Б.Барсболд: Энэ онд 500 мянган жуулчин хүлээж авах боломж харагдаж байна

B Shurenchimeg
2023-04-04 16:40:14
Ангилал: Аялал жуулчлал

МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболдтой ярилцлаа.

-Манай улс аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд нэн тэргүүнд юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Ямар ч бизнест гадаадын хөрөнгө оруулалт татъя гэвэл нэн тэргүүнд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн хил, гаалийн асуудлыг цэгцлэх, визний хүндрэл, чирэгдлийг шийдэж, гадаадын жуулчдад таатай үйлчилгээ бий болгох нь чухал юм. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд 2021 онд багагүй нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт хэр сайн болсон гэж бодож байгаа вэ?

Уг хуульд нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын визний зохицуулалтыг боловсронгуй болгож цахим виз олгох, визний хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэргээр олон улсын жишигт нийцүүлэх чухал зохицуулалтууд хийсэн. Гэхдээ анхаарах хэдэн зүйл бий. 

Тодруулбал, жуулчин болгон 48 цаг дотор бүртгүүлэх ёстой. Мөн очсон газар, хоносон буудал, хооллосон ресторан бүртээ бүртгүүлэх заалт орсон нь гадны жуулчдад болон энэ салбарт бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Энэ бол бидний яриад байгаа эрх зүйн таатай орчныг бий болгохын эсрэг заалт юм. Гадаадын жуулчдыг татах зорилготой манай салбарынхан үүнийг тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Энэ хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан Гадаадын иргэн, харьяатын газрынханд удаа дараа хүсэлтээ илгээсэн.

Энэ заалт жуулчдын ая, тухтай аялах нөхцөлийг хангах бус эсрэгээрээ хүндрэл, чирэгдэл үүсгэж байгаа нэг асуудал болоод байна. Жуулчдын Монгол руу ирэх урсгалыг сааруулах нэг шалтгаан болох магадлалтай заалт.

-Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдээс энэ хууль болон уг заалтын талаар та бүхэнд хэр их санал хүсэлтээ илгээж байна вэ? 

-Энэ талаар өнгөрсөн онд манай салбарынхан хэлэлцэж, 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлэх, очсон газар бүртээ бүртгүүлэх заалт нь жуулчдыг татахад саад болно гэсэн саналаа бодлого боловсруулагч, хамаарал бүхий байгууллагуудад хэлсэн. 

Үүний үр дүнд 48 цагийн дотор бүртгүүлээгүй тохиолдолд үүсэх торгуулийг түр зогсоогоод байна. Өнөөдрийн байдлаар уг хуулийн заалтаас үүдэн торгууль тавьсан асуудал гараагүй. Цаашид энэ талаар дахин санал гаргаж, Монголыг зорин ирж буй жуулчдад аль болох таатай, хурдан шуурхай үйлчилгээг бий болгохоор зорино. 

Аялал жуулчлалын зөвлөлд ихэнхдээ ямар санал, гомдол ирдэг вэ?

-Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Аялал жуулчлал бол яах аргагүй эдийн засгийн тулгуур салбарын нэг юм. Хөрөнгө оруулалт, зардал бага шаарддаг, богино хугацаанд эдийн засаг, экспортод нөлөө үзүүлэх салбар. Энэ утгаараа маш олон орныг визний хөнгөлөлтөд оруулсан, цахим виз олгох системийг нэвтрүүлсэн зэрэг ажил хийгдэж байгаа.

Гэхдээ сайжруулах зүйл олон бий. Тухайлбал,  цахимаар виз авахад систем гацдаг, бүлэг, олон жуулчдын мэдээллийг оруулахад ойлгомжгүй байдал үүсдэг. Энэ талаар аялал жуулчлалын компани, хувь хүмүүс хүсэлт гаргадаг. 

-Цар тахлын өмнөх аялал жуулчлалын салбарыг яг өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад хэр байна гэж та дүгнэх вэ? 

-Манай улс 2019 онд хамгийн олон жуулчин хүлээж авсан. Тухайн жил 577 мянган гадны жуулчин манай улсад ирсэн. Цар тахлын хүндрэлээс үүдэж Монголыг зорих жуулчдын тоо 90 хувь буурсан. 

Харин энэ онд дэлхий дахинаа аялал жуулчлалын салбар хөдөлгөөнд орж, жуулчдын тоо эрс нэмэгдэж эхэллээ. Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл ирсэн жуулчдын тоо нэлээн нэмэгдсэн. Оны эхний гурван сарын төсөөллөөр явбал оны эцэст 500 гаруй мянган жуулчин хүлээн авна гэсэн дүр зураг ажиглагдаж байна. 

Манай улсын хувьд цар тахлын дараа нэг сая жуулчин хүлээж авна гэдэг амар ажил биш. Дэлхий нийтээр жилдээ 1.4 тэрбум хүн аялдаг гэсэн судалгаа байдаг. Энэ аялагчдын тоо 2024 онд буцаж энэ түвшиндээ хүрнэ гэж олон улсын аялал жуулчлалын байгууллагууд тооцоолж байгаа. 

Манай улсад ирж байгаа аялал жуулчдыг орноор нь авч үзвэл ОХУ, БНСУ-ын жуулчид тэргүүлдэг. Мөн энэ жил Хятадаас олон жуулчин ирэх дүр зураг ажиглагдаж байгаа. Хөрш зэргэлдээ орныхоо жуулчдад анхаарал хандуулан ажиллаж чадвал том боломж гарч ирэх болов уу. 

-Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд юун дээр илүү анхаарах шаардлагатай гэж та хэлэх вэ? 

-Ковидоос үүссэн нэг том хүндрэл бол салбарын хүний нөөцөө алдсан явдал байлаа. Бидний хийсэн судалгаанаас үзвэл цар тахлын өмнө аялал жуулчлалын салбарт 88 мянган хүн ажилладаг байсан бол ковидын үеийн хоёр жилд энэ тоо 60 хүртэл хувиар буурсан. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн үг байдаг. Манай улс сая жуулчин хүлээж авахын тулд эхлээд хүний нөөцөө бэлдэж, ажиллах хүчээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай тулаад байна. 

Үйлчилгээний байгууллагууд ажиллах хүчний дутагдалтай байгаа нь эргээд жуулчдыг хүлээж авах чанар, стандартад сөргөөр нөлөөлж байна. Энэ нь жуулчдын сэтгэл ханамж, Монголын үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын талаарх үнэлэмжийг бууруулна. Тиймээс аж ахуйн нэгжүүд хүний нөөцөө бэлдэж, чадавхжуулах, үйлчилгээний чанар стандартдаа анхаарах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg