А.Балжир: Хар нуур хүнд байдалд байна

Sarangerel
2024-09-27 16:05:19
Ангилал: Нийгэм

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжиртай ярилцлаа.

-Хар нуур жилээс жилд багасаж байна гэж нутгийн иргэд хэлж байна. Нуурыг хамгаалах тал дээр орон нутгаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хүмүүсийн очих дуртай Жигэстэй нуур, түүний зэргэлдээ, залгаа шанаануудын ус багассан. Тойргийн радусаараа усны төвшин нэлээд багассан. Нуурт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй гурван амралтын газар, зөвшөөрөлгүй нэг амралтын газар байна. Гэр кэмпүүд 4-5 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн. Нуурын хойгуур 2-3, эхээр 3-4, урдуур 3-4 гээд орон нутгийн болон аймгийн хүмүүс гэр кэмп ажиллуулж байна. Гэр кэмп ажиллуулж болох, болохгүй асуудал ярьвал орон нутагт эрх мэдэл байдаггүй. Өнгөрсөн жил аймгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч гээд сумаас өргөн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт явуулсан.

-Цаашдаа яавал дээр гэж та бодож байна вэ?

-Уг нь энэ нуурыг хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа санаачлаад тодорхой төлөвлөгөө гаргаж, ТЭЗҮ-г хийж батлуулаад бодлогын баримт бичиг боловсруулчихсан байгаа. Энэхүү ТЭЗҮ-гээр нуурын дэргэд үйл ажиллагаа явуулах гэр кэмп, байшин барилга, майхан савын байрлах ёстой газруудыг тодорхой болгож, стандарт, дүрэм журмыг хийж өгсөн байдаг. Газар зүйн хувьд дээжийг нь уг нь авсан. Өнөөдөр бол дуртай нь гэр барина, сүүлдээ давраад гэрээ авч явахаасаа залхуураад тэндээ пүнз энэ тэр барьчихдаг. Контейнер зассан газраа гэрээ хураачихаад явчихдаг. Сум нь шаардлага тавъя гэхээр нуур тусгай хамгаалалттай газрын захиргаанд байдаг болохоор бид шууд арга хэмжээ авах хуулийн боломжгүй. Боломж нөхцөл нь хуулийн хүрээнд зөрчилддөг. “Хар нуур-Үндэсний парк” төсөл хэрэгжвэл бүх зүйл дэг журамтай болох байх.

-Энэхүү төслийг дагаад ямар боломж нээгдэнэ гэж харж байгаа вэ?

-Хүнд харуулах бодлогын баримт бичиг. ТЭЗҮ-д Хар нуур руу 73 км хар зам татахаар байгаа юм. Бодлогоор дэмжигдэхгүй л байх шиг байна. Дээш нь яам руу уламжилсан байх. Харин аймгийн өнөөгийн Засаг дарга энэ төслийг дэмжиж байгаа. Бодлогоор л арга хэмжээ авахгүй бол нуур хүнд байгаа. Ус нь багассаар байна. Аймгаас 30 сая төгрөг төсөвлөж, нөөцийнх нь судалгааг хийсэн. Загасыг хориотой гээд барьж болохгүй. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр ан амьтан агнах хориглосон хуультай. Хулгайн анчид маш олон бөгөөд баригдахгүй зугатчихдаг. Уг нь хуулиараа загасыг өвөл барих ёсгүй. 12 дугаар сарын 1-нээс нэгдүгээр сар гартал загас дүрсээ шахдаг үе нь юм шиг байгаа юм. Харин хулгайн анчид өвлийн саруудад нуур хөлдчихдөг учраас тороор барьдаг. Дээр нь олон хүн нуурт, Мухартын голд ирдэг учраас хүмүүсийн баас, шээс хүчрэгдэхгүй болсон. Аялагчид дуртай газраа хогоо хаяад явдаг. Эдгээр асуудлаар дээрээс чиг гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж өгөхгүй бол Мухартын гол, Хар нуур хоёр маань өдрөөс өдөрт хэцүү болж ирж байна.

/“Улаагчны хар нуур-Үндэсний парк” төсөлд зориулсан тусгай дугаараас 2024.09 сар/