Бүр их халуун агаар

Mongolian Economy
2023-09-05 12:00:07
Ангилал: Олон улс

Дэлхийн уур амьсгал, уур амьсгалын бодлогоос юуг хүлээх вэ

Сүүлийн жилүүдэд цаг агаарын ноцтой үзэгдлүүд бүх тивд ээлжлэн тохиосон нь агаар мандалд хүлэмжийн хий хуримтлагдвал ямар үр дагавар авчирч болохыг харуулав. Ийм үзэгдлүүд 2023 онд олширно. Дэлхийн дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх түвшингээс 1.1-1.3 хэмээр өндөр байгаа учраас уур амьсгалын өөрчлөлт нь үер, ган, түймэр, хэт халууны урсгалыг улам дордуулна.

Агаарын дундаж хэм хурдтай нэмэгдэж байгаа ч уур амьсгалын тогтворгүй байдалд нөлөөлдөг байгалийн хүчин зүйлүүд үүнд нэрмээс болж байна. Хамгийн хүчтэй нөлөөллийн нэг нь халуун орны бүсийн уур амьсгалыг Эль Нино, Ла Нина системд хэлбэлзүүлж байдаг Эль Нино-Өмнөд Хэлбэлзэл (ENSO) юм. Товчхондоо, Эль Ниногийн нөлөөллөөр Номхон Далайн төв, зүүн хэсэгт их бороо орж, Австрали Азид ган болдог бол Ла Нина нь Зүүн Африкийн ган, баруун Африк, Өмнөд Ази дахь борооны шалтгаан ажээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь ENSO-ийн мөчлөгт нөлөөлдөг эсэх, нөлөөлбөл хэрхэн нөлөөлдгийг судалгаагаар тогтоох боловч эдгээр мөчлөг нь дэлхийн дулаарлын оройд байгаа ба Ла Нинагийн жилүүдэд дунджаас хүйтэн байх нь тодорхой юм. Одоогийн мөчлөгийг 2023 онд нейтрал үе залгах юм бол дэлхийн дундаж хэм бага зэрэг нэмэгдэнэ. Харин Эль-Ниногийн үе залгаж, агаарын хэм нэмэгдвэл дэлхийн дундаж хэм Парисын хэлэлцээрт заасан 1,5 хэмд хүргэх зорилтод дөхнө. Энэ нь сүүлийн жилүүдэд ажиглагдсанаас илүү хор хөнөөлтэй цаг агаарын эрс тэс үзэгдлийг нэмэгдүүлнэ.

Ийм хөнөөлтэй үзэгдлүүдийг хязгаарлаж, нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах замаар уур амьсгалыг тогтворжуулах нь олон улсын уур амьсгалын яриа хэлцлийн зорилт бөгөөд хамгийн сүүлийнх нь 2022 оны арваннэгдүгээр сард Египетийн Шарм Эл-Шэйхт болсон. Украины дайн, түүнээс үүдсэн эрчим хүч, хүнсний хямралын сүүдэрт COP27 дарагдаж, уур амьсгалын дипломат бодлогын таагүй үед болж өнгөрсөн. Геополитикийн бусад асуудлаас тусад нь авч үздэг байсан уур амьсгалын улстөрийг тэгж үзэхээ болив. Тухайлбал, богино хугацааны эрчим хүчний найдвартай байдлыг урт хугацаанд нүүрсхүчлийн ялгарлыг багасгах зорилтын өмнө тавих болсноор нүүрсний хэрэглээ нэмэгдлээ.

Дараагийн яриа хэлцэл 2023 оны арваннэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болно. Бага зэрэг зөрчилтэй байршил. АНЭУ-ын уур амьсгалын элч Султан бин Ахмед Аль Жабер бол газрын тос үйлдвэрлэгч Abu Dhabi National Oil Company-ийг толгойлдог Засгийн газрын сайд юм. Газрын тос, байгалийн хий нь нүүрсхүчлийн тэг-ялгаралтай эдийн засагт тодорхой үүрэг гүйцэтгэсээр байна, газрын тос, байгалийн хийн компаниуд дэлхийн эрчим хүчний шинэчлэлийн “идэвхтэй түнш” байна гэж үздэгээ тэрбээр илэрхийлсэн. Түүний зөв эсэх талаар маргаан дэгдэж магадгүй.

Нэг талаар дэлхий дахин тэг-ялгаралтай болох зорилтоо биелүүллээ ч зарим малтмал түлшийг энэ зууны дунд үе хүртэл шатаасаар байна. Машин, галт тэргийг цахилгаан болгох нь хялбар бол онгоц, тээврийн салбарыг нүүрсхүчлийн ялгаралгүй болгох нь хэцүү. Зарим малтмал түлшийг хэрэглэх, үүнээс үүдсэн ялгарлыг бусад улс нүүрсхүчлийн ялгарлаа бууруулахтай хослуулан тэнцвэржүүлэх нь хамгийн зөв сонголт байх болов уу.

Нөгөө талаар, дэлхийн дулаарлыг Парисын гэрээнд заасан 1.5-2 хэмд хязгаарлахын тулд малтмал түлшний хэрэглээг огцом бууруулах шаардлагатай. Тэг-ялгарлын зорилтод хүрэхийн тулд шинээр малтмал түлшний боловсруулалт хийхгүй байхыг Олон улсын эрчим хүчний агентлаг уриалсан. АНЭУ-д болох уулзалт нь эрчим хүчний шинэчлэлд газрын тосны компаниудын гүйцэтгэх үүрэг болон тэд асуудлын бус шийдлий нэг хэсэг болох тухай хэлэлцэхэд түлхэц болно .

КАТЕРИН БРАХИЧ Байгаль орчин хариуцсан редактор, The Economist

Дэлхий-2023 дугаараас

Mongolian Economy