эдийн засгийн боломжтой байх” гэж тодорхойлсон байна.
2000 оноос хойш хүнсний баталгаат байдлын тухай ойлголт, мэдлэг улам гүнзгийрч хангамж, хүртээмж, хэрэглээ болон тогтвортой байдал гэсэн дөрвөн үндсэн хэмжээсийг энэхүү үзэл баримтлалд багтаасан. Тодруулбал, нийгэм эдийн засаг, агро-хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйлээс хамаарах улсын түвшний хүнсний хангамж, өрх гэрийн хүнсний хүртээмж, хувь хүний хүнсний хэрэглээ болон хүнсний нийлүүлэлтийн тасалдалгүй байдал гэсэн дөрвөн тулгуур үзүүлэлтийг харгалзаж хүнсний баталгаат байдал хангагдсан эсэхийг тодорхойлно гэж ойлгож болох юм.
Өрх гэр, хувь хүний түвшинд хүнс, шим тэжээлийн баталгаат байдлыг тодорхойлох нь энэ асуудлыг илүү бодитой ойлгож зөв бодлого, арга хэмжээ авахад ач холбогдолтойг ухаарах нь чухал юм. Нэмж хэлэхэд, сүүлийн жилүүдэд дээр дурдсан дөрвөн тулгуур үзүүлэлт дээр уур амьсгалын өөрчлөлт, хүнсний бие даасан байдал, байгаль орчныг доройтуулахгүйгээр хүнсний үйлдвэрлэлийг урт хугацаанд эрхлэх болон хүнсний тогтолцооны сөрөн тэсвэрлэх байдал зэргийг хүнсний баталгаат байдлын ойлголтод авч үздэг болсон.
Эндээс, тухайн улсад хүнсний баталгаат байдал хангагдаж байгаа эсэхэд нэг хоёр өгүүлбэрээр хариулт өгөх нь учир дутагдалтай гэдэг нь харагдах байх. Аливаа улсын хүнс, шим тэжээлийн баталгаат байдлыг хангах бодлогын цөм нь хүн төрсөн цагаасаа бие махбодынхоо хэрэгцээнд нийцсэн тэжээллэг, чанарын баталгаатай хоол хүнс хэрэглэх боломжоор хангагдаж үр дүнд нь эрүүл саруул өсөж бойжин, сурч, хөдөлмөрлөх өндөр чадвартай, бүтээмжтэй байж, урт бөгөөд чанартай амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн байх нь чухал. Энэ нь олон салбарын хамтын хүчин чармайлт гэдэг нь харагдаж байна.
Манай ХХААБ-ын хувьд байгууллагынхаа харьцангуй давуу талууддаа түшиглэн Илүү сайн үйлдвэрлэл, Илүү сайн шим тэжээл, Илүү сайн байгаль орчин болон Илүү сайхан амьдрал гэсэн дөрвөн чиглэлд төвлөрөн ажиллаж хүнс, хөдөө аж ахуйн урт хугацааны хөгжилд үр нөлөө үзүүлэх бодлогоор Монгол улстай хамтран ажиллаж байна.
-Монгол Улсын хүнсний баталгаат байдлын өнөөгийн нөхцөл байдлыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс хэрхэн үнэлж байна вэ?
-Өнөөгийн байдлаар Монгол Улсын хүнсний баталгаат байдал, түүний шалгуурууд болох хүнсний хангамж, хүртээмж, хэрэглээ, тогтвортой байдлын хүрээнд анхаарах асуудлууд байна. Тухайлбал, улс орны хэмжээнд олон төрлийн хүнсний хангамж, хүнсээр дамжуулан хүртэх шимт бодис, тэр дундаа бичил тэжээлийн хангамж ямар түвшинд байгааг одоогийн дата мэдээллээс үнэлэх боломжгүй юм. Хүн амын шим тэжээлийн доройтлыг сайжруулахад чиглүүлэн хүнсний нэр төрлийг хүнсний хангамжийн байдлыг тодорхойлох, хүнсний бүлгийн жагсаалтад түлхүү оруулах нь зүйтэй харагдаж байна.
Өөр нэг асуудал нь, Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд таван жил тутамд хийдэг судалгааны сүүлийн дүнг харахад, хүн амын дунд бичил тэжээлийн дутлын тархалт 2017 оны түвшнээс буураагүй, илүүдэл жин, таргалалт хүн амын дунд нэмэгдсэн. Мөн тав хүртэлх насны хүүхдийн дунд өсөлт хоцролтын тархалт үндэсний түвшинд өссөн байна. Хүмүүс хоол тэжээлээс авах шимт бодисыг зохистой хэмжээнд авахгүй байгаа нь эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засагт ч хортой. Энэ судалгааг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаагаар 1990-ээд оноос хийж ирсэн нь сайшаалтай.
Гэхдээ энэ судалгаагаар гарч байгаа дүнгүүдэд анхааран, байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулахад Засгийн газар манлайлан ажиллаж бүх талын хамтын ажиллагааг урт хугацааны тодорхой төлөвлөгөөтэйгөөр тогтвортой бий болгож, санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангаж байж үр дүнд хүрнэ.
-Танай байгууллагаас “Хүнсний Хувьсгал”-ын хүрээнд Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хүнс, хөдөө аж ахуй нь уул уурхайн дараа орох стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн хоёр дахь том салбар. Тус салбарын цаашдын амжилт, бүтэлгүйтэл аль аль нь бусад салбарын ахиц дэвшилд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь үнэхээрийн чухал.
Монгол Улсын газар зүйн байршил нь худалдаа, экспортын олон сорилтыг үүсгэдэг. Бараа бүтээгдэхүүний олон улсын тээврийн зардал өндөр, худалдааны логистикийн гүйцэтгэлийн хугацаа урт зэрэг тулгамдсан олон асуудал байна. Мах, сүү, ноос, ноолуур, арьс, шир зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтын өртгийн сүлжээ сул хөгжилд “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” зэрэг бусад хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа чиглэж байгааг бүрэн дэмжиж ажиллаж байна.
Бид үйлдвэрлэгч, судлаачид зэрэг холбогдох талуудтай ингэний сүү, дотор мах болон хар ямааны өөрийн өвөрмөц шинж бүхий ноолуур зэрэг бүтээгдэхүүний өртгийн сүлжээг, экспортлох боломжтой бүтээгдэхүүн хөгжүүлэхэд хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байна. Түүнчлэн, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн хөгжлийг дэмжиж “Венло” загварын гидропоник тариалалтын технологи бүхий хоёр хүлэмжийг Төв, Дархан-Уул аймагт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулахад амжилттай хамтран ажиллалаа.
Ингэснээр жилийн турш шинэ ногоо тариалах боломжтой болж, орон нутгийн аж ахуй эрхлэгчдийн орлого нэмэгдэхийн сацуу хүнсний ногооны хангамж ч мөн дээшилж байна. Түүнчлэн, бидний хэрэгжүүлсэн мал үржлийн зохиомол хээлтүүлгийн ажлын дүнд 600 гаруй өрхийн орлого, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулсан. Мөн сүүний фермерийн инкубатор хөтөлбөр нь залуу фермерүүдийн бизнесийн ур чадварыг дээшлүүлж байгаа зэрэг олон ажлыг дурдаж болно.
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхийн хэмжээнд хүнсний тогтвортой системийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгуудаас Монгол Улсад хамгийн тохиромжтой, үр дүнтэй гэж үзэж болох ямар ажил байна вэ?
-ХХААБ нь хүнсний тогтвортой тогтолцоог хөгжүүлэхэд дэлхий дахинд манлайлан бодлого, стратегийн боловсруулах, хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, “Парисын хэлэлцээр”-ийн зорилтод хүрэхэд дэмжих зэргээр улс орнуудын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн төлөв байдал” (State of Food and agriculture), “Хүнсний аюулгүй байдал ба шим тэжээлийн төлөв” (State of Food insecurity) зэрэг гол тайлангуудыг гаргадаг. Мөн хүнс, хөдөө аж ахуйн талаарх дэлхийн хамгийн өргөн мэдээллийн бааз (FAOSTAT)-ыг ажиллуулж байна.
Монгол Улсад хүнсний тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийсэн. Мөн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжид тусгасан ажлуудыг бид төслүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд, Монгол Улсад хөдөөгийн хүн амын нийт орлогын 70 орчим хувийг бүрдүүлдэг мал аж ахуй тэдний амьжиргаа, хүнс, шим тэжээлийн байдалд гол тулгуур болж байна.
Сүүлийн 35 жилийн хугацаанд мал сүргийн тоо толгой дор хаяж гурав дахин нэмэгдсэн. Энэ нь нийт бэлчээр талхлагдаж доройтох гол нөхцөл болж байна. Иймээс мал аж ахуйг эрхлэх арга барилдаа анхаарах зайлшгүй шаардлага үүсэхийн зэрэгцээ малчдын дийлэнх нь амьжиргааны хувьд тун эмзэг байгаа тул бидний ажил үүнд нэлээн чиглэж байгаа.
Газрын доройтлын улмаас Монгол Улсад жилд ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа гэсэн тооцоо байна. Энэ нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 43 хувьтай тэнцэж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг сайжруулахгүй бол нөхцөл байдал улам дордох, дунд болон урт хугацаанд Монгол Улсын эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, биологийн олон янз байдлыг хамгаалахад газар, бэлчээрийн доройтлоос үүдэлтэй аюул дарамт нэмэгдэх хандлагатай байна.
Монгол Улсад газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэхийн тулд бэлчээрийн даацыг тохируулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулахад олон талын оролцоотой, ландшафтын нэгдмэл түвшний газар зохион байгуулалтын төлөвлөлт чухал байгаа тул бид энд анхаарч тодорхой төслүүд хэрэгжүүлж байна. Газар нутгийн нэгдмэл түвшний газар зохион байгуулалтын төлөвлөгөөний аргачлалыг сайжруулахад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа.
Аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөлтөд анх удаа газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын хамгаалах асуудлыг тусган урт болон дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Одоогоор 4 аймаг 11 суманд ийм төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллаж байна.
-Хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлт, байгалийн эрсдэлийг даван туулахад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх нь үйлдвэрлэл, орлогыг тогтворжуулж, ялангуяа, хүн амын орлого багатай хэсгийн хүнсний хангамж, шим тэжээлийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй. Хүнсний баталгаат байдлын талаар илүү гүнзгий өргөн хүрээтэй ойлголттой болохын тулд 2022 онд манай байгууллага НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэн хамтран судалгаа хийж, үндсэн хоёр дүгнэлтэд хүрсэн.
Нэгдүгээрт, Монгол орны уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас нэлээд дээгүүр, энэ зууны эцэс гэхэд таван хэмээс давж болзошгүй байгаа нь хөдөөгийн хүн амын амьжиргаа, хүнс, шим тэжээлийн хангамжид ноцтой үр нөлөө үзүүлж болзошгүй байна. Өнөөгийн хүнс тэжээлийн хангамжтай холбоотой учирч байгаа эрсдэлүүд уур амьсгалын өөрчлөлтийн хэт халалт, усны хомсдол, бохирдол, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлсээр улам хурцдах төлөвтэй байна. Эдгээр хүчин зүйлсийн үр нөлөө хөдөөгийн хүн амын амьжиргааг улам бэрхшээлтэй болгож, хүнсний импортын хамаарлыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн тээвэр, хүнсний хадгалалтад үлэмж сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
Хоёрдугаарт, хүн амын дунд тулгарч буй хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулах урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж гарсан. Үүний тулд дээр хэлсний адилаар хүн амын хүнс тэжээлийн нэр төрлийг олшруулах, хот хөдөөгийн аль алинд нь эрүүл хүнсний эрэлт хэрэгцээг хөхүүлэн дэмжих, эрүүл бус жингийн нэмэгдлийг бууруулах зэрэг олон талт арга хэмжээг авах хэрэгтэй.
Монгол Улсын хүнс тэжээлийн асуудалд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны олон эрсдэлийг шийдвэрлэхийн тулд хөрөнгө оруулалт, бодлого, бүтэц зохион байгуулалтын олон зөвлөмжүүдийг энэ дүн шинжилгээнээс гаргасан. Бидний ажил эдгээр асуудлуудад чиглэж байна.
-Та Монголын ард иргэд болон залуу үеийнхэнд хүнсний аюулгүй байдлын талаарх ямар зөвлөгөө, уриалга өгөхийг хүсэж байна вэ?
-Монголын бүх насныхны дунд шим тэжээлийн байдал сайнгүй үүнээс улбаатай эрүүл мэндийн олон асуудал үүсэж энэ байдал нь хүний амьдралын чанарыг доошлоход нөлөөлж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай энд мөн хамаарна. Үүнд бүх хүмүүс анхаарч, өөртөө хариуцлагатай байхад анхаарч мөн тодорхой шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргэж хамтран ажиллавал үр дүнгээ өгнө гэж бодож байна.
Иргэд, ялангуяа залуус өөрсдийн хэрэгцээний хүнсээ тарьж ургуулдаг, өсгөж үржүүлдэг байх нь нэн хэрэгтэй. Үүнтэй холбоотой нэг чухал асуудал бол хүнсний хаягдал, түүнийг бууруулах тухай. Үүнд мэдлэг мэдээлэлтэй хандахыг уриалж байна.
Залуус хүнс, хөдөө аж ахуй, байгалийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлд мэргэжил сонгон суралцаж, судалгаа инновац, дижитал технологи ашиглан сорилтуудыг шийдэхэд идэвхтэй оролцож, түүнийг шийдвэр гаргагчид бодлогоор дэмжвэл өөрсдийн ирээдүйг өөрсдөө бүтээх гол суурь болно гэж бодож байна. Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн төрийн үүрэг биш, мэргэжилтэй, мэдлэгтэй залуусын оролцоо, санаачилгаар бэхжих хамтын хариуцлага юм.
“Хүнсний хувьсгал” тусгай дугаараас
2025.12.12
