Иргэд оршин суугаа газартаа тав тухтай, эрүүл энх амьдрах хамгийн зөв зам бол хороо, сумынхаа хөгжилд идэвхтэй оролцох юм. 

Ардчиллын амин сүнс бол иргэдийн оролцоо

Дэлхийн хот болгонд өөрийн асуудлууд бий. Улаанбаатар хот ч мөн адил. Явган хүний замыг хааж тавьсан машинууд, гэрэлтүүлэггүй гудамж талбай, ил хогийн цэгүүд, хаа сайгүй машин зам, алга дарам цөөн хүүхдийн талбай, ногоон байгууламж. Гэрээсээ гараад л бид энэ бүх дүр зургийг олж хардаг. Гэвч амтай болгон муулдаг ч хөлтэй болгон үүнийг өөрчлөхийн төлөө явдаггүй. Амьдарч буй хорооноосоо эхэлж өөрчлөлт хийх нь иргэн бүхний хийж чадах ажил. Хорооныхоо хөгжилд оролцсон эсэхийг маш энгийн асуултаар л мэдэх боломжтой. Та амьдарч буй хорооныхоо хуралд сууж үзсэн үү? Хороондоо хийгдэх ажлуудад санал өгч байсан уу?

Сайхан амьдрал хүн бүрийн оролцооноос эхэлнэ. Ардчилсан засаглалын амин чухал шинж нь засаглах үйл явц буюу төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бий болгох явдал юм. Иргэдийн оролцоо нь нэг талт харилцаа биш бөгөөд хоёр талын идэвх санаачилга хангагдаж байж жинхэнэ оролцоо болдог. Жеймс Крейтон судлаачийн “Олон нийтийн оролцооны гарын авлаганд оролцоог иргэд санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргахад нөлөөлөх үйл явц гэж тодорхойлдог. Тэгвэл иргэд хэр хэмжээнд оролцох вэ гэх асуулт зүй ёсоор тавигдана. Шерри Арнштейн хэмээх судлаач 1969 онд томьёолсон оролцооны түвшинг илэрхийлсэн шатлалуудыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон дэлхийн бусад орон жишиг болгон ашигладаг. Түүний үзэж буйгаар оролцоо хангагдаагүй, хэлбэрдэх болон хангагдсан хэмээх гурван шатлал бий.

Оролцоо хангагдаагүй буюу оролцоогүй үе: Шийдвэр гаргагчид аливаа шийдвэр гаргах, бодлого боловсруулах зэрэг үйл явцад иргэдийн саналд тулгуурлалгүй асуудлыг шийдвэрлэж, эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Иргэдийн дэвшүүлсэн асуудал, мэдээллийг үгүйсгэх, худал мэдээлэл өгөх, заль мэх хэрэглэх явдал түлхүү ажиглагддаг.

Оролцоог хэлбэрдэх үе. Иргэдийн саналыг шийдвэрлэх гэж буй дүр үзүүлэх, иргэдийн бүлэг, олон нийтийн байгууллагатай уулзалт зохион байгуулах замаар мэдээлэл өгч, иргэдийн санал санаачилгад тулгуурлан асуудлыг шийдвэрлэнэ гэх мэтээр тайлбарлах байдал давамгайлна. Гэхдээ эдгээр үйл явц нь хэлбэр төдий байх бөгөөд иргэдийн саналыг тусгахгүй, зөвхөн өөрсдийн саналаар эцэслэн шийдвэрлэх байдал давамгайлдаг.

Оролцооны идэвхтэй үе буюу оролцоо хангагдсан үе. Шийдвэр гаргагчид орон нутгийн болон улс орны аливаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх, хэрэгжүүлэх зэрэг үйл явцад иргэдийг идэвхтэй оролцуулж, тэдгээрийн санал, зөвлөмжид тулгуурлан шийдвэр гаргадаг. Мөн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд иргэд болон иргэний нийгмийн байгууллагаар хөндлөнгийн хяналт үнэлгээ хийлгүүлдэг. Ингэхдээ төр болон иргэдийн хооронд бодит харилцаа, харилцан хамтын ажиллагаа үүсч, тогтвортой оршин тогтнож, түүнчлэн иргэдээс гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусгасан цагт иргэдийн оролцоо жинхэнэ утгаараа хангагддаг юм. Өөрөөр хэлбэл, ямарваа үйл ажиллагаа, хөтөлбөрт олон нийт өөрсдөө хувь нэмрээ оруулах ёстой.

Алхам, алхмаар хөгжье: ХОРООНЫ ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ РҮҮ

Иргэд амьдарч буй хорооныхоо асуудлыг мэддэг, оновчтой илэрхийлдэг байх хэрэгтэй. Эс тэгвээс хэн нэгэн таны өмнөөс хамгийн их зардлаар хамгийн оновчгүй шийдэл санал болгоно гэж “Ger community mapping center”-ын судлаач Г.Батдорж хэллээ. Үүний нэг жишээ бол Сүхбаатар дүүргийн 6-р хорооны хогийн цэг юм. Тус хороо болон хог ачилтын төрийн өмчит компани хоорондоо хамтарч ажилладаг байв. Үр дүнд нь хог ачих машин сард ганц ирэх хооронд иргэд хогоо замбараагүй хаясаар хогондоо дарагддаг байлаа. Харин иргэд шийдвэр гаргах үйл явцад оролцсоноор ямар үр дүн гарсныг доорх зургаас харж болно. Тэд нийлж хог ачих хуваарь гаргаж, хогийн машин хэзээ ирдгийг бүгд мэддэг болсноор амьдрах орчноо эрс сайжруулсан байна.


Зураг тайлбар: Өмнө нь зургаан сая төгрөгөөр бүтсэн хогийн цэг болон хоёр сая төгрөгөөр, иргэдийн оролцоотой бүтсэн хогийн цэгийн ялгаа

2012 онд Сангийн сайдын 244 тоот тушаалаар иргэдийн саналыг хорооны хөгжилд тусгах анхны алхам хийгдсэн. Улмаар 2013 онд Төсвийн тухай хуулиар иргэдийн оролцоотой тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл анх удаа батлагдсан юм. Ингэснээр Орон Нутгийн Хөгжлийн Сан (ОНХС) бий болж, тухайн орон нутаг, хороодын иргэд амьдарч буй орчиндоо хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санаачлах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой болсон. Гэвч иргэд ОНХС-ийн тухай, эрхээ мэдэхгүй бол тэрхүү эрхээ эдэлж чадахгүй.

Азийн Сангийн 2016 оны санал асуулгаар нийт 33 хорооны иргэдийн 82 хувь ОНХС-ийн талаар зохих түвшний ойлголтгүй байв. Уг сан нь НӨАТ, газрын тос, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон хайгуул, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг эх үүсвэрээс бүрддэг. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас цаашлаад аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. Тус санд 2013-2019 онд нийт 895 тэрбум төгрөг хуваарилсан байх жишээтэй. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлэг сайжруулах, бэлчээр хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шанд хамгаалах зэрэг олон төсөл, арга хэмжээг санхүүжүүлж ирсэн.

2013 онд Төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш улс даяар иргэдийн саналыг авах олон арга туршсан ба хэвлэмэл асуулгыг жил болгон өрхүүдээс авсаар ирэв. Гэвч шинэ технологи ашиглаж мөнгө болон цаг хэмнэх бүрэн боломжтой. Ийм жишээ ч олон бий. 2018, 2019 онд амьдарч байгаа орчноо сайжруулах талаар зорилтот хороодын иргэдээс ОНХС-ийн хөрөнгөөр жил дараалан цахимаар санал авч, иргэдийн саналыг богино цаг хугацаанд нэгтгэн холбогдох газарт хүргэсэн билээ. Үүний үр дүнд өмнө нь өрх бүрт хэсгийн ахлагч очиж санал авдаг байсан бол цахим руу шилжсэнээр нэг өрхийн 18-аас дээш насны хэдэн ч хүн санал өгөх боломжтой болов. Ингэснээр хэсгийн ахлагч нар өгөгдлийг шивж оруулах зэрэг илүү зардал байхгүй болсноос гадна нохойд хөөгдөх, хальтарч унах зэрэг эрсдэл ч үгүй болжээ.

SmartUb ухаалаг гар утасны аппликейшнээр 2018 онд есөн дүүргийн 19 хорооны 13,000 иргэдийн саналыг авсан бол 2019 онд зургаан дүүргийн 42 хороо хамрагдсанаас нийт иргэдийн 43 хувь буюу 76 мянган иргэн цахимаар саналаа өгчээ. ММСG компанийн судалгаагаар Монгол Улсын 15-60 насны иргэдийн 99.6 хувь буюу 2.1 сая хүн гар утас ашиглаж байгаа бөгөөд үүнээс 1.7 сая нь ухаалаг гар утастай аж. Гэвч тавхан хором зарцуулаад гар утсаар хорооныхоо хамгийн тулгамдсан асуудлыг тодорхойлоход иргэдийн ердөө 43 хувь оролцсон нь чамламаар. Үүний шалтгааныг Виллиам Райкер болон Петер Ордешоокын 1968 оны санал асуулгын онолоор тайлбарлах гэж оролдъё.

Уг онолын дагуу, санал асуулгын дүнд нэг хүний нөлөөлөх магадлал болон үр дүнд нь хүртэх өгөөжийн үржвэр дээр тухайн иргэний санал өгөх үүрэг хариуцлагыг нэмнэ. Энэ нийлбэр үнэ цэн нь санал өгөхөд гарах зардлаас давсан тохиолдолд санал өгөх нөхцөл бүрдэх аж. Шийдвэрт нөлөөлөх нэг хүний саналын магадлал (М) маш бага тул М x Ө (өгөөж) ихэвчлэн маш бага утгатай гарна. Тэгэхээр Ү (үүрэг хариуцлага) буюу санал өгөх үйлдлээ хэрхэн үнэлэх иргэн бүрийн мэдрэмж нь санал өгөхөд гарах зардалтай шууд тулдаг. “Би саналаа өгсөн” гэх мэдрэмж иргэдийн хувьд өндөр байх тусам тухайн иргэн нийгмийнхээ хөгжлийн нэг хэсэг нь байна. Харин зардлын хувьд санал өгөх байраа олохоос авхуулаад очиж саналаа өгөх цаг, санхүүгийн хүчин зүйлс бүгд багтана. Харин цахимаар санал авах нь энэхүү зардлыг бууруулж, улмаар санал өгөх үйл явцыг хялбаршуулах юм.

Нийт 129 сая хүн амтай Америкийн сонгуульд нэг хүний нөлөөлөх магадлал тэгтэй ойролцоо. Харин Монгол улсад, нэн ялангуяа хорооны санал асуулгад нэг хүний оролцоо, нөлөөлөх магадлал харьцангуй өндөр юм. Тиймээс дээрх онолын дагуу санал өгөх зардлын хүчин зүйлсийг бууруулж, үүрэг хариуцлагыг нь иргэдэд ойлгуулж, мөн хорооныхоо хөгжилд нэг хүний санал ч маш хүчтэй нөлөөтэй гэдгийг ухамсарлуулах нь санал хураах үйл явцыг идэвхжүүлж, сайжруулах учиртай. Зөвхөн зардал бууруулж, санал хураалтыг цахимжуулах нь иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцуулахад хангалтгүй. Тэгвэл та, таны найз, гэр бүл хорооныхоо санал асуулгад оролцоход юу дөхөм болох вэ? Энэ талын судалгаа ч мөн бидэнд хэрэгтэй билээ. Эцэст дурдахад, бүх зам Ром хүрдэг гэдэгтэй адил нийгмийн бүх хөгжлийн эхний алхам бол иргэдийн оролцоо билээ.

Иргэд амьдарч буй хороондоо Орон Нутгийн Хөгжлийн Сангаар хийгдэх ажлуудад SmartUB 📲 аппликэйшнийг ашиглан саналаа өгөх боломжтой. Уг санал асуулга гуравдугаар сарын 01-нээс  дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжлэх тул иргэн та саналаа идэвхтэй өгөөрэй. Нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд оршин суугаа 18-аас дээш насны бүх иргэн уг санал асуулгад оролцох боломжтой.