Ардчилсан хурдасгуур

Mongolian Economy
2020-08-05 15:45:36

Монголчууд олон улсыг тольдож, дэлхийтэй харилцах дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй байсан нь мэдээлэл холбооны салбар юм. 1994 онд цахим шуудан буюу имэйл бий болж, хоёр жилийн дараа 24 цагийн интернэттэй боллоо. Бас үүрэн холбооны анхны оператор байгуулагдсан нь ардчиллын хурдасгуур болох мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэцтэй болсон юм. Төд удалгүй үүрэн холбооны дараа дараагийн операторууд, интернэт үйлчилгээний тоглогчид өрсөлдөж эхлэв.

Үүрэн холбоо монголчуудыг хооронд нь холбосон бол интернэт үйлчилгээ нь Монголыг дэлхийтэй холбосон хэмээн интернэтийг эх орондоо анхлан нэвтрүүлсэн “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат дүгнэсэн. Тун удалгүй барууны ертөнцөд интернэтийн хувьсгал явагдаж, “дот ком”-ын хөөсрөл болов. Интернэттэй танилцаад удаагүй байсан монголчууд тэр тухай хожим л сонссон байх.

Түүнээс хойш 20 орчим жил өнгөрөхөд монголчууд мэдээллийн технологи өнгөрсөн зууны төгсгөл, энэ зуунд эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болж байгааг хэдийн ойлгож, хөл нийлүүлэн урагшилж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны зарим тоо баримтыг үзвэл өнгөрсөн хугацаанд энэ салбарт төрийн оролцоо харьцангуй бага байж, тэр хэрээр хөгжил хурдацтай явагджээ. Зөвхөн техник, дэд бүтцийн үзүүлэлтээр 2008-2018 онд мэдээлэл холбооны үндсэн сүлжээ 6.1, үүрэн холбооны сүлжээ 2.3 дахин өссөн бол интернэтийн сүлжээ 102.2 дахин тэлсэн байгаа нь тус салбарын хатуу дэд бүтэц хангалттай бүрдсэнийг илтгэнэ. 2015 болон 2018 онд MMCG компанийн хийсэн судалгаанаас үзвэл салбарын үйл ажиллагаанд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшин тогтмол 78 хувьтай гэжээ. Энэ нь монголчууд ундны усны чанараа үнэлдгээс ч илүү үзүүлэлт юм.

Эдийн засгийн тоон утгаараа энэ салбарт өсөлт манай улсын ДНБ-ий өсөлтөөс бараг хоёр дахин хурдтай явагдаж байна. Цаашилбал, сүүлийн 10 жилд орлого болоод хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлж буй орлого нь 2.4 дахин тэлжээ. Энэхүү өсөлтийн талаас илүү хувийг үүрэн холбооны үйлчилгээ бүрдүүлж байна.
Д.Энхбат “Өмнө нь хүмүүс зөвхөн утсаар ярьдаг байсан бол одоо компаниудын дотоод холбоо, үйл ажиллагаанууд мэдээллийн технологид суурилж байна. Үүнийг дагаад компаниудын төрөлжилт, зах зээлийн харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсрол гэх мэт салбарууд өөрчлөгдөж байгаа. Энэ үйл явц дэлхийн бүхий л оронд өрнөж байна. Дэлхийн хамгийн том 10 компанийг жагсаахад найм нь мэдээллийн технологи, интернэтэд суурилсан үйл ажиллагаатай компани болсон байна” гэв.

Дэлхийн мэдээллийн технологийн бизнесүүдийн зургааны нэг нь холбоосоос, үлдсэн хэсэг нь контентоос мөнгө олж байна. Шинэ тутам гарч ирж буй хиймэл оюун, блокчэйн, их өгөгдөл зэрэг технологи нь салбарын хөгжлийг түргэсгэх хэдий ч ямар контентийг хэрхэн хүргэж буй нь яваандаа эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөх нь лавтай. Facebook, Тwitter, Youtube, Snapchat, Tiktok гээд контент үйлдвэрлэгчид л өнөөдөр цойлж байна. Үүгээр дамжуулж бизнесүүд бараа бүтээгдэхүүн, бизнесээ борлуулж байна.

Гэхдээ контент үйлдвэрлэлд судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны потенциалтай улс орнууд тэргүүлэх нь маргаангүй юм. Тиймээс Монгол шиг жижиг улсад тулгарч буй сорилт нь нэг талаас энэ зах зээлийн оролцогч болох бэлтгэлээ хангах, нөгөө талаас нэгэнт бий болсон орчинд ухаалаг зохицуулалт хийх явдал. Хүүхэд, хувь хүн болоод хуулийн этгээдийн нэр хүнд, хувийн нууцыг хамгаалах, оюуны өмчийг хамгаалах, улс үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих, тэрчлэн хүний ёсноос гажууд аливаа тэрс үзэл, үйлдэлд уриалахгүй байх гээд нарийн зохицуулалт энэ салбарт үгүйлэгдэж байгаа.

Манжийн дарлал дараа нь социалист лагерийн нэг бүрэлдэхүүнд байсан хаалттай Монгол 30 жилийн дотор дэлхийн мэдээллийн урсгалын нэг оролцогч болсон нь ардчиллын үр дүн. Хүн бүр, иргэн бүр нь цахим орчноор дамжиж засаглалд оролцдог болсон нь бодит утгаараа мэдээлэл холбоогоор дамжуулан ардчиллыг батжуулах том боломж юм.

 

 

 

 

Mongolian Economy