Б.Лхагвасүрэн: Банкууд чадавхжсанаар санхүүгийн зах зээл хөгжинө
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Банкны салбарт одоо л шинэтгэл өөрчлөлт хийгдэж байгаа гэж ойлгохгүй байна. Урьд өмнө нь шинэчлэл, дэвшлийн олон ажил хийж байсан. Энэ удаад ямар онцлог бүхий шинэчлэлтийг нэн тэргүүнд хийх гэж байгаа вэ?
-Банкны салбарыг хөгжүүлэх шинэтгэлийн арга хэмжээг Монголбанк сүүлийн жилүүдэд эрчимтэй авч хэрэгжүүлж байна. 2016 онд эдийн засаг нэлээд агшсан, валютын нөөцгүй, эдийн засгийн дотоод чадавх шавхагдсан, дээр нь банкны салбараас эдийн засаг руу олгодог зээл зогсчихсон хүндрэлтэй үе байсан. Тиймээс 2017-2018 онд банкны салбарт Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өндөр түвшний стандартаар боловсруулагдсан, Европын төв банкны аргачлалын дагуу активын чанарын иж бүрэн үнэлгээг хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэсэн. Зүүн өмнөд азийн орнуудаас анх удаа бүх банкийг хамруулан банкны актив, зээлийн эрсдэл болон барьцаа хөрөнгөнд үнэлгээ хийснээрээ онцлог юм.
Монгол Улсын банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, салбар дахь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын орчныг сайжруулах, хяналт шалгалтын аргачлалыг олон улсын стандарттай нийцүүлэх зорилгоор шинэтгэл хийгдэж байгаа. Юуны өмнө банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар банкуудыг чадавхжуулах шаардлагатай бөгөөд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх олон улсын туршлагууд байдаг. 2008 оны банк санхүүгийн том хямрал нэг орноор хязгаарлагдалгүй дэлхийг хамарч, энэхүү хямралыг давж туулахад АНУ-ын Засгийн газраас том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийт 800 тэрбум ам.долларыг төсөвтөө суулгаж, банкуудад хөрөнгө оруулах замаар системийг нурж унахаас сэргийлж чадсан туршлага бий.
Бидний хувьд улсаас мөнгө гаргаж системийг чадавхжуулах уу, банкны эзэд өөрсдөө гаргах уу, эсвэл гуравдагч этгээд буюу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулах уу гэсэн сонголтоос улсын төсөвт санхүүжилт гаргах орон зай байхгүй, эдийн засгийн хүндрэлийн дараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл суларсан шалтгааны улмаас хувьцаа эзэмшигчид өөрсдөө хөрөнгө гарган санхүүжүүлэх сонголттой тулгарсан. Банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх нийт хэмжээ нь 500 тэрбум төгрөг. Бага биш мөнгө. Богино хугацаанд олоод ирэх мөнгө биш тул банкны эздэд цаг хугацааны боломж өгье гэсэн шийдвэрт хүрсэн. Одоо энэ арга хэмжээ үргэлжилж байгаа.
Эндээс сургамж авах зүйл бол цөөн хувь эзэмшигчтэй байснаар илүү эрсдэлтэй, хөрөнгө санхүүжилт татахад цөөдөж байна гэдэг нь ойлгомжтой учир олон нийтийн оролцоотой болгох, хувь нийлүүлэгчдийн тоог нэмэгдүүлсэн олон улсын сайн туршлагыг нутагшуулах шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл, банкны салбар дахь хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах хэрэгтэй гэсэн үг. Энэ хүрээнд хууль эрх зүйн шинэчлэл хийж эхэлсэн.
Шинэчлэх өөр нэг чиглэл бол банкны салбар цахимжих, дижитал банк болох явдал юм. Дэлхий нийтээр үйлдвэрлэл үйлчилгээ цахимжиж, дижитал хэлбэрт шилжих болсон нь цар тахлын энэ үед улам бүр мэдрэгдэж байна. Банкны салбарыг цахим, ухаалаг болгох тал руу шинэтгэл явах ёстой. Манай улсад банкны салбар анх байгуулагдсан цагаасаа нийтлэг буюу олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин бусад улсад банкууд хөрөнгө оруулалтын, худалдааг санхүүжүүлдэг, жижиглэнгийн, эсвэл хөрөнгийн захад төвлөрч ажилладаг гэсэн байдлаар төрөлжсөн байдаг. Энэ үүднээс Монголын банкуудыг төрөлжүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл нь том жижиг, харилцагчийн зорилтот бүлгүүд, төрөлжилтөөр нь ялгаатай зохицуулах бодит шаардлага бий болсон. Бүгдээрээ л зах зээлээ булаацалдаад өрсөлддөг, эсвэл нэг том харилцагчийг өөрийн болгох гээд янз бүрийн
нөхцөл амладаг нь зохисгүй. Жижиг зах зээлээ хуваан авч, төрөлжилтөд зориулсан үйлчилгээ үзүүлэх нь одоо хийх шинэтгэлийн нэг хэсэг юм.
Банкуудыг чадавхжуулж хөрөнгөжүүлэхээс гадна төрөлжүүлж, илүү цахимжуулах, хувь нийлүүлэгчдийн оролцоог олон болгоход чиглэсэн шинэтгэлүүд явна. Нэг эзэнтэй банк нь гэр бүлийн шинжтэй байдаг. Тиймээс дээрх шинэтгэл өөрчлөлтийн дүнд банкны эздийн төвлөрөл багасч, олон хувь нийлүүлэгчтэй болж, улмаар олон нийтийн хараа хяналт сайжирч, сайн засаглалтай болох юм.
-Одоогоор зах зээлийн өрсөлдөөний бүтэц ямар байна вэ? Шинэтгэлийн процесс нь банкуудын өрсөлдөх чадвар, цаашлаад өрсөлдөөнийг ямар чиглэлд оруулж өгнө гэж та харж байна вэ? Банкуудад тавих шаардлагыг ялгавартай тогтоох зохицуулалт их сонирхолтой харагдаж байна.
-Монгол Улсад санхүүгийн тогтолцоог зөв бүтэцтэй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Өнөөдөр банк 90 хувь, хадгаламж зээлийн хоршоод, ББСБ, даатгал нийлээд 10 хувьтай байна. Өндөр хөгжилтэй орнуудад банк санхүү, хөрөнгийн захын эзлэх хувь бараг л тэнцүү, зарим улсад хөрөнгийн зах нь илүү хувь эзэлсэн буюу 60:40, 55:45 гэсэн тэнцвэржсэн бүтэц байдаг.
-Манай улс 90:10 гэсэн харьцаатай явж ирсэн гэхээр?
-Ямар ч тэнцвэргүй явж ирсэн. 90 хувийг эзэлж байгаа арилжааны банкуудыг харахаар системийн нөлөө бүхий таван том банк 85 хувийг эзэлдэг. Илүү их төвлөрөл системийн таван банкинд байна. Тэгэхээр манайх том таван банкаас гадна жижиг банкуудын чадавхийг сайжруулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Зохицуулалтын хувьд ялгаатай бодлого хэрэгжүүлэх ёстой. Том банкинд тавьдаг зохицуулалтыг жижиг банкуудад тулгаж болохгүй. Тухайлбал, том банкуудад тавьсан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх даалгаврыг жижиг банкнаас адилхан хувь хэмжээгээр шаардах боломжгүй. Харьцааны зохистой байдлыг хангах ёстой. Томд нь зориулсан зохистой харьцаа, жижгүүдэд чиглэсэн зохицуулалт байна гэж үзэж байгаа. Тиймээс банкны төрөлжилт чухал.
Банкны салбарын шинэтгэлийн арга хэмжээний хүрээнд банкуудад олгох тусгай зөвшөөрөл, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зах зээлд үзүүлэх нөлөөлөл, бизнес загварт үндэслэн ялгавартайгаар олгох, улмаар банкны салбарыг төрөлжүүлж, хөгжүүлэх боломж бүрдэх юм.
-Төрөлжилт бий болох боломжтой юү?
-Банкны тухай хууль 1991 онд батлагдсан. Төв банк, арилжааны банкийг ялгалгүйгээр тус хуулийг баталж байлаа. Дараа нь олон улсын туршлагыг хараад Төв банк нь зохицуулалтаа хийдэг, банкууд нь тусдаа, нэг нь зохицуулагч, нөгөө нь зохицуулалтад ороод санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг юм байна гэдгийг ойлгоод 1996 онд ялгаж өгсөн. Ингээд Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуулийг баталсан.
Арилжааны банкны тухай хуулийг гаргахдаа Европын стандарт нийтлэг үйл ажиллагаа явуулах хэлбэрийг тусгасан учраас манай банкууд бүгд нийтлэг үйл ажиллагаа явуулдаг. Одоо хөрөнгө оруулалтын, жижиглэнгийн, бөөний, худалдааны, дижитал буюу цахим банк гэсэн төрөлжилтийг бий болгох эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч байна. Эрх зүйн орчныг бүрдүүлж байж банкууд төрөлжин чадавхжиж, бусад санхүүгийн зах зээл хөгжинө.
Өнөөдөр манай том, жижиг банкууд жижиг зах зээл дээр хоорондоо өрсөлдөөд ирэхээр зарим нэг асуудал гарч байгаа. Тухайлбал, эх үүсвэр татахын тулд хүүгээр уралдаж, хадгаламжийн өндөр хүү амлаж байна. Эсвэл маш том хөрөнгөтэй байгууллагыг өөрийн харилцагч болгохын тулд зах зээлийн бус тусгай нөхцөл амладаг ч юм уу. Энэ нь банкны системд эрсдэл бий болгож байна. Асар их хэмжээний мөнгийг байршуулж, нэг хадгаламж эзэмшигчид зах зээлийн бус давуу эрхээр буюу өндөр хүүтэй хадгаламж амлачихсан байх жишээтэй. Өндөр хүү нь банкинд их хэмжээний зардал бий болгодог, бүр банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, дампуурах шалтгаан болох хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг жишээ ч бий.
-Шинэтгэлийн процессын хүрээнд энэ тал дээр ямар шийдэл гаргах вэ?
-Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар эзэлж байгаа нь хувиараа бизнес эрхлэгчид, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хүсэж буй хүн бүрийг зөвхөн банкинд хандахаас өөр сонголтгүй болгож байна. Манай нийт эдийн засаг 40 их наяд төгрөг бол банкуудын
актив хөрөнгө 34 их наяд төгрөг буюу бараг 80 хувь. Эндээс банкны салбар манай эдийн засагт ямар их нөлөөтэйг харж болно. Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөг гэвэл улсын төсвөөс 3.5 дахин их мөнгө хөрөнгө банкны салбарт эргэлдэж байна. Банкнаас гаргасан зээлийн хэмжээ 17 их наяд гэж үзвэл жил бүр улсын төсвөөс 170 хувь илүү мөнгө зээл хэлбэрээр бодит эдийн засагт орон эргэлдэж байна.
Эдийн засгийн өсөлт банкны зээл, санхүүжилтээс их хамааралтай гэдэг утгаараа хорио цээрийн дэглэмийн энэ үед мөнгө, санхүүжилт олдохгүй байна гэсэн асуудалд олон нийтийн анхаарал их төвлөрч байгаа. Монгол Улсын хөгжлийн стратеги, аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц салбар учир банкны салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх, шинэтгэл хийх нь зайлшгүй гэдэгтэй маргахгүй байх. Энэ утгаараа банкны салбар өөрөө тодорхой эрсдэлийг даван туулах чадвартай байх ёстой. Ковидийн үед банкны системийг маш сайн чадавхжуулбал эдийн засгийн ачааллыг бууруулж, хөнгөлж болно гэдэг нь харагдлаа. Манай бизнест хүндрэл үүслээ, зээлийн хугацааг сунгаж өгөөч, хүүнд хөнгөлөлт үзүүлэх боломж байна уу, алданги торгууль бүү тооцооч гэсэн харилцагчийн хүсэлтийг авч үзэж, эрсдэлийг нь хуваалцдаг, боломжоороо шийддэг байх чадварыг хэлж байна. Тухайлбал, Монголбанк хэрэглээний зээлийн хүүд алданги тооцохгүй байх, ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулах шийдвэрүүд гаргасан. Энэ бүхэн банкууд дээр тодорхой ачаалал, эрсдэл үүсгэж байгаа нь ойлгомжтой.
-Манай банкуудын эрсдэл даах чадвар хэр байгаа вэ?
-Төв банк арилжааны банкууддаа хяналт шалгалтыг олон улсын стандартын дагуу хийдэг. Монголд банкны өөрийн хөрөнгө гаргах чадвар 12 хувиас доошгүй байх ёстой. Дэлхийд найман хувь байдаг. Монгол Улс банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, илүү хүнд ачаалал үүрүүлэх үүднээс ийм өндөр шаардлага тавьдаг. Төлбөрийн чадварын үзүүлэлт олон улсад 20 хувь байдаг бол манайд 25 хувь байх жишээтэй. Илүү нэмэлт даалгавар өгдөг нь жижиг эдийн засагтай улс ямар нэг эрсдэлд орох магадлал өндөр учраас эрсдэлийн нөөц үүсгэх зорилготой.
Олон улсын жишиг үзүүлэлтийг системийн нөлөө бүхий банкууд хангаж байгаа. Бусад жижиг банкуудын хувьд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага болон төлбөр түргэн гүйцэтгэх харьцааг хангаагүй ганц нэг банк бий.
-Монголбанк бол шинэтгэлд манлайлж оролцож байгаа байгууллага. Нийт үйл явц нь маш олон талын оролцоо ба бодлогын уялдаа шаардсан ажил. Таны хувьд нэн тэргүүнд бүх талын анхаарал хандуулах асуудал юу байна вэ?
-Харилцагч татахын тулд зах зээлийн бус амлалт өгөх, тусгай нөхцөл үүсгэх асуудлыг хориглох хэрэгтэйг өнгөрсөн хугацааны сургамж алдаанаас ойлгосон. Үүнийг шинэтгэлийн үндсэн асуудлын нэг гэж үзээд эрх зүйн өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Мөн харилцах дансанд, хугацаагүй хадгаламжинд хүү төлөхгүй байх, долларжих үзэгдлийг намжаах үүднээс долларын харилцах, хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхад бодлогоо чиглүүлж байна. Зах зээлийн бус нөхцөлөөр явж буй өрсөлдөөнийг зогсоох зорилготой ажлууд. Түрүүчээсээ үр дүнгээ өгч байгаа.
Дараагийнх нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулагчдыг банкинд хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад орсон. Мөн банкны хуульд хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах заалт орж ирэх юм. Богино хугацаанд буюу нэг, хоёр жилд шийдэгдэх асуудал биш. Асар их мөнгө, эх үүсвэр банкны системд орох шаардлага үүсэх учраас хөрөнгө оруулагч нарт судлах шаардлага гарч ирнэ. Хөрөнгийн биржээр, бүртгэлтэй компанийн хэлбэрээр явуулах болон хөрөнгө санхүүжилт, хувьцаа хэлбэрээр арилжаалагдах тул хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд дам нөлөөтэй гэж харж байна.
Олон нийтийн оролцоотой болсноор хяналт сайжран, сайн засаглалтай, илүү нээлттэй, ил тод болгох зорилготой. Дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд гарсан санхүүгийн хямрал болон томоохон банк, санхүүгийн байгууллагад гарсан асуудал, төлбөрийн чадварын хүндрэл нь ихэвчлэн эрх бүхий албан тушаалтнууд нь банкиндаа зохистой засаглал, дотоод хяналтын оновчтой орчныг нэвтрүүлж, мөрдүүлж чадаагүйтэй холбоотой байдаг.
-Арилжааны банкуудын удирдлага, эзэд энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Банкны гүйцэтгэх удирдлагын баг бол мэргэжлийн банкирууд буюу хөлсний менежерүүд. Цалин хөлсөө гэрээгээр тогтоон гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа хүмүүс. Тэдний хувьд банк нэг хүний эзэмшил үү, олон хүний эзэмшлийн компани уу гэдэг нь тийм ч хамаатай асуудал биш. Харин нэг хүний эзэмшилд байснаар банкаа томруулахад хүндрэлтэй, боломж тааруу гэдэг нь өнөөдрийн туршлага, сургамжаас харагдаж байна. Тухайн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ өөрийн хөрөнгөтэй нь харьцуулагдаж, хамааралтай явдаг учир шинэ зээл гаргахыг хүссэн ч өөрийн хөрөнгө нэмэгдэхгүй бол боломжгүй, өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэ их өөрчлөлт, өрсөлдөөний хурдыг банкны эзэд дан ганцаар гүйцэхгүй нь өнгөрсөн туршлагаар нотлогдсон. Тиймээс банкны хувь нийлүүлэгч эзэд ч шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх сонирхолтой байгаа болов уу.
-Салбартаа шинэтгэл хийхийн хэрээр Монголбанк мөн уламжлалт болон шинэлэг арга барилыг хослуулан ажиллах шаардлага гарах болов уу. Төв банк арга барилын хувьд хэрхэн өөрчлөгдөх вэ?
-Төв банк хангалттай хэмжээний чадавхжсан хүний нөөцтэй. Зохицуулагч байгууллага болоод 30 жил өнгөрсөн буюу ардчилалтай чацуу гэж болно. Төв банк, Банкны тухай хууль 1991 онд батлагдсанаас хойших хугацаанд хангалттай хүний нөөц, чадавхийг бий болгосон. Дээр нь олон улсын байгууллагуудтай байнга санал солилцож, зөвшилцөж, туршлагаа хуваалцдаг. Төв банк ил тод байх үүднээс олон нийтийн хэлэлцүүлгийг сар бүр тогтмол хийж ирлээ. Судлаач, эдийн засагчид, банкны мэргэжилтнүүдийн санаа оноог байнга сонсож, ярилцах нь их чухал. Технологийн хөгжил дэвшил, олон улсын худалдаа, интеграц, зах зээлд оролцогчдын сэтгэлзүй, цаг уурын өөрчлөлт зэрэг нь бараа үйлчилгээний үйлдвэрлэл, түгээлт, санхүүгийн шийдвэр, мөнгө яаж эргэлдэхэд нөлөөлж байдаг.
Сүүлийн үеийн финтекийн дэвшлүүд гэхэд дэлхий даяар төлбөр тооцоог хялбарчилж байна шүү дээ. Мөнгөний бодлогын зорилтоо биелүүлэхийн тулд бодлого боловсруулах процесс, хэрэгжүүлэх арга хэлбэр, ашигладаг хэрэгсэл, дамжих сувгууд болон шилжих механизмаа үнэлж, шаардлагатай өөрчлөлтийг хийж байна. Сүүлийн том өөрчлөлт гэвэл Мөнгөний бодлогын хороо хамтын зарчмаар мөнгөний бодлогын шийдвэрийг гаргадаг болж, Төв банк олон нийттэй ил тод, нээлттэй харилцдаг болсон нь засаглал, бодлого боловсруулах арга хэлбэрээ олон улсын жишигт нийцүүлсэн явдал байв.
Түүнчлэн хямралын нөхцөлд банкны эрсдэлийн шалгуур, бизнес, санхүүгийн мөчлөг өөрчлөгдсөнтэй уялдуулан репо хэрэгслийн хугацаа, барьцаа гэх мэт нөхцөлүүдийг өөрчиллөө. Макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлж, долларжилт, зээлийн өсөлтийг илүү үр дүнтэй удирдахад ашиглаж байна.
-Банкны салбарыг цахимжуулах, цахим банк болох ажлууд хэр явж байна вэ? Ямар алхам, шилжилтүүд хийж байна вэ?
-2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар төлбөр тооцоог их бага дүнтэй, данс, карт, цахимаар, технологийн сүүлийн үеийн шийдлүүдээр хийж болох нөхцөл бүрдсэн. Уг хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Төв банк Цахим гүйлгээний төвийг байгуулж, их дүнтэй төлбөр тооцооны RTGS, бага дүнтэй гүйлгээн дээр ACH зэрэг олон улсын хамгийн сүүлийн үеийн систем, технологийг ашиглаж байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад яг адилхан стандартаар хийгддэг шийдлүүдийг нэвтрүүлсэн. Картын төлбөр тооцоог арилжааны банкууд мөн л сүүлийн үеийн программ хангамжийн системээр явуулдаг бол дундах холбоос дамжуулалтыг ижил түвшинд Төв банк гүйцэтгэж байна.
Бид сүүлийн үеийн, олон улсын технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. Энэ нь цахимжих суурь нөхцөл болно. Дэлгүүр, үйлчилгээний газрууд өнөөдөр бэлэн мөнгөөр үйлчлэх шаардлагагүй болж, QR код, гар утсаар, зайнаас төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Банк хоорондын төлбөр тооцоонд Төв банк хуулиараа зохицуулалт хийх үүрэгтэй. Ийм шийдлийг хангаж чадахуйц дэд бүтцийг бий болгож, стандарт хангаж байж дамжуулах үйлчилгээ үзүүлж чадна. Энэ утгаар бид ажиллахад бэлэн.
Цахим үйлчилгээний төвийн шинэ байр удахгүй ашиглалтад орно. Мөн технологийн компани, дундын зуучлагчид өөрсдөө шинэ шийдлүүдийг бий болгож чадвал Төв банкны зүгээс дэмжин холбоос үүсгэх бүрэн боломжтой. Цахим буюу дижитал банк бий болох бүх нөхцөл бүрдсэн. Банкууд үйл ажиллагаагаа дижитал болгоход анхаарч, цахимд шилжүүлэх арга хэмжээг эрчимтэй хийж байна.
Түүнчлэн Төв банкнаас төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй яриа хэлэлцээ өрнүүлж, төрийн 180 гаруй үйлчилгээг цахимжуулах ажлыг төлбөр тооцооны төвөөрөө дамжуулж байна. Улаанбаатар хотыг ухаалаг, цахим хот болгоход дэмжин ажиллахаар ярилцаж байгаа. Тухайлбал, авто зогсоолуудын төлбөрийг цахимаар хийх, автобусанд бүх хэлбэрээр төлбөр тооцоо хийж болох шийдлүүдийг бий болгох, цаашилбал, замын түгжрэлийн шийдлүүд гаргахад ч манай цахим гүйлгээний төв хамтран ажиллахад бэлэн.
-Банкны салбарын шинэтгэл хийснээр зээлийн хүү буурна гэж харж байгаа. Хууль эсвэл тогтоол батлаад л тэр даруйдаа зээлийн хүү буурчих юм шиг ойлголт байна л даа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа вэ?
-Бизнесийн гоё санаа орж ирэнгүүт хөрөнгө мөнгө яаж олох, босгох вэ гэж бодоход хамгийн түрүүнд банк санаанд бууна. Банкнаас зээл аваад бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх тухай бодохоор зээлийн хүү хэр байх бол гэсэн асуудлыг давхар боддог. Манайд бизнес, аж ахуйн нэгжүүд, иргэд бүгд л банкнаас, зээлээс хамааралтай болсон. Тэгээд бизнес нь хүндрэх, саатах, томорч чадахгүй болохоор ямар нэг зүйлийг буюу санхүүжилт өгсөн банк, зээлийн хүүг буруутгадаг. Эндээс банк, зээл, хүү гэсэн ойлголт хүн бүрт, аж ахуйн нэгж бүрт хүрсэн нь мэдрэгдэнэ.
Зээлийн хүүг бууруулах шаардлага байгаа нь үнэн, бусад улстай харьцуулахад манай улсын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа нь ч үнэн. Сүүлийн жилүүдэд хүү буурч байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байгаа нь эдийн засгийн орчны тогтвортой байдлаас ихээхэн хамааралтай. Хүү буурах нөхцөл бий болгох, бодлогын зөв шийдэл тал руу Монголбанк ажиллаж тооцоо судалгаа хийж байгаа. Арилжааны 12 банкны нэгээс бусад нь хувийн банк. Арилжааны банк бол хувийн бизнес. Зээл авч буй хүн мөн л хувийн бизнес эрхэлж буй. Бизнесийн асуудлаа тохиролцоод явж буй зүйлд төр дундуур нь орж зохицуулалт хийх шаардлагатай юу, үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Энэ үүднээс зээлийн хүүг төд болго гэсэн шаардлага тавихаас илүү хүүг буулгахад бодлогын ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна, зах зээлийн зарчмаараа буурах боломж нөхцөл юу байна гэдгийг судалсан.
Өнөөдөр зээлийн дундаж хүү 15.8 хувьбайгаагаас бараг 60 гаруй хувь нь эх үүсвэрийн зардал. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүд банкинд мөнгө хадгалуулахдаа дунджаар 10 хувийн хүү авдаг. Мөн 20 гаруй хувь нь зээлтэй холбоотой эрсдэлийн сангийн зардал, үлдэх хэсэг нь банкны үйл ажиллагааны зардал буюу ажиллагсдын цалин хөлс, тогтмол зардлууд. Банкны системд байгаа 17 их наядын зээлийн 10 гаруй хувь нь чанаргүй ангилалд орсон нь зээлдэгч өөрөө хугацаандаа зээлээ төлөөгүй, банктайгаа маргаан үүсгэсэн зэргээр банкийг эрсдэлийн сан байгуулж, хүсээгүй зардал гаргахад хүргэдэг.
Өнөөдрийн байдлаар 1.7 их наядын эрсдэлийн санг ашгаараа байгуулж, энэ хэмжээний зардал зээлийн хүүнд дарамт болохын хамт шинэ зээл болж, бизнесийг дэмжиж чадахгүй түгжигдэж байгаа.
Энэ боломжийг ашиглахын тулд нэгдүгээрт, зээлийн гэрээний маргааныг богино хугацаанд эрсдэл үүсэхээргүй шийдэх эрх зүйн зохицуулалт хийж өгөх, ингэснээр эх үүсвэрийн зардал буурч, нэг оронтой тоо руу орох магадлал нэмэгдэнэ. Энэ талаарх нарийн тооцоо судалгааг Зээлийн хүүг бууруулах стратегийн хөтөлбөрт ашигласан.
-Ямартаа ч зээлийн хүү буурах боломжтой гэж ойлгож болох уу?
-Ер нь бол буурч байгаа. Зээлийн хүүг бууруулах хөтөлбөр гаргах тухай ярьж эхлэхэд дунджаар 16.6 хувьтай байсан хүү зарим нэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй зэрэгцэн УИХ-аар Зээлийн хүүг бууруулах стратегийн хөтөлбөрийг батлахад 15.8 хувь болж буурсан. Олон жилийн статистик мэдээллийг харьцуулан тооцож үзэхэд 2016-2020 оны хооронд зээлийн хүү 20 хувиас 16 хувь болж дөрвөн нэгж хувиар буурсан нь хамгийн хурдан буурсан үе болдог. Энэ хурдыг алдахгүйгээр цааш явуулбал 2023, 2024 он гэхэд 12 хувьд хүрч буурах боломжтой гэсэн төсөөлөл байгаа.
-Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох тухай нэг хэсэг ярьсан. Дээд хязгаарыг тогтоосноор санхүүгийн хүртээмж бодитойгоор нэмэгдэж чадах уу?
-Нэг талаасаа тодорхой тоо ярих хэрэгтэй. Зээлийн хүүнд хязгаар тогтоох тухай ярьж байсан өмнөх УИХ-ын гишүүдийн судалгаанд бий. Тухайлбал, Япон 20 хувь буюу мөнгө хүүлэлтийг тодорхой тоогоор хэмжин хэтэрсэн тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үздэг. Япон улс удаан хугацаанд дефляцтай байсан, инфляцгүй улс. Бодлогоор хоёр хувьд хүргэх гэж зориод нэг хувьд ч хүргэж чадахгүй байна. Энэ жишээнээс 20 хувиас дээш хүү хүүлж, ашиг олж байгаа бол мөнгө хүүлж байна гэж харагдана. Монгол Улс мөн тоо тавиад, манайд инфляц 5-6 хувьд хүрдэг гэдэг утгаар 25 хувиас дээш гарвал мөнгө хүүлэлт гэж тооцно гэдэг ч юм уу.
Энд бас тооноос гадна чанарын асуудал хөндөгддөг. Зээл олгож буй этгээд өөртөө давуу эрх олгоод зээлдэгчээ аргагүй байдалд оруулсан тэгш бус зээлийн харилцааг мөнгө хүүлэлт гэж үзнэ гэсэн ойлголт байдаг. Мөнгө хүүлэлтийг аль ч хэлбэрээр тодорхойлж болно. Түүнээс бус банк ийм хүүгээр, банк бус тийм хүүгээр, ломбард төд гэсэн тоо тавих нь зах зээлийн эдийн засагт байхгүй үзэгдэл төдийгүй муу үр дагавартай гэдэг талаасаа Төв банк болон бусад этгээд янз бүрээр зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох асуудлыг дэмждэггүй. Санхүүгийн харилцагч банкнаас, банк бусаас, ломбарднаас зээл авч болно, харин хүү нь энэ тооноос дээш гарвал мөнгө хүүлэлт болно гэдэг утгаар тоог тавьж болно гэдэгт хүлээцтэй хандаж байгаа.
-Зээлийн хүү буурснаар далд эдийн засгийг хумиж чадах уу?
-Шууд хариулахад төвөгтэй асуудал. Монгол Улсын ДНБ 40 их наяд төгрөг гэж өмнө дурьдсан. Үндэсний статистикийн хороо болон олон улсын байгууллагын судалгаагаар манайд далд эдийн засаг 30 хувьтай байна гэсэн тооцоо бий. Ил тод байгаа нь 40 их наяд бол далд хэлбэрийг ил болговол 50 гаруй их наяд болно гэсэн тоо гарна.
Зээлийн дундаж хүү 15.8 хувь байгааг эрсдэлтэй зээлдэгчийн хүү 20 хувь, сайн харилцагч буюу эрсдэлгүй зээлдэгчид 12 хувьтай зээл олгогдож байна гэж харж болно. Малчид малаа барьцаалж зээл авдаг. Банк улирлын шинжтэй эрсдэлийг тооцоод малчдад 20 хувиар зээл олгодог статистик үзүүлэлт гардаг. Хүнд өвөл болбол эрсдэл нэмэгдэх магадлал маш өндөр. Бүр илүү эрсдэлтэй зээлдэгчид дараагийн шат буюу банк бус руу ханддаг. Банк бусын шаардлага хангахгүй бол ломбард, санхүүгийн зуучлагчид гэх мэт өөр бусад арга эрэлхийлдэг.
Банкны ззэл зах зээлийн зарчимтай нийцэж байх нь хүмүүсийг банкнаас бүтээгдэхүүн авах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Үүнээс илүү гарч зээл олгохгүй гэсэн тоо хүчээр өгчихвөл банкууд зээл олгохоос илүүтэй олгохгүй байх нь дээр юм байна гэж хандана. Энэ тохиолдолд иргэд дараагийн шатны 25, 30 хувийн зээл рүү явахад хүрдэг. Энэ нь далд эдийн засгийг улам дэмжээд явчихдаг талтай. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь далд эдийн засгийг өөгшүүлэх арга учраас Төв банк дэмжихгүй байгаа юм. Энэ утгаараа мөнгө хүүлэлт, далд эдийн засаг бий болгохгүй байх талаас нь төр ажиллах үүрэгтэй.
-Банкны салбарт хийж буй шинэтгэлийн хүрээнд далд эдийн засаг хэр хумигдах бол?
-Хүүний ерөнхий түвшин багасахаар иргэд банк руу хандах нь ихэснэ, бүтээгдэхүүн үйлчилгээг илүүтэй сонирхоно. Аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авч бизнесээ сайжруулснаар зээл эргэн төлөлтөд сайнаар нөлөөлнө. Хууль эрх зүйн орчин бүрдсэнээр зээлийн гэрээний маргаан богино хугацаанд шийдэгдэх боломжтой болно. Зээл сайн төлөгдөх тусам ААН, иргэдийн дараагийн шатны зээл авах нөхцөл нь сайжирна.
Зөвхөн банк гэлтгүйгээр хүү буурахтай зэрэгцээд хөрөнгийн бирж хөгжих боломжтой болно. Хөрөнгийн бирж дээрх бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдвэл компаниуд хувьцаагаа, банкны бонд зарж болно. Хөрөнгө оруулагчид заавал банкинд хадгаламж нээхгүйгээр хөрөнгийн зах дээр хөрөнгөө өсгөхөд анхаарна.
Санхүүгийн салбарын идэвхтэй, хүртээмжтэй үйл ажиллагаанаас шалтгаалж далд эдийн засаг хумигдах боломжтой. Мөн татварын болон бусад зохицуулалтаар шийдэх боломжтой.
-Зээлийн хүү буурахаар хадгаламжийн хүү ч буурна гэж үзэж байгаа. Энэ тал дээр хуваагдмал байр суурь ажиглагдаж байна. Та тодорхой тайлбар хэлнэ үү?
-Монголбанк асуудлыг хүчээр шийдэж болохгүй гэдэг байр суурьтай гэж өмнө хэлсэн. Олон улсын сайн жишээг судлах хэрэгтэй. Хугацаагүй хадгаламжинд хүү төлдөг практик дэлхийд байдаггүй. Анхнаасаа хуулийн зохицуулалт байгаагүй учраас жижиг зах зээлд санхүүгийн олон байгууллага өрсөлдөх явцад бий болсон, ялгавартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүмүүст амлаж эх үүсвэр татах, өндөр хүү амладаг шударга бус өрсөлдөөний үр дагавар төдийгүй эргээд банкны өөрийнх нь санхүүгийн чадварыг сулруулдаг жишээ юм.
Эх үүсвэр талдаа манай ард иргэдийн хадгалуулж буй нийт мөнгө 12 их наяд төгрөг. Үүнийг ДНБ-тэй харьцуулбал 40 орчим хувь байна. Манайх хуримтлал багатай улс. Японд иргэдийн хуримтлал нь ДНБ-ээсээ хоёр дахин их байдаг. Монгол Улс дээр жишээ авбал 80 их наяд төгрөгийн хуримтлалтай байх нь. Тиймээс япончууд Засгийн газрынхаа бондыг авна, банкиндаа ч хадгалуулна. Харин бид дөнгөж хуримтлал үүсгэж буй улс. Эндээс хүү өндөр байна, хүмүүсийг ажил хийхгүйгээр мөнгөө банкинд хадгалуулаад байх нөхцөл бүрдүүлж байна гэсэн шүүмжлэлийг учир дутагдалтай гэж бид хардаг. Хуримтлал бий болгох хэрэгтэй, хуримтлалыг дэмжих ёстой.
Төрөөс хадгаламжийн хүүг төд болго гэхээс илүүтэй зах зээлийн зарчмаараа явах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Өнөөдөр манай ард иргэдэд мөнгөө банкинд хадгалуулахаас өөр сонголт алга. Хөрөнгийн бирж, бусад санхүүгийн зах зээл хөгжөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгөд мөнгөө оруулна гэхээр үнэ тогтвортой биш байна. Өндөр хөгжилтэй орны иргэдэд Засгийн газрынхаа бондыг авах, банкинд хадгаламж нээх, эсвэл алт, мөнгө, хатуу валют болгох, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, багцын хөрөнгө оруулалт хийх зэрэг олон сонголт бий.
-Монголын 12 банкны нэг нь Төрийн банк. Банкны шинэтгэлийн хуулийн зохицуулалт Төрийн банкинд адилхан үйлчилнэ биз дээ?
-Төрөлжилт гэдэг асуудлыг дахиад л хөндөхөөс аргагүй. Нэг нь хувийн өмч, нөгөө нь төрийн өмч, зах зээл дээр адилхан үйл ажиллагаа явуулдаг банкууд өрсөлдөж байна.
Төрийн банк төрийн өмчийн хэлбэрээр хэр удаан явах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тухайн үед 2-3 банк татан буугдаж, харилцагчдыг хохироохгүйн үүднээс суурин дээр нь Төрийн банкийг байгуулж, тодорхой хугацааны дараа хувьчлагдах ёстой байсан. Гэтэл төрийн мэдэлд 10 жил явж ирлээ. Цаашид хувьчлагдахгүй явбал банкны салбарт тэгш бус өрсөлдөөн хэвээр үргэлжилнэ. Энэ утгаараа Төрийн банкийг хувьчлах, эсвэл төрөлжүүлэх шаардлагатай гэж Төв банк үздэг.
Хөгжлийн банк томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг юм бол Төрийн банк жижиг, дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр санхүүжилт үзүүлдэг, эсвэл зөвхөн ипотекийн зээл гаргадаг банк байж болно. Нийтийн жишгээр бусадтайгаа өрсөлдөж байгаа нь шударга бус. Тиймээс төрөлжих л асуудлыг хөндөх болно.
-Гадаадын банк оруулж ирэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн хуваагдмал байр суурь нийгэмд явдаг. Монголбанк гадаадын банкийг оруулж ирэхгүй байгаа юм шиг ойлголт ч бий. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүмүүс нэлээд буруу ойлголттой байдаг. Монголбанк зөвшөөрөхгүй учраас эсвэл дотоодын банкууд лобби хийгээд гадаадын банкыг ад үзэж байна гэдэг. Бодит байдал дээр тийм зүйл байхгүй. Банкны тухай хуулиар гаднын банк орж ирэх хууль эрх зүйн орчин бүрдчихсэн, өмнө нь ч гадаадын банкны салбар нээгдэн ажиллаж байсан туршлага бий.
Гаднын банк орж ирэхийн тулд эхлээд төлөөлөгчийн газраа Монголд байгуулах ёстой. Гурван жил ажилласны дараа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах эрх нээгдэж, зөвшөөрөл авах хүсэлт гаргах зохицуулалттай. Өнөөдөр манайд нийт дөрөв буюу Хятадын хоёр, Японы хоёр банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна. Өмнө нь зургаан банкны төлөөлөгчийн газар ажиллаж байсан. Европын хоёр банк буюу Голланд, Английн банкны төлөөлөгчийн газар гурав, түүнээс дээш жил ажиллачихаад гараад явсан. Энэ нь манай зах зээлийн багтаамж, эргэлддэг мөнгөн дүнд судалгаа тооцоо хийгээд тодорхой дүгнэлт гаргаж, цааш ажиллах эсэхээ шийдвэрлэсэнтэй холбоотой. Хэрэв тухайн банк Засгийн газрын мэдлийн эсвэл оролцоотой бол хуулийн нэмэлт зохицуулалтаар тодорхой шалгуур тавигддаг.
-Банкны салбар зах зээлийн харилцаанд ороод 30 жил хөгжиж иржээ. Одоо алдаа оноо, туршлага дээр тулгуурлаад ирээдүйн 30 жил рүү хурдтай явах ёстой. Ирэх 30 жилийн банкны салбарыг та хэрхэн харж байна вэ?
-Манай орны хувьд зах зээлийн харилцаанд шилжихээс өмнө төвлөрсөн улсын банк гэсэн тогтолцоотой байсан. Зах зээлийн харилцаанд шилжсэнээр банкны тогтолцоо хоёр шаттай болсон.
Манай банкны салбарын хөгжил, бүтээгдэхүүн үйлчилгээ Азидаа дээгүүрт орно. 10 мянган хүнд үйлчилдэг банкны салбар, АТМ машины тоо, картын технологиор өндөр хөгжилтэй улстай адилхан болсон. Банкны карт эзэмшдэг 3.4 сая хүн байна гэсэн тоон үзүүлэлт бий. Хүнийхээ тооноос илүү карт эзэмшиж байна. Эндээс банк иргэдэд хүртээмжтэй болсныг харж болно. Цаашид илүү хүртээмжтэй болгох, илүү амар байх, илүү хямдхан болох талд өөрчлөлт шинэтгэл хийгдэнэ.
Хөдөөгийн малчин гар утсаараа хүүхдэдээ мөнгө шилжүүлж байна. Сүлжээ л байвал банкны бүх үйлчилгээг авах боломжтой. Энэ нь зарим өндөр хөгжилтэй орноос илүү гарчихсан. Заавал банкны салбарт очиж, дугаарлаж, теллерт хандах шаардлагагүй болж, бүх төлбөр тооцоо автоматжиж байна. Бэлэн мөнгөөр үйлчилгээ хийх нь улам бүр багаслаа. Төгрөгөөс гадна дижитал мөнгөнүүд гарсан. Мөн крипто буюу үүсмэл мөнгөний ойлголт бий болж, зарим иргэд эрсдэлээ хариуцан хөрөнгө оруулах боллоо. Энэ нь нэгдсэн байдлаар бус, дундын буюу мэдээлэл технологийн шинээр бий болгосон мөнгө гэж үзэж зарим газрууд төлбөр тооцооны хэлбэрээр ашиглахыг зөвшөөрч байна. Энэ мэтээр төлбөр тооцоонд орж болно, болохгүй гээд сорилтууд их тулгарах болсон.
Цаашид Хөрөнгийн бирж, банкны салбарын хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй. Банк зээл олгохоос гадна компанийн бондыг худалдан авч болж байна. Европт, АНУ-д Засгийн газрын бондоос илүү компанийн бондыг түлхүү авдаг. Компани бүр бонд гаргах боломжтой. Гэхдээ компани бүрийн бондыг чөлөөтэй арилжихгүй. Тухайлбал, АНУ-ын Боинг, iPhone зэрэг улсаасаа илүү рейтингтэй болчихсон брэнд бий.
Үүнтэй адил Монгол Улс брэндүүд бий болгоод, уг брэндтэй холбоотой үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн бонд хөрөнгийн зах зээлд гардаг, тэр нь банкны салбарт орж эргэлддэг, хоёрдогч зах зээлд гарахаар нь Төв банк оролцох зохицуулалт байдаг. Энэ мэт туршлага жишээг судлах шаардлага үүсэж байна.
Мөнгөний зах зээлд уламжлалт мөнгөний бодлогоос гадна уламжлалт бус бодлогын асуудал ихээр хөндөгдөж байна. Дэлхийн зах зээл дээр бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна шинээр бий болж байгаа шинэ хөгжил, технологийг мэдэж, суралцаж, нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь чухал.
-Монгол Улс хар жагсаалтаас энэ ондоо амжиж гарч чадах уу?
-Мөнгө угаах терроризмтой тэмцэх тогтолцоо, бодлого, үйл ажиллагаа, стандарт, шаардлага, олон улсад нийтээр дагаж мөрдөх зохицуулалт улам чанга болж байна. 2003 онд Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллага (ФАТФ) байгуулагдаж, Монгол улс тус байгууллагын Ази, Номхон далайн бүлгийн гишүүн болсон. Уг асуудал маш их ач холбогдолтой учраас бүх улс оронд адилхан дагаж мөрдөх шаардлага тавьж буй цаг үед бид ирээд байна.
Монгол Улсад 2016 оны долдугаар сард ФАТФ-ын олон улсын харилцан үнэлгээний баг ирж, техникийн 40, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг хэрхэн дагаж мөрдөж байгааг шалгасан. Манай улсыг техникийн 40 зөвлөмжийн талаас илүүг хангаж чадаагүй байна, хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг бүгдийг биелүүлээгүй гэсэн дүгнэлт гаргаад биелүүлэх үүрэг өгсөн. Үүнээс хойш бид эдгээр даалгаврыг биелүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Улирал бүрээр тайлан явуулж, тайлангаа хамгаалан ажилласаар 2019 оны аравдугаар сар гэхэд техникийн 40 зөвлөмжийн 35-ийг бүрэн биелүүлсэн, хэрэгжилтийн 11-ээс долоог нь хангасан гэсэн дүгнэлт гарч байв.
Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хурлаас бусад зөвлөмжийг хийх зургаан даалгавар өгөгдсөн. Даалгавар авсан учраас стратегийн дутагдалтай орны жагсаалтад оруулсан. Үүнийг саарал жагсаалтад орсон гэж ойлгодог. Эдгээр даалгаврыг биелүүлсэн гүйцэтгэлээ улирал бүр тайлагнаж, 2020 оны нэгдүгээр сард гурвыг, дөрөвдүгээр сард гурав буюу нийт зургаан даалгаврыг бүгдийг биелүүлсэн гэсэн үнэлэлт авч, саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан.
ФАТФ-ын дотоод дүрэм журмын дагуу тухайн улсад багаа заавал ирүүлж, шалгах ёстой. Цар тахлаас болоод ФАТФ-ын төлөөлөгчид манайд ирж чадахгүй удааширч байсан хэдий ч бидний уйгагүй хүсэлт чармайлтын үр дүнд АНУ, ОХУ, Их Британи, Хятадын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг манайд ирж ажилласан. Бид тайлангаа амжилттай хамгаалж, ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан албан ёсны шийдвэрээ зарлалаа. Европын холбооны жагсаалтын хувьд автоматаар гаргана гэсэн албан бичиг ирсэн, гарах нь цаг хугацааны асуудал болсон.
Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх нь нэг удаагийн ажиллагаа биш, байнга хийгдэх мөн нэгдмэл тогтолцоо бий болгох том ажил. 2023 онд дараагийн олон улсын харилцан үнэлгээний баг ирж, техникийн, хэрэгжилтийн зөвлөмжүүдээ шалгахад бид бэлэн байх учиртай. Үүний тулд тогтолцоогоо сайжруулах, бэхжүүлэх, ажлаа тогтмолжуулах хэрэгтэй. Бид хяналт шалгалтаа байнга хийдэг байхад анхаарч байна.
Mongolian Economy сэтгүүлийн 2020 оны 10-11-р сарын дугаараас