Б.Лхагвасүрэн: Ойрын хугацаанд 1-1.5 тэрбум ам.долларын валютын орлого орж ирэх боломжтой

T.Amarjargal T.Amarjargal
2022-04-21 11:11:49
Ангилал: Ярилцлага

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй инфляц, валютын нөөц, ханш болон нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцлаа. 

Оны өмнө инфляцыг зургаан хувь орчимд барих өөдрөг төсөөлөлтэй байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод инфляц бараг 16 хувьд хүрсэн бол улсын хэмжээнд 14.4 хувьтай байна. Төв банк инфляцыг хазаарлах ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Цар тахлын сүүдэр арилаагүй, тээвэр логистикийн гацаа үргэлжилж буй энэ үед Орос, Украины хямралт нөхцөл байдал нь дэлхий дахинд сөргөөр нөлөөлж байна. АНУ л гэхэд инфляцаа хоёр хувьд барихаар зорьдог ч 8.5 хувьд хүрсэн. Зорилттой нь харьцуулахад дөрөв дахин өсчихсөн байх жишээтэй. Үүний үр дүнд сүүлийн 40 жилд үзэгдээгүй үнийн өндөр өсөлт бий болоод байгааг шинжээчид хэлж байна. Евро бүсийн хувьд инфляцаа мөн л хоёр хувьд барих зорилт дэвшүүлсэн ч 5.9 хувьд хүрчихсэн байна. Испанид бүр долоон хувьд хүрсэн байгаа. 

Манай улсад инфляц 14.4 хувьд хүрсэн ч жилийн дунджаар нь авч үзвэл 11 хувьтай байна. 2021 оны эхний саруудад инфляц 3-4 хувь л байсан. Гэвч өнгөрсөн оны долдугаар сараас нэмэгдсэн. Манай улс инфляцыг 370 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр тооцдогийн 48 хувь нь импортын бүтээгдэхүүн. Тэгэхээр АНУ, Европ, ОХУ-д тухайн улсынхаа инфляцыг шингээсэн бүтээгдэхүүн орж ирж байгаа учраас манайд илүү өндөр инфляц тогтож байна. Хэрэв геополитикийн ийм хурцадмал байдал үүсээгүй, бидний төсөөллөөр явсан бол хоёрдугаар сард инфляц 8-9 хувийн түвшинд л хэлбэлзэх хүлээлттэй байсан. 

Инфляцад хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол шатахуун.

Манай улс бензин шатахуунаар хойд хөршөөсөө 100 хувь хараат. Бид инфляцын түвшнийг тооцохдоо шатахууныг хасахад л 10 хувьд байх боломжтой гэсэн дүр зураг гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн шатахуунаас хамаарч инфляцын түвшин таван хувиар өндөр тогтож байна гэсэн үг. Дайн хэзээ дуусах, энэ олон хориг саад хэдийд сулрах нь өнөө хэр тодорхойгүй байна. Тэгэхээр Төв банк энэ тодорхой бус байдалд ямар шийд гаргахаас бүх зүйл хамаарна. 

-Мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар өсгөлөө. Энэ нь олон улстай харьцуулахад хэр эрс шийдвэр болсон бэ? 

-Инфляц бидний төсөөлж байснаас өндөр болсон учраас гуравдугаар сард Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар бодлогын хүүг 6.5-аас есөн хувь болгож өсгөсөн. Үндсэндээ инфляцаас зургаан хувийн доогуур байна. Төв банк инфляцыг аль болох зорилтот түвшиндээ барихыг хичээдэг. Тиймээс бодлогын хүүгээ бага зэрэг чангаруулсан. Олон улсад ч чангаруулж байна. Тухайлбал, Унгарын Төв банк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь нэлээд эрс алхам байлаа. Учир нь Унгарын банк өмнө нь бодлогын хүүгээ голдуу 0.25 хувиар л  нэмдэг байсан юм. Унгарын адил 0.25 хувиар бодлогын хүүгээ нэмдэг Польш улс ч мөн эрс шийдвэр гаргаж, 0.75 хувиар нэмсэн. 

-Валютын нөөц татарч байгаа нь төгрөгийн ханшид ихээхэн дарамт болж байна. Одоогоор манай улсын валютын нөөц хэр хангалттай байна вэ? 

-Цар тахлын өмнө нүүрсийг 36 сая тонноор экспортолж байлаа. Гэвч өнгөрсөн онд ердөө 16 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс болж валютын орох урсгал нэлээд татарсан. Мөн он гарснаас хойш гурван сарын хугацаанд Монгол Улсын худалдааны тэнцэлд маш том ан цав үүсээд байна. Төлбөрийн тэнцэл маш их алдагдалтай гарч ирсэн. Энэ оны гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 700 сая ам.доллароор бага бүтээгдэхүүн экспортолсон. Гэтэл импорт өсөж, өнгөрсөн оны гуравдугаар сард импортолсноосоо 700 сая ам.долларын бүтээгдэхүүн илүү импортлоод байна. Ингээд нийлбэр дүнгээрээ 1.5 тэрбум ам.долларын сөрөг баланс гарсан нь валютын нөөц болон ханшид дарамт болж байна. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 4.98 тэрбум ам.доллар байсан валютын нөөц 3.3 тэрбум болж 24 хувиар буурсан.

Хэдийгээр нөөц ингэж буурсан ч, зургаан сарын импортыг хаах валютын нөөц байгаа нь олон улсын жишгээр бол хангалттай хэмжээний нөөц. Цаашид ч зургаан сарын нөөцөө байнга барьж явахаар төлөвлөж  байна.

Монголбанк гадаад төлбөр тооцоог тасралтгүй, шуурхай явуулах, харилцагчдын төлбөр тооцоог таслахгүй байхад валютын нөөцөө зарцуулдаг. Долоо хоногийн мягмар, пүрэв гараг бүр дуудлага худалдаа зохион байгуулж, банкуудаас ирсэн хүсэлтийн дагуу валют нийлүүлж байгаа. Оны эхний гурван сарын байдлаар Монголбанк 1.2 тэрбум ам.долларыг валютын захад нийлүүлсэн.              

-Тээвэр, логистикийн гацаа үргэлжилж, экспортын урсгал саарсан энэ үед Төв банк валютын нөөцөө сэлбэх ямар боломжуудыг эрэлхийлж байна вэ? 

Банкны салбар энэ онд 600-700 сая ам.долларыг урт хугацаат своп хэлцлээр оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн бид Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг валютын орлоготой компаниудаас бараа бүтээгдэхүүнээ урьдчилан зарах боломж бий эсэхийг тодруулсан. Тэдний зүгээс боломжтой гэдгээ илэрхийлсэн. Дөрөв, тавдугаар сард 1-1.5 тэрбум ам.долларын валютын орлого орж ирэх боломжтой гэж бид тооцоолж байна. Ингэвэл нөөц нэмэгдэж, энэ хэрээр ханшийн дарамт багасна. 

-Төгрөгийн ханш 5.5 хувиар суларсан нь хэр эрүүл үзэгдэл вэ? Ханшийн өөрчлөлтөд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. 

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд ханш харьцангуй тогтвортой байсан ам.долларын ханш саяхнаас өслөө. Дэлхийн Банк болон бусад олон улсын санхүүгийн байгууллагын зүгээс бидэнд “ханш чинь тодорхой түвшинд хөвж байх ёстой шүү” гэж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, гадаад шокыг донсолгоо багатай мэдрүүлэхийн тулд ханш харьцангуй уян байх шаардлага үүсдэг. Ам.долларын эсрэг ханш суларч байгаа нь зөвхөн Монголд болж буй процесс биш. Ковид, геополитикийн нөхцөл байдал хэвийн болбол Монгол Улсын эдийн засаг ч мөн дагаад хурдан хугацаанд сэргэх боломжтой. 

Төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар суларсан. Цаашид үүнээс илүү сулрах орон зай бий эсэхийг бид судалж байна. Бид бусад улс орны инфляцтай уялдуулсан, төлбөрийн балансаа хадгалах тохиргоонуудыг аль болох оновчтой хийхээр ажиллаж байна. Ер нь ханшин дээр 4-5 хувийн тохиргоо хийнэ гэдэг нь эрүүл үзэгдэл.  

-Банкны салбар болон “Найман шарга”-ын ханшийн зөрүү ердийнхөөсөө нэлээд холдож байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?  

-Гэнэтийн шок үүсэж байгаа учраас сандрах, хиймэл эрэлт үүсгэх тохиолдол байна. Банкны салбар Валютын бирж буюу албан захтай. Энэ захаар дамжуулан Төв банк болон бусад арилжааны банкууд өөр хоорондоо бэлэн бус валютыг худалдан авч байдаг. Энэ ханшийг Монголбанк өдөр бүр зарладаг. Харин бэлэн валютын зах буюу банк бус санхүүгийн байгууллагууд бидний нэрлэж заншсанаар “Найман шарга”-ын ханшийн тухайд, тэнд зөвхөн бэлэн валютын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой өөр ханш тогтож байдаг юм. Манай албан зах болоод “Найман шарга”-ын ханшид бага зэрэг зөрүү гарсан. Гэхдээ удахгүй хэвийн байдалдаа орно гэж найдаж байна.  

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal