Б.Жавхлан: Бондуудын төлбөрийг барагдуулаагүй бол Хөгжлийн банк дефолт болох байсан

Mongolian Economy
2023-05-15 12:27:51
Ангилал: Ярилцлага

Монгол Улсын Хөгжлийн банкны түүхэн дэх хамгийн ээдрээтэй цаг үе нь 2022 болон 2023 он байх болов уу. Учир нь тус банкны санхүүгийн гол үзүүлэлтүүд, томоохон зээлүүдийн эргэн төлөлт нийгэмд дуулиан дэгдээлээ. Мөн бондуудын төлбөртэй холбоотой тус банкнаас авч хэрэгжүүлсэн шийдвэрүүд ч олны анхаарлыг татаж байна. Эдгээр асуудлаар бид Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.  

-Монгол  Улсын нийт гадаад өр, тэр дундаа Засгийн газрын гадаад өрийн хэмжээ, бондуудын төлөх хуваарь болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн үлдэгдлийн хэмжээ ямар түвшинд байгаа талаарх сүүлийн үеийн мэдээллийг та манай уншигчдад өгнө үү?

 –2022 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын гадаад өр есөн тэрбум ам.доллар байна. Үүний 63 хувь нь гадаадын зээл, 30 хувь нь бондын өр төлбөр. Энэ харьцаа зөв чиглэл рүү явж байна гэж хэлж болно. Өмнө нь Засгийн газрын гадаад өрөнд бондын эзлэх хувь хэмжээ өндөр байснаа ийн багасаж байна. Аливаа бондын хугацаа богино, хүү өндөр байдаг нь улсын төсөв болон валютын нөөцөд дарамт авчирдаг. Сүүлийн жилүүдэд дунд хугацааны стратегийн хүрээнд эргэн төлөх хугацаа нь тулж ирээд байсан бондуудыг  “Century 1”, “Century 2” төслүүдийн хүрээнд амжилттай хойшлуулж, бондын хүүг багасгаж чадсан. Ингэснээр ойрын гурван жилийн хугацаанд учирч болох гадаад өрөөс хамаарсан дефолт болохоос сэргийлж чадсан. Товчхондоо бид бондын менежмент дээр сайн ажилласан.

Цаашдаа гадаад зээлийн ашиглалтыг онцгой анхаарч, чанартай болгох зайлшгүй шаардлагатай байна. Бондын эрсдэлээс гарлаа гээд санаа амарч болохгүй. Учир нь гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваариуд давхцаж, улмаар 2024 оноос эхлэн  төлбөрийн тэнцэлд дарамт учруулж болзошгүй.

Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш  авсан урт хугацаат хөгжлийн зээлүүдийн эргэн төлөлт хийх хугацаа 2024 оноос түлхүү орж ирэх хуваарьтай. Хэдийгээр бид өрийн таазаа бууруулж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ өсгөж чадсан боловч цаашид шинэ орон зай дээрээ бизнесийн зарчимд тулгуурласан өрийг өөрөө төлж чадах, төлбөрийн тэнцэлд үр өгөөжтэй, эдийн засагт ашигтай, зөвхөн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд батлагдсан төслүүдийг санхүүжүүлэхэд анхаарах болно.

-Хөгжлийн банк “Самурай” бондын төлбөрийг зээлийн эргэн төлөлтөөс бүрдүүлсэн эх үүсвэрээсээ бүрдүүлж, Монголбанканд байршуулж чадлаа. Цаашид тус банк  бондын үлдэгдэл төлбөрийг бүрдүүлэх тал дээр яаж ажиллах вэ?

-2021 онд Хөгжлийн банк үндсэндээ дампуурахад ойрхон ирээд байсан. 2023 онд эргэн төлөгдөх хуваарьтай, Засгийн газрын баталгаатай “Самурай”, “Евро” бондын  төлбөрийг төлж барагдуулаагүй бол зөвхөн “Хөгжлийн банк” дампуураад зогсохгүй Засгийн газрын түвшинд дефолт үүсэх эрсдэлтэй байсныг санаж байгаа байх.

Тиймээс 2022 онд тус банкны чанаргүй зээлийг зээлдэгчдээр нь эргэн төлүүлэх нь туйлаас чухал байлаа. Засгийн газар энэ чиглэлд онцгой анхаарч ажилласнаар 30 тэрбум иенийн өрийг төлж барагдуулахад бэлэн болсон.

Хөгжлийн банкны дуулиан олон улсад цочроо өгсөн нь үнэн. Бид хөрөнгө оруулагчдадаа бондоо хугацаанаас нь өмнө татах боломжтой талаар мэдэгдсэн боловч нэг ч бонд эзэмшигч эргүүлэн татаагүй.

Бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газарт итгэх  итгэлээ алдаагүйд талархаж байна. Үндсэндээ 2022 оны III улирал гэхэд банк дампуурлын эрсдэлээс гарч чадлаа.

-Гэхдээ Засгийн газрын баталгаагүй, 500 сая ам.долларын “Евро” бондын эргэн төлөлт валютын нөөцөд дарамт авчирсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Энэ жил эдийн засгаа тогтворжуулах, гадаад валютын нөөц нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Бид энэ бондыг төлөх төгрөгийн нөөцөө бүрдүүлж байгаа хэдий ч гадагшаа валютаар төлбөр хийгдэх учраас нөөц дээр энэ хэмжээний дарамт ирэхийг тооцоолж ажиллаж байна.

Одоогоор бид 500 сая ам.доллароос 80 сая ам.долларыг эрсдэлгүй болгоод байна. Ирэх есдүгээр сар хүртэл хугацаа бий. Хөгжлийн банкны гадаад өрийг өөрийн эх үүсвэрээр нь төлүүлэхээр зорьж ажиллана.

-Хөгжлийн банк энэ оны эхээр Евро бондоос хугацаанаас нь өмнө 50 гаруй сая ам.долларыг хэсэгчлэн худалдаж авсан. Уг алхмын талаар та юу хэлэх вэ? Мөн Евро бондын бүрэн төлөлтийг хийхээс өмнө дахиж ийм хэсэгчилсэн худалдан авалт хийх төлөвлөгөө бий юу?

-Бондыг хугацаанаас нь өмнө худалдан авах  нь зах зээлд тийм ч зөв сигнал биш. Хөрөнгө оруулагч хугацаанаасаа өмнө буцаах хүсэлтэй байгаа тохиолдолд худалдан авах нь бидний үүрэг ч гэлээ өөрсдийн  санаачилгаар зах зээлээс татах нь тийм ч сайн зүйл биш шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын өгөөжийн хүү өсөлттэй байвал хугацаанаас өмнө татах шаардлага үүсэхгүй.

Мөн мэдээж, хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газарт итгэх итгэл нэмэгдэх тусам буцаан татах сонирхолгүй байх нь ойлгомжтой. Тэгэхээр бид Засгийн газарт итгэх  итгэлийг нэмэхэд давхар анхаарах ёстой.

-Саяхан Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 650 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр “Гэрэгэ”, “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой боллоо. Гэхдээ шинэ бонд нь өмнөх бондуудаас хүү багатай, урт хугацаатай байж хараахан чадсангүй. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?

Энэ удаагийн бондыг маш амжилттай гаргаж чадсан гэдгийг ярианыхаа эхэнд заавал онцлох хэрэгтэй. Энд би хоёр зүйл дээр төвлөрч тайлбарлая л даа. Эхнийх нь бондын хүүтэй холбоотой. Энэ бондын хүү 8,65 хувь байх үед Америкийн төв банкны  хүү 4,5 хувьтай байсан. Хүүгийн зөрүү 4,15 байгаа биз? Өмнөх бондуудын хүүгийн зөрүү 4,5-аас өндөр байсан. Тухайлбал, “Гэрэгэ”, “Хуралдай” бондын хүү  5.7-8.75 хувь байсан. Тэр үед Америкийн төв банкны бодлогын хүү нэг хувь байсан.

Азийн бүх хөрөнгүүд Америк руу урсаж, Америкийн төв банкны  бодлогын хүү нь 4.5 хувь байгаа үед 8.65 хувийн хүүтэй бонд гаргасан нь гадаадын хөрөнгө оруулагчдын  хувьд манай Засгийн газарт итгэж байгаагийн том илрэл юм. Тэгэхээр хамгийн боломжит хүүтэй гарсан гэсэн үг.

Хоёрдугаарт, 650 сая ам.долларын бонд дээр нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирсэн. Энэ бол том амжилт. Одоо эргээд харъя. Америкийн төв банкны бодлогын хүү өсөх хандлагатай байна. Тэгэхээр одоо бонд гаргасан бол ийм хүүтэй гаргаж чадахгүй. Тэгэхээр бидний хувьд “цонх үе”-ийг ашиглаж, хамгийн тохиромжтой үед бонд гаргаж чадсан гэж бодож байна.

-Монгол Улсын Засгийн газар 11 жилийн өмнө анх удаа бонд гаргаж байсан. Тэр цагаас хойших бондуудын өгөөж, нэн ялангуяа улс орны эдийн засагт өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдэд зориулагдсан эсэх, импортыг орлож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсныг дүгнэхэд чамлалттай, зөвхөн өрийг өрөөр дарахад голлон чиглэсэн гэж үзэж болох уу?

Тантай санал нэг байна. Бид анх гаргасан бондоос босгосон санхүүжилтийг богино хугацаанд хэрэгжиж, үр өгөөжөө өгөх төсөлд хөрөнгө оруулалт хийж чадсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй. Иймээс бондыг дахин  санхүүжүүлэхээс өөр аргагүй нөхцөлд орж байна. Жишээлбэл, Чингис бондын мөнгө Хөгжлийн банканд очоод чанаргүй зээл болчихсон шүү дээ. Тэгэхээр дахин санхүүжилт хийхээс өөр сонголтгүй болоод байна.

-Цаашид гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглахдаа бид ямар стратеги, бодлого баримтлах ёстой гэж үзэж байна вэ?

2022 оны тавдугаар сард УИХ-аар Монгол Улсын Дунд хугацааны өрийн стратегийн баримт бичгийг баталсан. Энэ хүрээнд 2025 он хүртэл арилжааны буюу богино хугацаатай, өндөр хүүтэй бонд гаргахгүй байхаар тогтсон. Зөвхөн бондын өрийг санхүүжүүлэх буюу хугацааг уртасгах, хүүг бууруулах зорилгоор дахин санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.

Мөн ДНБ өсөхийн хэрээр гадаад өрийн орон зай нэмэгдэнэ. Энэ орон зайн дээр урт хугацааны хөгжлийн зээл авах нь зөв. Энэ зээлээр “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ын хүрээнд батлагдсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2023 оны 3-4-р сарын (192, 193) дугаараас

 

 

 

 

Mongolian Economy