Богд хаант төрийн “ногоон бодлого”

Mongolian Economy
2020-03-31 15:23:39
Ангилал: Байгаль орчин

Өнөөдөр дэлхий даяар ногоон хөгжлийн талаар ярьцгааж, нийгэм, улс төр, эдийн засгийн томоохон ногоон өөрчлөлтүүдийн хөтөлбөрийг батлан гаргаж, улс орондоо, дэлхий нийтийн хүрээнд уралдан хэрэгжүүлцгээж байна. Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь, олон хүний хэлдгээр, XXI зууны улс төрийн гол сэдэв, мөн орчин үеийн соёл иргэншлийн хөгжлийн шинэ загвар болж байгаа мэт.

Харин монголчууд бид өөрийн түүх, соёл, амьдарч ирсэн уламжлалт арга хэлбэрээ эргэцүүлэн ухаарвал ногоон гээд байгаа энэ үзэл бодол нь бидний хувьд цоо шинэ зүйл бол огт биш, аль эртнээс л бидний амьдрах ухаанд (амьдралын философид) үргэлж оршин ирсэн зүйл мэт. Энэ талаар нэгэн сонирхолтой жишээг энд иш татья. Одоогоос 100 жилийн өмнөх Монголын хаант төрийн “ногоон бодлогын” талаар ингэж өгүүлсэн байна …

Жавзандамба хутагтын дэргэд ноёд Монголын тухайн үеийн болон ирээдүйн нөхцөл байдлын талаар XIX – XX зууны зааг үеэр олон удаа хэлэлцэж байжээ. Харин 1909 онд болсон Богд болон ноёдын хуралдаанаар онцгой асуудал хэлэлцсэн байна. Учир нь Манжийн эрх баригчид, тухайлбал Манжийн Сангийн яамнаас Хүрээнд буй амбангаараа дамжуулан Монголын чуулган дарга, засаг ноёдоос дараах асуултуудад тодорхой хариулт авахыг шаардсан байв.

Эдгээр асуултууд нь:
А. Яагаад Монголын уудам газар нутаг цөөн хүн амтай байж хятад иргэдийг нүүлгэн оруулах, газар тариалан эрхлүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа,
Б. Дээр дурьдсан нөхцөл байдалд Хаалган Хүрээ хоёрын хооронд төмөр зам байгуулах асуудал юугаар нөлөөлж байгаа, үүнд ямар хүндэтгэх үндэслэл байгаа,
В. Хятад иргэдийг суурьшуулах, газар тариалан эрхлэх, төмөр зам барих, авто машины зам тавих зэрэг нь үнэхээр Монголын нүүдэлчид болон мал аж ахуйг шахах үндэслэлтэй юм бол уул уурхайн үйлдвэр эрхлэх нь ямар шалтгааны улмаас бас шахах халгаатай гэж үзээд байгаа талаар хоёрдмол утгагүй нэгэн хариулт өгөхийг Жавзандамба хутагт болон Монголын ноёдоос Манжийн хааны Засгийн газар шаардсан байжээ. Иймээс Богд болон ноёд эл асуудлыг нухацтай хэлэлцэж, маш болгоомжтой хариулт өгөх шаардлагатай болсон байна.

Удтал хэлэлцсэний дүнд Манжийн эрх баригчдад өмнө өгсөн хятад иргэдийг Монгол нутагт суурьшуулах болон газар тариалан эрхлэх боломжгүй гэсэн байр сууриа хамгаалж, бэлчээрийн мал аж ахуй нь өвлийн ууланд нүүдэллэх хэрэгцээтэй байдаг тул уул уурхай нь төрөл бүрийн муу үр дүн авчирна хэмээн үзэж байгаагаа Хутагт хийгээд ноёд илэрхийлжээ…(“Монгол үндэстэн төр улсаа сэргээн тунхагласны 99 жилийн ойд” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, 2010 оны арванхоёрдугаар сар)

Зөвхөн энэ баримтад үндэслэн Богд Жавзандамба хутагт болон Монголын төрийн эрх баригч ноёд чухам байгаль дэлхийдээ санаа зовсон учир хятад иргэдийг Монголд нүүлгэн ирүүлэх, уул уурхай эрхлэхэд татгалзав уу, эсвэл байгаль дэлхийн асуудлыг урдаа барьж шалтаглан Манж-Хятадын бодлогыг хааж байв уу гэдгийг шууд ялган хэлэхэд хэцүү. Гэхдээ аль ч хувилбараар нь авч үзсэн байгаль дэлхийн асуудал бол тэр үед ч гэсэн Монголын төрийн бодлогын чухал сэдэв байсан, мөн Манжийн төрийн хувьд ч монголчуудын энэ тайлбар нь үнэмшилтэй үндэслэл болж байсныг эндээс харж болно.

Түүхийн энэ жишээ нь өнөөгийн бидэнд нэгэн чухал сургамж, санааг хэлж өгч байна. Хэрэв монголчууд бид байгаль орчноо хамгаалан хөгжих үндэсний бодлогоо цэгцтэй томьёолон, тууштай хэрэгжүүлж чадвал тэр нь гадаадын уул уурхайн компаниудын тулгалт, тэдний ард байгаа геополитикийн их дарамтыг даван гарах бидний хүчирхэг зэвсэг, тэдний хувьд бол дургүй байсан ч хүлээн дагахаас өөр аргагүй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн “найрсаг” хаалт, зохицуулагч дүрэм байх болно.

Mongolian Economy