Шинэ сэргэлт-шинэ төмөр зам

T.Amarjargal T.Amarjargal
2022-03-14 17:43:11
Ангилал: Дэд бүтэц

2022 он төмөр замын салбарын “оргил” жил болох учиртай. “Оргил” жилийн нэгэн онцлох бүтээн байгуулалт нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам юм. Энэ сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын дөрөвдүгээр багийн нутаг Сэрвэн баян хошуу багийн Халзан цав хэмээх газарт энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ. 226 км үргэлжлэх уг төмөр зам нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийг хамрах бөгөөд Зүүнбаян өртөөнөөс эхлэн Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл үргэлжилж, БНХАУ-ын Мандал боомттой холбогдох юм.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж албаныхан мэдэгдсэн. Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв Бугат хот руу нийлүүлэх төмрийн хүдэр, нүүрсний хэмжээ эрс нэмэгдэнэ. Тэр дундаа, төмрийн хүдрийн экспорт 2-3 дахин өснө гэсэн тооцоо бий. Одоогоор манай улс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаас жилдээ 4.8 сая орчим тонн төмрийн хүдэр олборлож байна. Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр экспортын хэмжээ 10-13 сая тонн болж өснө гэсэн хүлээлт бий. Мөн тээвэрлэлтийн өртөг буурснаар төмрийн хүдрийн экспортоос олох орлого нэмэгдэнэ. 

Одоогоор Монгол Улсын экпорт ганц боомтоос хараат гэхэд хилсдэхгүй. Харин Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Ханги боомт Замын-Үүд боомтын ачааллыг хуваалцана. Үүгээр барахгүй тээвэрлэлт “тойруу зам”-аас гарна.  Тодруулбал, Бугат хот руу нүүрс тээвэрлэхийн тулд Тавантолгойгоос олборлосон нүүрсээ Гашуунсухайтын боомтоор нэвтрүүлж, улмаар  авто зам болон төмөр замаар цааш тээвэрлэдэг. Харин эл төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсийг Бугат хот руу шууд тээвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж, Хөх хотоор дамжуулан Бугатад хүргэдэг байсан бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор 240 км замыг товчлон бүтээгдэхүүнээ Бугат хүргэх боломжтой.

Ингэснээр тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.

Эдийн засгийн ийм өндөр ач олбогдолтой зам учраас хугацаа алдалгүй ашиглалтад оруулах нь чухал. Хэрэв тээвэр логистикийн гацаа үүсэж, техник тоног төхөөрөмж, шаардлагатай бараа материалын дутагдалд орохгүй бол ирэх арваннэгдүгээр сар гэхэд утсан харилцаагаар удирдан галт тэрэг аялуулах боломжтой талаар албаныхан мэдэгдсэн. 

Бүтээн байгуулалтын хувьд хамгийн нүсэр ажил нь ул шороо, далангийн ажил. Тиймээс жил хүрэхгүй хугацаанд 200 гаруй км газарт төмөр зам тавихын тулд 32 аж ахуйн нэгж ажиллах аж. Бүтээн байгуулалтын үр дүнд 1300 гаруй ажлын байр бий болно. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахад 400 орчим сая ам.доллар зарцуулна. Гэхдээ Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүй.

Тодруулбал, “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж, 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессын гэрээ байгуулжээ. Мөн энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээ болж байгаагаас гадна хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвар болж буй гэдгээрээ үр ашигтай.

Цаашлаад Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл 281 км төмөр замын суурь бүтцийг барьснаар Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж, 318 км-ээр дөт болох юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын шанг татах нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ач холбогдлыг онцлон дурдсан. 

Тэрбээр “Манай улсын эдийн засаг уул уурхайгаас, улсын төсөв  нүүрсээс, шатахуун нэг улсаас, импорт ганц боомтоос хамааралтай нь бодит үнэн. Үүнийг бид цар тахлын үед илүү их мэдэрсэн. Эдийн засгийн цусны эргэлтийг боомилсон боомтын гацааг шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй. Тиймээс Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд боомтуудаа авто зам, хурдны зам, төмөр замаар цаг алдалгүй үе шаттай холбоно. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын боомтын нэвтрүүлэх хүчин чадал 20 сая тонноор нэмэгдэнэ. Тэрдундаа, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар өсөх боломжтой. Мөн монголчууд нэг зуны дотор 200 гаруй км төмөр замыг барьж чаддаг болохыг олон улсад харуулснаар Монголд хөрөнгө оруулах нь үр ашигтай гэдгийг гадны хөрөнгө оруулагчид ойлгох болно” гэсэн юм. 

Ийнхүү 2018 оны намраас дуншсан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Гагцхүү төслийг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр эдийн засгийн сэргэлтийг дэмнэх хөгжлийн галт тэрэг гараанаасаа хөдөлнө. 

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal