Б.Мөнхзул: Эмэгтэйчүүд ажлын байр бий болгож буй салбаруудад түлхүү ажилладаг

Mongolian Economy
2021-04-23 14:16:29
Ангилал: Ярилцлага

“Жүр-Үр” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Мөнхзултай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тухай, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцлаа. Тэрбээр бизнесийн гараагаа 1998 онд таван нэрийн бялуу үйлдвэрлэж, түрээсийн байранд гурвуулаа үйл ажиллагаа явуулан эхэлж байсан юм. “Жүр-Үр” ХХК өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бялуу, бэйкери үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, монголчуудын хэрэглээнд томоохон өөрчлөлт хийн, хүнсний үйлдвэрлэлийн зах зээлдээ манлайлагч компани болсон.

Өнөөдөр тус компани 100 гаруй ажилтантай 30 төрлийн бялуу, 100 гаруй нэр төрлийн бэйкери бүтээгдэхүүн, амттанг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өвөрхангай, Дорнод аймгуудад нийт 30 салбар, бэйкери болон томоохон сүлжээ, хүнсний худалдааны төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн 2016, 2018, 2019 онуудад Монгол Улсын Топ 100 ААН-д гурван удаа шалгарчээ.

-Бид эмэгтэй хүн бизнест амжилт олоод, манлайлж чаддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон. Харин яг бодит байдал дээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд ямар асуудлууд тулгардаг вэ? Эмэгтэй бизнес эрхлэгч байхын онцлог юу вэ?
-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаанд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх оролцоогоор Монгол Улс 149 орноос 29-т, боловсролын  түвшингээр 79-т, улс төрийн оролцоогоор 120-д жагссан. Монголд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг өргөн тавьж өгөөгүй байдаг ч боломжийн улсуудын тоонд ордог. Гэхдээ манай орны хувьд эмэгтэй хүн бизнес эрхлэхэд тулгардаг нийтлэг асуудал нь айл гэрийн эзэгтэй, ээж хүний үүрэг байдаг. Энэ үүргийн хажуугаар бизнес эрхлэнэ гэдэг нь нэлээн их тэвчээр, тодорхой хэмжээний золиос шаарддаг.

Миний хувьд би дөрвөн хүүхэдтэй. Залуу нас, дийлэнх цаг хугацаагаа бизнестээ зарцуулсан, ер нь үр хүүхдүүддээ бага цаг зарцуулсан байна. Гэхдээ эргээд харахад буруу амьдраагүй, үр хүүхдүүддээ буруу үлгэр дуурайл үзүүлээгүй учраас хүүхдүүд маань зөв хүмүүжилтэй өсөж, торнижээ. Гэхдээ ар гэрийн дэмжлэггүй бол их хэцүү. Нэг зүйлийг илүү хийхээр, нөгөө зүйлд нь доголдол үүсэх магадлал эмэгтэй хүнд илүү байдаг. Тиймээс үүнийгээ зөв оновчтой зохицуулах шаардлагатай.

Би МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн. Бид орон нутгаас ирсэн олон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, судалгаа авч байсан. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 24 хувь нь бизнес эрхлэхэд хамгийн бэрхшээлтэй асуудал нь санхүүгийн эх үүсвэр гэдэг. Эмэгтэйчүүдийг дэмждэггүй гэж 20 орчим хувь нь хариулсан.

Мөн мэдээлэлд хүрч чаддаггүй гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь хариулжээ. Ялангуяа орон нутагт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөтөлбөр, бодлого хэрэгжүүлэхээр тухайн захиргаа эсвэл мэдээлэлд ойр байгаа, эрх мэдэлтэй хүмүүс нь хамрагдаад, хэрэгтэй хүмүүстээ очиж чаддаггүй байна.

-Эмэгтэй бизнес эрхлэгчдийн давуу тал юу вэ?
-Эмэгтэй бизнес эрхлэгчээс их олон давуу талыг олж харж болно. Ер нь эмэгтэй удирдлагатай байгууллагын үүдээр нь ороод л шууд мэдрэгддэг. Цэмцгэр, цэгцтэй байдаг. Эмэгтэйчүүд аливаад их нягт нямбай ханддаг. Бас хандлага нь арай зөөлөн санагддаг. Эмэгтэйчүүд илүү уян зөөлөн, эв хавыг нь олоод, зөөлөн аргаар асуудлыг зохицуулдаг учраас эмэгтэй хүмүүс эрсдэлээ тооцож, илүү сэтгэл сайтай хүмүүсийг ажиллуулах сонирхолтой байдаг. Миний хувьд эмэгтэй хүмүүс эрчүүдээс илүү шударга санагддаг. Ямар нэгэн томоохон хуйвалдаан, зүй бус асуудалд эмэгтэй хүмүүс оролцох нь бага.

-Эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх тухай их ярьдаг. Үүний ач холбогдол юу вэ?
-Монгол Улсын эдийн засаг их цомхон. Сүүлд батлагдсан төсвөөр 13 их наяд төгрөг байна. Энэ дотроо уул уурхай голлох үүрэгтэй. Гэхдээ уул уурхай нь ДНБ-ий 24 хувийг бүрдүүлдэг хэрнээ ажиллах хүчний ердөө тавхан хувийг бүрдүүлдэг.

Гэтэл ЖДҮ нь ДНБ-ий 10 хувийг үйлдвэрлэдэг мөртлөө, ажил эрхлэлтийн 30 хувийг хангадаг. Эмэгтэйчүүдийн ихэнх нь ЖДҮ-ийн ангилалд хамрагдах бизнес эрхэлдэг. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нь эмэгтэйчүүд.

Ингээд харахаар хамгийн их ажлын байр олгож байгаа салбарын 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Худалдаа, үйлчилгээний салбарын 60 гаруй хувьд эмэгтэйчүүд ажилладаг. Энэ салбарын бүхий л үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна гэж хэлж болно. Мөн оёдлын салбарын 70 гаруй хувь байна.  Манай компаниар л авч үзэхэд нийт ажилчдын бараг 70 хувь нь эмэгтэйчүүд байх жишээтэй.

-Эмэгтэйчүүдийн манлайллаар манай улс дэлхийн бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын хувьд УИХ-ын 76 гишүүний 17 хувь нь эмэгтэйчүүд байна. 16 сайдаас дөрөв нь эмэгтэй болж, Засгийн газрын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25 болж нэмэгдсэн. Өмнө нь 10 хувь ч хүрдэггүй байлаа. Харин хөдөлмөр эрхлэлт, ажил олгогчийн түвшинд 50 хувьтай байна. Харьцуулбал, эмэгтэйчүүдийн оролцоо гүйцэтгэх, гардан ажиллах түвшинд өндөр мөртлөө шийдвэр гаргах түвшинд маш сул байна.

Дэлхий даяар Швед, Финланд, Исланд, Норвег зэрэг улсад парламентын гишүүдийн 30-56 хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн үед төр, засгийн тэргүүний түвшинд эмэгтэйчүүд сонгогдох хандлага нэмэгдэж буйг бүгд харж байгаа. Энэ нь эмэгтэйчүүдийн идэвх санаачилга, оролцоо нэмэгдэж буйг илтгэж байна.

Хоёрдугаарт, эмэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмж өөрчлөгдөж байна гэсэн үг. Улс гэдэг бол том айл. Тэнд аав, ээж хоёр хоёулаа байж энэ гэр бүлийг бий болгож, оршин тогтнодог. Тиймээс улс орны түвшинд, ер нь хаана ч байсан эрэгтэй, эмэгтэй хүний оролцоо тэгш байвал эрүүл уур амьсгал бүрддэг. УИХ-ын гишүүдийн 83 хувь нь эрчүүд байгаа нь тэд өөрсдийн өнцгөөс шийдвэр гаргаж байна гэсэн үг. Энэ шийдвэрүүд магадгүй дутуу дулимаг гарах, нэг тал руугаа хэлбийх хандлагатай гэж би үздэг. Тиймээс манай эмэгтэйчүүд санаачилгатай, өөрийгөө дутуу үнэлэхгүй байх хэрэгтэй.

Би эхлээд амьдралын төлөө, дараа нь бизнесийнхээ төлөө зүтгэсэн. Харин сүүлийн үед үр хүүхэд, улс орон, сайн сайхны төлөө нийгмийн асуудлуудад өөрийн чадах хэмжээнд оролцоод, бусадтай мэддэг, чаддаг зүйлээ хуваалцаад, үзэл бодлоо илэрхийлээд хувь нэмрээ оруулах ёстой гэж бодох болсон.

-Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог бодлогоор хэрхэн дэмжих ёстой юм бэ?
-Манайд эмэгтэй бизнес эрхлэгчийг тодорхойлсон хуулийн тодорхойлолт байхгүй. Дэмжих гэж байгаа бол ямар шалгуурыг хангавал эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес гэж үзэх вэ? Бизнесийг жендер болгож тодорхойлсны дараа тэдэнд зориулсан бодлогын тухай ярих ёстой. Олон улсын жишгээр хоёр шалгуурыг авч үздэг. Нэгд, компанийн удирдах түвшинд эзэлж буй хувь хэмжээгээр, хоёрдугаарт нь нийт ажиллагсдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувиар нь тодорхойлох хэмжүүр байдаг. Бид үүнийгээ тодорхойлж гэмээнэ эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогын талаар ярих боломж бүрдэнэ.

Харин манайд эмэгтэйчүүдэд чиглэсэн төрийн гол бодлого нь нийгмийн халамжийн бодлого л байна. Алдарт эх, олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эхчүүд гэх мэт. Мэдээж хэрэг гэр бүлийн талаас ийм бодлого байх ёстой. Гэхдээ хөдөлмөр эрхэлж буй эмэгтэй, бизнес эрхлэгчийг дэмжсэн ямар ч бодлого алга.

Бодлого, хууль эрх зүйг бүрдүүлэхийн тулд жендэрт суурилсан тоон судалгааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс бид Европын сэргээн босголт, хөгжлийн банктай энэ чиглэлд хамтран ажиллаж байна. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдтэй уулзаж санал тавьсан. Цаашдаа уг асуудал дэмжигдээд биеллээ олох байх.

Нөгөө талаас, олон улсад эмэгтэй бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд их байдаг. Гэтэл манайд хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас энэ бүхэнд хамрагдаж, оролцож чадахгүй байна. Эмэгтэй бизнес эрхлэгчийн тухай хуулийн нэр томьёолол байх нь их чухал.

-Эмэгтэйчүүд хэрхэн хамтран ажиллаж, бие биенийгээ дэмжих боломжтой вэ?
-Бизнес эрхлэх гэж байгаа, хийх гэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд бизнест хандах хандлагаа өргөжүүлэх шаардлагатай юм шиг санагддаг. Бүгд л үйлдвэрлээд, хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүний тухай боддог. Гэтэл түүнээс гадна өөр нэг боломж нь томоохон үйлдвэрлэгчид, бизнесүүдтэй хамтарч, түнш нь болж болдог. Жишээ нь, манай компани маш олон түүхий эд ашигладаг.

Ер нь дэлхийн нийтийн жишгээр хөлөө олсон нь шинээр эхэлж буйгаа дэмжээд, туслаад хамтдаа хөгжөөд явдаг. Монголын компаниуд эхнээсээ 30 нас хүрээд явж байна. Тиймээс тогтвортой үйл ажиллагаатай компаниуд энэ чиглэл рүү анхаарал хандуулж байгаасай гэж боддог. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хувьд бизнесийн туршлагаа хуваалцах, бизнесийн чиглэлээр эмэгтэйчүүд хэрхэн хамтрах боломжийг эрэлхийлэх зорилгоор ментор клуб нээн ажиллуулж байна. Бизнесийн чиглэлээр эмэгтэйчүүд хамтран ажиллах маш их өргөн боломж энд бий.

 

 

 

Mongolian Economy