“Эрдэнэс Оюу Толгой” ХХК 7000 орчим мод тарьжээ
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюу Толгой төслийн Засгийн газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2023 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур буюу 6635 мод тариад байна.
Э.Ганхүү “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд манай компани нэгдэж, өмнөх жилүүдэд 6600 гаруй мод тарьса. Бид энэ жилийн “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор зохион байгуулагдаж буй бүх нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр албан хаагчдаараа нэгдэн Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд хус, буйлс, мөнгөлөг жигд төрлийн 200 орчим модыг тарьж “БАЯЛАГ” бичил төгөл байгууллаа” гэв.
Түүнчлэн ЭОТ ХХК Хэрлэн тооно төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрлэн гол дээр ус хуримтлуулах усан сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулан усаар хангах нь Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамтад нь шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжуудыг дахин сэргээх, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шинээр бий болгох, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломжтой “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагТооно уулын урд хэсэгт Хэрлэн голын урсацад олон жилийн тохируулга хийж 2400м урт, 40 м өндөр олон зориулалт бүхий усан цогцолбор байгуулан 1.6 тэрбум.м3 эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулах юм. Одоогоор төслийн ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байна.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хамт олон Өмнөговь аймгийн Ханбогд сум болон Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт нийт 7000 орчим мод тарьж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг Тэрбум Мод үндэсний хөдөлгөөнд нэгдээд байна.