Гүний уурхайн тогтвортой олборлолтын цаг айсуй
Өнөөдөр “Оюу толгой” ХХК 2022 оны үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн тайлан, 2023 оны тэргүүлэх зорилтуудаа олон нийтэд танилцууллаа. 2023 он тус компанийн хувьд түүхэн жил болно. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа гүний уурхайн олборлолтоо эхлүүлэх цаг мөч ойртож байгааг тайлангийн эхэнд онцоллоо.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Өнгөрсөн онд “Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс”-ийг бүрэн эзэмших болсон нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй энэ үед засаглалыг тодорхой болгож, цаашдын ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, Оюу толгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болж байна” гэв.
Төсөвт 980 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
“Оюу толгой” компани өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлжээ. Харин борлуулалтын орлого нь 106 хувийн гүйцэтгэлтэй буюу 1,4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэхүү орлогоос үйл ажиллагааны зардал болон гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, мөн улсын төсөвт төвлөрүүлэх татвар хураамжийг төлөхөд зарцуулжээ. Дотоодод зарцуулсан мөнгөн дүн нэг тэрбум 566 сая ам.доллар буюу сард дунджаар 131 сая ам.доллар болсон байна. Өөрөөр хэлбэл, 2022 онд нийт орлогоосоо давсан валютын санхүүжилтийг дотоодод оруулжээ. 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан ба тус дүнгийн 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулсан.
2022 оны гуравдугаар сард Монголбанкнаас валютын ханшийг тогтворжуулах арга хэмжээний хүрээнд “Оюу толгой” компанид ирүүлсэн хүсэлтийн дагуу дотоодод оруулж ирж байгаа ам.доллароо 100 хувь Монголбанканд арилжаалсан байна. Ингэснээр өнгөрсөн онд хийсэн валют арилжааны дийлэнх хэсэг буюу нэг тэрбум 372 сая ам.долларын арилжааг Монголбанктай хийсэн гэдгийг “Оюу толгой” компанийн Санхүүгийн хэлтсийн тайлан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Өлзийжаргал онцлов.
Мод үржүүлгийн газар байгуулна
2022 онд байгаль орчны чиглэлээр хийсэн ажлын үр дүн, төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Байгаль орчны газар, Ханбогдын малчдын төлөөлөл, Галбын говийн сав газрын захиргаанаас бүрдсэн комисс шалгалт хийжээ. Уг шалгалтаар байгаль орчны чиглэлээр хийсэн ажлын үр дүн 93,4 хувийн биелэлттэй гарсан гэдгийг “Оюу толгой” компанийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр онцлов.
“Тэрбум мод” төслийг тууштай дэмжиж 100 сая мод тарьж, ургуулах үүрэг, амлалт авсан тус компани өнгөрсөн онд Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, уурхайн талбарт 50,000 орчим мод тарьжээ. Харин энэ онд Өмнөговь аймгийн таван суманд мод үржүүлгийн газар байгуулах аж.
“Оюу толгой” усны үр ашигтай хэрэглээгээр ижил төстэй зэсийн уурхайнуудыг тэргүүлдэг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Усны хэрэглээг сайжруулах чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд бүхий л талуудтай хамтран ажиллаж стратегиа боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай түншлэн, тогтвортой шийдэл гарган ажиллах юм.
“Оюу толгой” компанийн баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө 2022 онд 563 мянган тонн байсан бол үүнийг 1.6 хувиар давуулан биелүүлж, 613 мянган тонн үйлдвэрлэсэн гэдгийг Хүдэр хаягдал хадгалах байгууламж, гидрогеологи хариуцсан менежер Б.Түвшинбаяр онцолсон. Мөн баяжмал дахь металиар нь авч үзвэл өнгөрсөн онд зэсийн хэмжээ 129,468 тонн, алт 183,787 унц буюу 5,7 тонн үйлдвэрлэсэн байна. Энэ нь нийт үйлдвэрлэл 23 хувиар өссөн үзүүлэлт аж.
2023 оны хоёрдугаар хагаст хаягдал хадгалах байгууламжийн барилгын ажлыг дуусгах, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл сайжруулалтын ажил хийгдэнэ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер
-Засаглал, удирдлагын хувьд энэ жил дөрвөн гол ажлыг хийхээр төлөвлөж байна. Хамгийн түрүүнд Оюу толгойн баг хамт олон, бүх ажилтнуудын ажлын орчин нөхцөл, эрүүл мэндийн болон нийгмийн сайн сайхан байдлыг хангах тэргүүлэх зорилт хэвээр байна.
Энэ онд аюулгүй ажиллагааны шинэ хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс гадна инженер, мэргэжилтэн гээд хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, техникийн ур чадварыг сайжруулах, удирдах ажилтнуудад зориулсан хөтөлбөрийг үргэлжлүүлэн манлайллыг нэмэгдүүлэхээр зорьж буй.
Мөн хамт олны дунд “Өдөр бүр хүндэтгэе” аяныг эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Бидний анхаарах дараагийн чиглэл нь гүйцэтгэлийг улам төгөлдөржүүлэх юм. Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа учраас хүчин чадлыг нь тогтмол нэмэгдүүлэхийг зорино. Ингэхдээ аюулгүй ажиллагааг хангах нь нэн тэргүүний зорилт учраас гүний уурхайн агааржуулалтын амнуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах, конвейрийн материал тээвэрлэх системийн ажил зэргийг эрчимжүүлсэн.
Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга батыг сайжруулах, ашгаа нэмэгдүүлэх, ингэснээр хувьцаа эзэмшигч талуудад үр өгөөжийг үргэлжлүүлэн хүртээхээр ажиллаж байна.