Вакцин бүтээгээгүй цагт хүмүүс хэвийн амьдрах боломжгүй

Mongolian Economy
2020-04-24 17:02:53
Ангилал: Удирдагчид

Тэрбумтан, Майкрасофт компанийн хамтран үүсгэн байгуулагч, “Билл, Мелинда Гэйтс сан”-гийн захирал Билл Гэйтс хожмын цар тахалтай тэмцэхийн тулд хүн төрөлхтөн юу хийх шаардлагатай талаар “Экономист” сэтгүүлд урилгаар нийтлэл бичсэнийг сонирхуулж байна.

Түүхчид ирээдүйд Ковид-19 тахлын талаар ном бичихэд одоогийн бидний үзэж өнгөрүүлсэн бүхэн номных нь дөнгөж гуравны нэг хувь байх болов уу. Номын ихэнх хэсэг цаашид болох бүхний талаар байх болно.

Европ, Зүүн Ази, Хойд Америкт энэ сарын сүүлчээр цар тахал оргил үеэ өнгөрөөх болов уу. Түүнээс хойш хэдэн долоо хоног өнгөрөхөд бидний амьдрал 2019 оны арванхоёрдугаар сард ямар байсан түүн шиг хэвийн болно хэмээн олон хүн найдаж буй. Харамсалтай нь тийм зүйл болохгүй.

Хүн төрөлхтөн эл цар тахлыг дийлнэ гэдэгт би  итгэж байгаа ч ихэнх хүнийг вакцинжуулсан цагт л ийм зүйл болох боломжтой. Тэр хүртэл амьдрал хэвийн байдалдаа орохгүй. Засгийн газрууд хөл хорионы дэг журмыг цуцалж, бизнесүүд хаалгаа нээсэн ч хүмүүс өвчинд өртөмтгий хэвээр үлдэнэ. Нисэх буудалд хүмүүс ихээр цуглахгүй. Уралдаан, тэмцээн хоосон цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Эрэлт сул хэвээр, хүмүүс мөнгө үрэхдээ илүү консерватив хандаж эхлэх учраас дэлхийн эдийн засаг өсөлтгүй уналттай хэвээр байх юм.

Хөгжсөн улсуудад цар тахлын аюул намдах боловч хөгжиж буй улсуудад улам эрчээ авна. Тэдний хувьд байдал улам хүнд байх болно. Алсын зайнаас ажиллах боломжгүй ядуу иргэдтэй улсуудад хөл хорио тийм ч үр дүнтэй байж чадахгүй. Вирус хурдтай тархаж, эрүүл мэндийн салбар халдвар авсан хүн бүрийг эмчлэх нөөц, боломжгүй болно. Эмнэлгийн нэн яаралтай тоног төхөөрөмж, хэрэгслийг зөвхөн хамгийн өндөр үнэ хэлсэн худалдан авагчид борлуулахгүй байхад анхаарах замаар баян орнууд туслах боломжтой. Гэхдээ энэ вирусийн эсрэг анагаах ухааны үр дүнтэй шийдэл буюу вакцин бий болсон цагт баян, ядуу улсын иргэн ялгаагүй аюулгүй болох юм.

Ирэх нэг жилийн турш анагаах ухааны салбарын судлаачид дэлхийн хамгийн чухал хүмүүс болж хувирна. Аз болоход эл цар тахлыг дэгдэхээс ч өмнө тэд вакцин судлалын салбарт ихээхэн дэвшил гаргасаар ирсэн юм. Үхүүлсэн эсвэл сулруулсан үүсгэгчийг тарьснаар хүний бие өвчин үүсгэгчийг таньж мэддэг болохыг вакцинжуулалт гэдэг. Гэхдээ дархлаа тогтоох шинэ арга бий болсноор судлаач нар их хэмжээний өвчин үүсгэгч бий болгохын тулд цаг зарцуулах шаардлагагүй боллоо. Тэрхүү MRNA вакцин нь генийн код ашиглаж, хүний биеийн эсүүдэд дархлааны хариу үйлдэл хэрхэн үзүүлэх зааврыг өгдөг юм. Үүнийг уламжлалт вакцинаас хурдан хугацаанд үйлдвэрлэх боломжтой.

2021 оны хоёрдугаар хагаст дэлхийн олон үйлдвэрт вакцин үйлдвэрлэж эхэлнэ гэдэгт би найдаж байна. Хэрэв тэгвэл энэ нь хүн төрөлхтөн шинэ өвчнийг таньж мэдсэнээс хойш дархлаа тогтоох арга хамгийн хурдан олсон түүхэн амжилт болох юм.

Вакцинжуулалтад гарах эл амжилтаас гадна энэ удаагийн цар тахлаас анагаах ухааны хоёр чухал дэвшил бий болно. Нэг нь оношилгооны талбарт. Дараачийн удаад шинэ вирус гарч ирэхэд хүмүүс түүнийг жирэмсний тест шиг гэртээ хялбархан оношлох боломжтой болно. Гэхдээ тестер рүү шээхийн оронд хамрын нүхнээсээ арчдас авах юм. Шинэ өвчин гарснаас хэдэн сарын дараа иймэрхүү тестерийг эрдэмтэд зохион бүтээх чадалтай болоод байна.

Гуравдугаар дэвшил нь вирусийн эсрэг эмнүүд юм. Шинжлэх ухааны энэ салбарт хангалттай хөрөнгө оруулж байсангүй. Бид бактеритэй тэмцдэг шигээ вирусийг эмчлэх эм гаргах тал дээр идэвхтэй, үр дүнтэй ажиллаж ирээгүй. Гэвч ийм байдал өөрчлөгдөнө. Судлаачид их хэмжээний, төрөл бүрийн вирусийн эсрэг эм бүтээснээр шинэ вирус бүртгэгдэхэд түүнийг оношлох улмаар үр дүнтэй эмчлэх аргыг түргэн олж чадах юм.

Хожмын цар тахлыг цөөн хүнд халдварласан байх үед нь оношилж, эдгээхэд эл гурван технологи биднийг бэлтгэх юм. Гэхдээ энэ талын судалгаа нь одоо мэдэгдэж байгаа халдварт өвчинтэй, тэр бүү хэл хорт хавдрын эсрэг эм гаргахад ч бидэнд туслах болно.

Эдгээр ахиц дэвшил зөвхөн шинжлэх ухааны салбараар хязгаарлагдахгүй. Үүний үр шимийг хүн бүр хүртэх болно. 1945 оноос сургамж авсан, суралцсан шиг сургамжийг бид 2021 оноос авах болно. Дэлхийн II дайн өндөрлөсний дараа дэлхийн удирдагчид ирээдүйн зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх НҮБ зэрэг олон улсын байгууллагыг байгуулсан. Ковид-19-ийн дараа удаах цар тахлаас сэргийлэх байгууллагыг дэлхийн лидерүүд үүсгэх нь дамжиггүй.

Үндэсний, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний байгууллагууд бий болно. Тэдгээр нь өөр нэг шинэ вирус сарьсан багваахай эсвэл шувуунаас хүн рүү халдварлах үед хүн төрөлхтнийг бэлтгэлтэй байхад туслах билээ. Мөн хэн нэгэн хорон санаатан гэрийнхээ лабораторид халдварт өвчин үүсгэж, түүнийгээ зэвсэг болгон ашиглах цөвүүн цагт ч биднийг бэлэн байлгах болно. Цар тахалтай тэмцсэнээр дэлхий нийт биотерроризмын аюулаас өөрийгөө хамгаалахад ч суралцана.

Эдгээр бэлтгэл ажилд баян орнууд ядуу улсуудыг ч багтаана гэдэгт би найдаж байна. Үүний тулд эрүүлийг хамгаалах системийг бий болгох, бэхжүүлэхэд гадаадын зээл, тусламжийг улам ихээр зарцуулах ёстой. Хамгийн их хувиа хичээсэн хүн эсвэл өөрийгөө тусгаарлагч Засгийн газар ч үүнийг хүлээн зөвшөөрч эхэлнэ гэдэгт би найдаж байна. Вирус хуульд захирагддаггүй, хүмүүс бид хүссэн, хүсээгүй ч өчүүхэн жижиг биетүүдийн сүлжээгээр биологийн хувьд хоорондоо холбоотой болохыг энэ удаагийн цар тахал нотлон харууллаа. Хэрэв шинэ вирус ядуу улсад дэгдвэл эмч нар нь түүнийг тодорхойлж, аль болох хурдан тогтоон барьдаг байхыг бид хүсэж байна.

Энэ бүхэн зайлшгүй болох зүйл биш. Түүх тогтоосон зам мөрөөр замнадаггүй. Хүмүүс ямар чиглэлд явахаа сонгодог, тиймээс заримдаа буруу шийдвэр гаргадаг. 2021 оноос хойших жилүүд 1945 оноос хойших жилийг санагдуулах болно. Гэхдээ өнөөдөртэй дүйцэх түүхэн өдөр бол 1942 оны арваннэгдүгээр сарын 10 юм. Британи улс хуурай газарт анхны ялалтаа байгуулсны дараа Уинстон Чөрчилль “Энэ бол төгсгөл биш. Энэ бол төгсгөлийн эхлэл ч биш. Гэхдээ эхлэлийн төгсгөл байж магадгүй” гэж мэдэгдсэн билээ.

Mongolian Economy