Гадаадын хөрөнгө оруулалт татахад учир бий
Дэлхийн Банк Группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци 2018 онд “Хөрөнгө оруулалтын бодлогын шинэчлэлийн зураглал” судалгааны тайланг боловсруулсан бөгөөд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын өнөөгийн нөхцөл байдалд бодлого, зохицуулалт болон эдийн засгийн талаас нь цогц байдлаар дүн шинжилгээ хийж, ГШХО-ын чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой шинэчлэлийн арга хэмжээнүүдийг санал болгосон юм.
Эдийн засгийн төрөлжилтийг дэмжсэн ГШХО-ын шинэ бодлого, стратегийг бий болгох: Монгол Улсын эдийн засаг байгалийн баялгаас хэт хамааралтай, эдийн засгийн цогц байдлын түвшин доогуур байгаа зэрэг нөхцөл байдлыг бодолцон үзвээс эдийн засгийг төрөлжүүлэх зорилго нь аливаа бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах чиг үүрэг бүхий этгээдийн нэн тэргүүнд анхаарч үзэх асуудлын тоонд зүй ёсоор орж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс ГШХО-ын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулахдаа бодлогын хоёр тулгуурт аргачлалыг авч үзэж болох юм.
Эхний тулгуур бүрэлдэхүүн хэсэг: Уул уурхайн салбарт ГШХО-ыг татахын хажуугаар нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын аж ахуйн нэгж хоорондын холбоосыг бий болгон бэхжүүлэхэд чиглэсэн стратегийг боловсруулах шаардлагатай. Уг стратегийг боловсруулахдаа уул уурхайн компаниудын шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бэлтгэн нийлүүлэх дотоодын ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжийн орон зайг нөхөхөд чиглэсэн хувийн хэвшлийн эрэлт хэрэгцээ, санаачилга дээр тулгуурлах нь зүйтэй юм.
Түүнчлэн уул уурхай, олборлох салбарын боловсруулах үйлдвэрлэлийн нөөц боломжийг судлан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын ашигт байдал, тэдний сонирхолд нийцсэн тодорхой салбар, бүтээгдэхүүн (тухайлбал, нүүрс угаах үйлдвэр) байж болох бөгөөд эдгээрийг бүтээн байгуулах зардал нь ирээдүйд олох ашигтай тэнцвэртэй байх зарчимд ндэслэсэн байна.
Хоёрдах тулгуур бүрэлдэхүүн хэсэг: Нэг талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц, нөгөө талаас Монгол Улс өрсөлдөх давуу талаа бий болгох боломжтой эдийн засгийн салбарт ГШХО-ыг түлхүү татах нөөц, боломжийг нарийвчлан судлах шаардлагатай. Судалгаагаар ГШХО татах боломж өндөртэй салбарт аялал жуулчлал, цахим худалдаа, ХАА зэрэг салбар орж байна. Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах үйл ажиллагааг дээрх салбаруудад төвлөрүүлэхийн сацуу эдгээр салбарт хувийн хөрөнгө оруулалт хийхэд одоогийн бодлого, зохицуулалтууд хэр нийцтэй байгааг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай.
Үйлчилгээний салбарт тулгуурласан орнууд богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан байдаг. Үйлчилгээний салбарт чиглэсэн ГШХО-ын хувьд тус салбарт шаардлагатай ур чадварыг бүрдүүлэхэд харьцангуй богино хугацаа буюу хүний амьдралын нэг үе шаардлагатай байдаг бол боловсруулах салбарын хувьд хэд хэдэн үе дамжин бэлтгэх хэрэгцээтэй болдог. Иймд үйлчилгээний салбарт ГШХО татах боломж, нөхцөлийг нарийвчлан судлахад анхаарах нь зүйтэй юм.
Хоёр тулгуурт аргачлал: ГШХО-ын шинэ алсын хараа, стратегийн суурь
ГШХО-ын шинэ бодлого, стратеги нь үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн байх аваас чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрийг олон улс оронтой байгуулах нь чухал юм. Ингэснээр стратегийн ач холбогдол өндөртэй, харьцангуй олон зах зээлд бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжоор хангагдаж, улмаар үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт (энэ нь тухайн улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гуравдагч орнуудад экспортлох зорилготой байдаг)-ыг татах, энэ чиглэлийн хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахад ихээхэн түлхэц үзүүлэх юм.
Эдийн засгийн цогц байдлын (ECI) дундаж индексээс дээш үзүүлэлттэй салбарт ГШХО-ыг татахад Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарч ажиллах нь зүйтэй юм. Тухайлбал, БНСУ, Япон зэрэг улс орнуудаас диод, зай хураагуур, цахим схем зэрэг үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах нь зүйтэй бөгөөд эдгээр улс руу дээрх бараа бүтээгдэхүүний экспорт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэх нь чухал юм (БНСУ руу гол төлөв хаягдал зай хураагуур экспортлож байх магадлалтай юм).
Хөрөнгө оруулалтыг дэмжих институцийн чадавхыг бэхжүүлэх: ГШХО-ыг татах замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн чадавх, нөөц бололцоог ойрын хугацаанд бий болгох хэрэгтэй. Тухайн улсын эдийн засгийн чадамж нэмэгдэн, нээлттэй болохын хэрээр чанартай, том хэмжээний ГШХО-ыг татан оруулж ирэх боломж бололцоо бүрэлдэн бий болоход тодорхой хугацаа шаарддаг тул эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн чадавхийг нэмэгдүүлэх улмаар бие даасан, орчин үеийн бүтэц зохион байгуулалт бүхий хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн шинэ агентлаг байгуулах нь зүйтэй юм.
Хөрөнгө оруулалтын дараах үйлчилгээг сайжруулах замаар ГШХО-ыг дэмжин сурталчлах ажлыг сэргээх: Хөрөнгө оруулалтын дараах үйлчилгээ гэдэгт одоо байгаа хөрөнгө оруулагчид, хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудын дахин хөрөнгө оруулалт хийх боломжуудыг тогтоох, эдгээр боломжийг бодит ажил хэрэг болоход дэмжлэг үзүүлэх, нөгөө талаар оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан татах, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын төслөө цуцлахад бэлэн байгаа хөрөнгө оруулагчтай ойртон ажиллаж нэгэнт орж ирсэн хөрөнгө оруулалтыг алдахгүй байх чиглэлээр бололцоот арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаа багтана.
Хөрөнгө оруулалтын дараах үйлчилгээ нь тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдад чиглэсэн байдаг тул хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагууд тус чиг үүргийг“хамгийн дөт бөгөөд боломжит” үйл ажиллагаа гэж үздэг.
Учир нь эдгээр хөрөнгө оруулагч тухайн улсын давуу болон сул талуудын талаар мэдлэг, мэдээлэлтэй болсон байдаг тул хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагууд ийм хөрөнгө оруулагчдын нэр, байршлыг мэддэг, эсвэл мэдэх зайлшгүй шаардлагатай байдаг. Хараахан орж ирээгүй байгаа хөрөнгө оруулагчдыг татах гэхээс илүүтэй тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчийг ятгах нь илүү хялбар байдаг. Хөрөнгө оруулалтын дараах дэмжлэг үйлчилгээ нь шинэ буюу нэмэлт хөрөнгө оруулалт, өртөг зардал бага шаарддаг арга хэрэгсэл юм. ГШХО-ын асуудал хариуцсан Үндэсний хөгжлийн газрын хувьд хөрөнгө оруулалтын дараах үйлчилгээг хөтөлбөр болгон хариуцан хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой эхлэлийн цэг байх боломжтой. Тус үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эхний шатанд цомхон байдлаар авч хэрэгжүүлж болох бөгөөд цаашид хэрэгцээ, шаардлагад үндэслэн өргөжүүлэх бүрэн боломжтой юм.
Энэхүү зөвлөмжийн хүрээнд Олон Улсын Санхүүгийн Корпорацийн зүгээс хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, улмаар итгэлийг сэргээхэд түлхэц үзүүлэх үүднээс хөрөнгө оруулагчдын гомдлыг цахимаар хүлээн авах, шийдвэрлэлтийн явцыг хянахад чиглэсэн Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизм (ХОГШМ)-ыг бий болгоход Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан билээ. Улмаар Засгийн газрын зүгээс Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулсны зэрэгцээ хөрөнгө оруулагчдад үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж, гомдлыг нь цахимаар хүлээн авч, шийдвэрлэх системийг ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Үндэсний хөгжлийн газар нь өнөөгийн байдлаар хэд хэдэн гомдлыг шийдвэрлэж, буцаан татагдах эрсдэлд ороод байсан 3.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг хадгалан үлдээж чадсан бөгөөд дээрх тоо цаашид ч өсөх хандлагатай байна. ХОГШМ-ын цахим платформыг хөрөнгө оруулагчдын зүгээс түлхүү ашиглахад дэмжлэг үзүүлэх, түүнчлэн хөрөнгө оруулагчдын санаа бодлыг ойлгох, тэдний итгэлийг нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтэд үндэслэн хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдэд ээлтэй хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх үүднээс төр-хувийн хэвшлийн яриа хэлцэл (диалоги)-ийн платформыг бэхжүүлэх чиглэлээр шаргуу ажиллах шаардлагатай.
Түүнчлэн, хөрөнгө оруулагчдын баталгаа болон хамгаалалттай холбоотой Монгол Улсын хүлээсэн дотоодын болон олон улсын үүргийг ойлгож, хэрэгжүүлэх чадавхийг Засгийн газар болон орон нутгийн удирдлагын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм.
ГШХО татахад хамтын чармайлт чухал үүрэгтэй: ГШХО-ыг амжилттай татах нь зөвхөн нэг байгууллагын хийх ажил биш бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагын үр дүнтэй, уялдаа холбоотой, зохион байгуулалтын үр дүнд бий болдог. Иймд Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих чадавхийг хүчтэй хамтын ажиллагааны загвар дээр үндэслэн сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, Гадаад харилцааны яам хилийн чанадад томилогдон ажиллаж буй өөрийн боловсон хүчнээр дамжуулан шинэ ГШХО татах боломжтой гол зах зээлүүдэд хүрч ажиллахад тодорхой үүрэгтэй оролцож болно.