Цар тахлын үеэр Италид өнгөрүүлж буй өдрүүд

Mongolian Economy
2020-06-15 12:45:04
Ангилал: Коронавирус

Дэлхийг тойрч үзэх мөрөөдөлдөө хөтлөгдөн 2019 оны зунаас би Европоор унадаг дугуйгаар аялж эхэлсэн юм. Удалгүй аяллаа түр зогсоож Венец хотод түр суурьшин хотын захад байрлах нэгэн жижиг ресторанд зөөгчөөр ажилд орж билээ. Тэгээд нэг л мэдэхэд аялал жуулчлалын хөл хөдөлгөөн өрнөсөн Венец хотын амьдралд ээнэгшин дассан байлаа.

Шинэ он гараад удаагүй байтал БНХАУ-д гарсан шинэ төрлийн коронавирусийн тухай мэдээлэл телевиз, радио, нийгмийн сүлжээгээр цацагдаж байсан нь саяхан мэт. Хоёрдугаар сарын эхэнд Ром хотод ирсэн Хятадын хоёр жуулчнаас коронавирусийн халдвар илэрч Итали улс дахь анхны тохиолдол болон бүртгэгдсэн юм. Үүнээс долоо хоногийн дараа Үхань хотоос ирсэн итали иргэнээс Ковид-19-ийн халдвар илэрч нийт халдвар авсан хүний тоо гурав болов.

Тухайн үед италичууд санаа зовсон байдалтай харагдавч коронавирусийн тухай мэдээг ноцтойгоор хүлээж авахгүй байлаа. Жишээлбэл, манай рестораны ажилтнууд Ковид-19-ийг хор хөнөөл, аюул мэтээр авч үзэлгүй тоглоом шоглоом болгон ярьж байсан даг. Харин хоёрдугаар сарын дунд үед Ломбарди мужид коронавирусийн 25 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёрдугаар сарын сүүлч гэхэд уг тоо 60 болж, цар тахлын улмаас 22 хүн нас барав. Гуравдугаар сарын эхэн гэхэд Итали улс Ковид-19-ийн халдварын голомт болон хувирлаа.

Италичууд цар тахалтай хэрхэн тэмцэв

Гуравдугаар сарын 8-нд цар тахлын голомт болсон Ломбарди муж болон ойр орчимд нь хөл хорио тогтоож, дараагийн өдөр нь Итали улс даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Түүнчлэн гуравдугаар сарын 11-нд шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтыг зогсоох зорилгоор ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан юм. Миний ажилладаг ресторан мөн адил хаалгаа барьсан бөгөөд ердөө нэг сар үргэлжлэх болов уу гэж найдаж байсан хөл хорио хоёр сар үргэлжлэв.

Италид амьдарч буй хүмүүс хоёр сарын турш хөл хорионд орж, тусгай зөвшөөрлийн бичиггүй гадуур явсан тохиолдолд 3000 евро хүртэлх торгууль төлөх зохицуулалт Засгийн газраас гаргасан. Тиймээс би зөвхөн хүнсээ цуглуулах зорилгоор гэр, супермаркетын хооронд л явдаг болов. Хүнсний дэлгүүрийн гадаа маск зүүсэн хүмүүс хоорондоо дор хаяж нэг метрийн зайтай дугаарлаж, нэг нэгээрээ дотогш ордог байлаа. Хятад эсвэл АНУ шиг бусдад санаатайгаар коронавирус тараах гэсэн оролдлого италичуудын дунд гарсангүй.

Хөл хорионд байхад коронавирусийн халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байна, халдвар авсан хүний тоогоор Итали дэлхийд дээгүүрт орлоо, эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхээ байлаа гэх мэдээ тасрахгүй байв. Тэр ч бүү хэл Италид маскийн хомсдол үүсэж, эмч нар маскгүй ажиллаж байна гэсэн мэдээ хүртэл дуулдана. Ковид-19-ийн эсрэг хамтдаа тэмцэхийн тулд Хятад, Бразил, Австри, Албани улсууд Италид тусламжийн гараа сунган маск нийлүүлж, эмч нараа хүртэл илгээж байсан нь сайшаалтай.

Цар тахлын улмаас гэрийн хорионд буй италичууд бие биедээ урам өгөхийн тулд тагтан дээрээ чанга дуугаар хашгирна, дуу дуулна, бүр “диско”-дох залуучууд ч байв. Энэ нь Италид амьдарч буй хүмүүст итгэл найдвар төрүүлж, надад ганцаараа биш гэдгийг минь сануулсан юм даа.

Энэхүү үйл явдлаас Италийн ард түмэн ямар өөдрөг, найрсаг, дулаахан хүмүүс вэ гэдгийг харж болох биз ээ.

Итали дахь монголчууд

Анх Итали улсад Ковид-19-ийн халдвар илрэхэд монгол иргэд сандарч, нутаг буцдаг бил үү гэж ярьцгааж билээ. Тэр дундаа ажил, аяллын зорилгоор түр хугацаагаар ирсэн монголчууд хамгийн хүнд байдалд байсан юм. Эдгээр хүмүүс хоноглох газаргүй, хэтэвчиндээ мөнгөгүй шахуу, хоол хүнсээ арайхийн залгуулж байв. Тиймээс 300 гаруй монгол иргэн Итали дахь Монгол Улсын элчинд нутаг буцах хүсэлт удаа дараа гаргаж, Монголоос тусгай үүргийн онгоц ирэхийг харуулдан суудаг байсан гэхэд хилсдэхгүй. Италид суурьшин амьдардаг монголчууд элэг нэгт монголчууддаа чадах чинээгээрээ тусалж, гэртээ хүртэл хонуулж байлаа.

Харин Италид ажиллаж, амьдардаг монголчуудын хувьд бараг бүгд эндээ үлдэж хамтдаа цар тахлыг даван туулахыг илүүд үзсэн. Тэр дундаа Монгол руу коронавирус тээж очоод яахав гэх хүмүүс ч мэр сэр байсан санагдана. Азаар Итали улсаас бүх иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгосноор хоолтойгоо залгаж билээ.

Өнөөдрийн байдлаар Европоос нийтдээ 2768 монголчууд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа. Саяхан зургадугаар сарын 8-нд Монгол Улсын Онцгой комисс хоёр мянган иргэнээ тусгай үүргийн найман нислэгээр эх орондоо авчрахаар шийдвэрлэсэн ба Итали болон Мальтад байгаа иргэдийг зургадугаар сарын 19-ний Франкфурт-Улаанбаатарын нислэгт хамруулна гэсэн нь туйлын сайхан мэдээ.

Гэвч тусгай нислэгийн тийзний үнэ 800-1000 евро болно гэсэн нь харийн оронд зүдэрч буй иргэдэд хүнд тусаад байна.

Эдийн засагт үзүүлсэн нөлөө

Цар тахал нь Италийн эдийн засгийн 13 хувийг бүрдүүлдэг аялал жуулчлалын салбар, тэр дундаа зочид буудал, ресторан, үйлчилгээний байгууллагад том хохирол учрууллаа. Хөл хорио тогтоосон учир Итали руу ирэх гадаадын жуулчид болон гадаад валютын урсгал зогссон. Гуравдугаар сарын 21-нд бүх жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Италийн Засгийн газар гаргасан билээ.

2020 онд Италийн ДНБ долоон хувиар буурч, гадаад өрийн ДНБ-тэй харьцуулсан харьцаа жилийн эцэс гэхэд 130-аас 180 хувиар өснө гэж эдийн засагчид таамаглаж байна. Итали улс гадаад өр төлбөрөө барагдуулахын тулд хэцүү он жилүүдийг туулахаас өөр аргагүй боллоо. Мөн Италийн төсвийн алдагдал 2020 онд 11 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог Европын хороо гаргасан.

Цар тахлын үед Италийн өмнөд хэсгийн оршин суугчид хамгийн их хохирол амссан юм. Тухайн бүс нутагт хараар ажилладаг хүмүүс ажилгүйдлийн тэтгэмж авах эрхгүй байдаг учраас амь тэмцсээр. Италийн Засгийн газар 400 сая еврогийн өртгөөр ядуу иргэддээ хүнсний дэлгүүрээс хүнс худалдаж авах тасалбар хүртэл тарааж байсан юм. Сонирхолтой нь Италийн мафийн бүлгүүд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусламж болгож хоол хүнс тарааж эхэлсэн. Энэ нь энэрэнгүй зан гаргасандаа бус оршин суугчдыг хяналтдаа байлгахыг эрмэлзсэн явдал гэсэн хардлага ч гарав.

Хөл хориог суллав

Одоогийн байдлаар Италид 236,000 хүн коронавирусийн халдвар авч, 34.000 хүн нас барж, 169,000 хүн эдгэрсэн байна. Тавдугаар сарын 4-нд “Хоёрдугаар дугаар үе шат” нэртэй Ерөнхий сайдын тогтоол гарч, гэрийн хориог суллаж, зарим үйлчилгээний газрыг шат дараатай нээж эхэлсэн юм. Энэ тогтоолд нэг мужаас нөгөө муж руу зорчихыг хориглож, зөвхөн ажлын болон эрүүл мэндийн шалтгаантай хүн зорчихыг зөвшөөрсөн байна. Ихэнх үйлдвэр, барилгын үйл ажиллагааг эхлүүлж, ресторан болон үсчинг нээх боломжтой болсон билээ.

Хөл хориог суллахад миний ажилладаг Opera ресторан эхлээд хоол хүргэх үйлчилгээ үзүүлдэг байсан ба аажмаар үйлчлүүлэгчдийг хүлээн авч эхэлсэн. Жуулчдаар тасардаггүй Opera рестораныг минь үйлчлүүлэгчгүй шахуу өдрүүд тойрч биш дайрч гардаг болжээ.

Би тавдугаар сарын сүүлчээр байрнаасаа нүүх шаардлагатай болж, шинэ байр хайж явахдаа жуулчдын хөлд дарагддаг байсан Венец хотын гудамжаар өнгөрсөн. Энэхүү гудамжаар хэдхэн итали хүн холхиж байгаа нь хуучны Италийн өнгө төрхийг санагдуулсан юм. Итали дахь гадаадын оюутнууд, жуулчид, бизнесмений тоо цөөрсөн учраас байрны түрээсийн үнэ огцом буурч, байр түрээслэгчид ихээхэн хохирчээ. Тиймээс Италийн Засгийн газар зургадугаар сараас эхлэн Европын орнуудаас ирэх жуулчдад хилээ нээх шийдвэр гаргасан юм.

Цар тахлын хүнд цаг үе дуусаж, Европын хамгийн алдартай аялал жуулчлалын хот Венец дахин жуулчдын хөлд дарагдах өдөр ойрхон байгаа гэж найдъя. Тэр үед би ч мөн адил дэлхийг тойрох аялалдаа эргэн гарах болно.

 

“Цар тахлын үеэр гадаадад өнгөрүүлж буй өдрүүд” цувралын  СингапурАНУФранц, Тайланд дахь монголчуудаас ирүүлсэн нийтлэлийг линк дээр дарж унших боломжтой.   

 

Mongolian Economy