Б.Түвшинтулга: Цар тахлыг дотооддоо алдаагүй давуу талаа ашиглаж чадахгүй байна

Mongolian Economy
2020-12-07 15:00:38

Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн тодотгол, эдийн засгийн цаашдын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид байр сууриа “Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны наймдугаар сарын дугаарт илэрхийлсэн юм. Тэдний байр суурь өдгөө ч үнэ цэнээ алдаагүй байгаа учир бид цувралаар хүргэж байна. 

Дэлхийн банкны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Б.Түвшинтулга

Энэ удаагийн хямралын дараах эдийн засгийн тэлэлтийг тооцоолоход учирч буй хамгийн том бэрхшээл бол хямралын үргэлжлэх хугацаа. Зарим оронд КОВИД-19 халдвар багассан ч хөл хорио үргэлжилж байгаа бол цар тахал буурах нь бүү хэл дахин ихсэж, хөл хорио илүү урт удаан үргэлжилж байгаа орнууд ч байна. Ийм учраас дэлхийн эдийн засгийн сэргэлт өмнө тооцсоноос илүү удаашралтай байх төлөвтэй.

ОУВС дэлхийн эдийн засаг 2021 оноос тэлж эхлэнэ гэж мэдэгдсэн. Гэвч 2020 оны эдийн засгийн уналт өмнө тооцсоноос илүү хүчтэй байх нь тодорхой боллоо. Энэ оны эхний улиралд гаргасан тооцоогоор дэлхийн эдийн засаг гурван хувиар агших байсан бол хагас жилийн төгсгөлд тооцоо өөрчлөгдөж, энэ ондоо 4.9 хувиар унах төлөв гарсан. Харин 2021 оноос эдийн засгийн уналт тогтворжиж, 5.4 хувь өсөх чиглэлтэй гарч байна. Гэхдээ энэ бүхэн КОВИД-19 цар тахал тогтворжино гэсэн асар том таамаглал дээр үндэслэж гаргасан тоонууд. Одоогийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцин гараагүй байгаа нь сэргэлтийн хугацааг тодорхойгүй болгож байна.

Манай улсын хувьд эдийн засаг энэ онд -1.9 хувьтай гарч, 2021 онд 4.7 хувиар тэлэх төлөвтэй байгаа. Бид хямралыг даван туулж, тэлэлтэнд хурдтай хүрч чадах эсэх нь юуны өмнө уналттай үед хэрэгжүүлж буй төсвийн бодлого, экспортын орлого, олон улсад КОВИД-19-ийн тархалт хэзээ тогтворжихтой холбоотой.

Өмнө нь бидэнд тулгарсан хямралууд олон улсад үүссэн санхүүгийн зах зээл, эдийн засаг, эрдсийн үнийн хэлбэлзэлтэй уялдаж байсан бол энэ удаад КОВИД-19 цар тахлаас улбаалсан эдийн засгийн хямралтай тулгарч байна. Энэ хямрал манайд бусад улсаас маш ондоогоор явагдаж байгаа. Монгол Улс халдварыг дотооддоо тогтоож чадсан боловч энэ давуу талаа ашиглаж чадахгүй, эдийн засаг нь доройтож байна. Хэрвээ бид төсвийн зөв бодлого явуулж чадвал дотооддоо эдийн засгийн хүндрэлээ тогтоох боломж байсан. Гэвч сонгуультай жил таарснаас төсвийн бодлого ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр, жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр гэсэн хоёр чухал асуудлыг тоохгүй өнгөрлөө. 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж буй атлаа байшин барилга барихад 3.4 их наяд төгрөг зарцуулахаар оруулсан. Энэ жагсаалтанд сумын төвийн спорт цогцолбор, тамгын газрын байрны өргөтгөл зуу, зуугаараа байгаа. Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн алдагдал батлана гэдэг нь Засгийн газар яаж ийгээд мөнгө босгоод, боломж үүсгээд байгаа атлаа энэ нөөц бололцоогоо нийгмийн эмзэг давхарга, эдийн засгаа сэргээх бодлогод зориулаагүйг, энэ нь эргээд эдийн засгийн уналтад нөлөөлж байгааг харуулж байна.

Манай улсын валютын орлогын ихэнх нь дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай. Үнэт металлын үнэ өсөхөд манай валютын орлого нэмэгдэж, эдийн засаг тэлдэг. Буурахад нь эдийн засаг хямардаг. Гэтэл бид 30 жилийн турш эдийн засгаа солонгоруулж чадаагүй, ядаж хөдөө аж ахуй, аялал жуулчлалаа хөгжүүлж чадаагүйгээс зөвхөн Хятад улсад уул уурхайн бүтээгдэхүүн зарж амьдарч ирлээ. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд ба хоёр улсын улс төрийн харилцаанаас манай экспортын орлого шууд хамаарна. Хэрвээ энэ хоёр үзүүлэлт тогтвортой байвал дотоодын эдийн засагт эерэг нөлөөтэй.

2020 онд валютын орлого огцом буурсан ч, манай улсын гаднаас авч буй худалдан авалт ердөө буураагүй. Тиймээс маш их хэмжээний доллар гадагшаа гарч байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл төгрөгийн ханш хүчтэй унах эрсдэлтэй байна. Бид дан ганц уул уурхайдаа бүх найдвараа тавьдаг, зэрэгцээд төсвийн буруу бодлого барьдагтай энэ бүхэн холбоотой. Уул уурхайн хажуугаар бусад салбараа хөгжүүлснээр валютын орлогын тэнцэл сайжирч, ажлын байр эрс ихэснэ.

Харин дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас манай улсад мөн тодорхойгүй хүчин зүйлүүд үүсэж байгаа. Вакцинжуулалт эхлэхэд нэг жил, бүрэн тараахад 1-2 жил, нийтдээ 2-3 жилийн дараа тогтворжино гэсэн олон улсын таамаг бий. Айдас бүрэн алга болж байж хөл хорио тавигдана, мөн түүнийг дагаад эдийн засгийн тэлэлт эхлэнэ.

Бүх хямралын дараа эдийн засгийн хөдөлгөөн ихэсдэг тул макро том тоонууд бүгд өсөлттэй гардаг. Гэхдээ том тоонуудыг хараад бид тайвширч болохгүй. Нийгмийн дунд болон эмзэг давхарга энэхүү тэлэлтээс ямар хэмжээгээр хүртэх нь Засгийн газрын хэрэгжүүлэх бодлогоос шууд хамаардаг. Хөгжингүй орнуудын Засгийн газар хямралын дараа эмзэг ба дунд давхаргад хүчтэй эерэг нөлөө бий болгохын тулд ажиллах хүчний чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг ихээхэн дэмждэг. Харин манай улс ганц уул уурхайгаас хамаардаг тул том дүр зургаараа эдийн засаг тэлж байгаа мэт харагдавч эмзэг болон дундаж давхаргынхны амьдралын түвшин сайжрахгүй үлддэг. Энгийн жишээ хэлэхэд, Монголын ДНБ 1993 онд 768 сая ам.доллароос 2019 онд 13.6 тэрбум ам.доллар болж, 18 дахин өссөн. Гэтэл Дэлхийн Банкны тооцоогоор 1995 онд ядуурлын түвшин 36 хувь байсан бол 2019 онд 29 хувьтай болсон. Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин яльгүй буурсан болохоос бараг өөрчлөгдөөгүй. Эдийн засгийн тэлэлт ядуурал бууралттай огт хамаагүй гэдгийг энэ энгийн жишээ өгүүлж байна.

1990-ээд оноос хойш манай эдийн засаг хөгжиж, төрөлжөөгүй, харин бидний гадагшаа зөөдөг уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ л ихэссэн. Энэ удаагийн хямрал мөн адил. КОВИД-19-ийн вакцин гарлаа, эдийн засаг тэллээ гээд манай уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ихсэж, эдийн засгийн тоонууд сайжирна, гэвч ажилгүйдэл, ядуурлын түвшин маш өндөр хэвээр байх дүр зурагтай байна. Бодлогын түвшинд ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг багасгах арга хэмжээнүүдээ ядаж төсөвтөө суулгахаас нааш эмзэг ба дунд давхаргын иргэд энэ хямралд удаан хугацаанд нэрвэгдэх магадлал өндөр.

Тиймээс эдийн засгийн тэлэлтэд бэлдэхийн тулд эдийн засгийн бусад хөшүүрэг салбарууд, жижиг дунд бизнесүүдээ дэмжсэн бодлого явуулах ёстой. Тэгж байж ажлын байрны тоо нэмэгдэж, иргэдийн дунд ядуурал багасна.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 8-р сарын дугаараас

 

Mongolian Economy