Г.Өлзийсайхан: Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг тавдугаар сард шийдвэрлэнэ

B Shurenchimeg
2021-12-27 18:23:21
Ангилал:

Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг зорьж буй. Улмаар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамны Гадаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхантай ярилцлаа. 

-Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЗХ) хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлын явц хэр байна вэ?

-Манай улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс болон тус Холбооны гишүүн орнуудын хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн оны  есдүгээр сард чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулах албан ёсны шийдвэр гарсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хамтарсан судалгааны ажлын хэсгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

ЕАЗХ-ны гишүүн орнуудтай манай улсын хийж буй худалдааны 95 хувь нь ОХУ, 3.5 хувь Беларусь, 1.2 хувь Казахстан, харин үлдсэн нь Армен, Киргиз улсад тус тус ногдож байна. Сүүлийн 20 орчим жилд манай улс ОХУ-тай хийсэн худалдаанаас 20 орчим тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Иймд ОХУ-тай хийж буй худалдааны хэмжээг цаашид дорвитой нэмэгдүүлэх, худалдааны алдагдлыг бууруулах чиглэлээр шат дараатай бодлого хэрэгжүүлэх практик шаардлага тулгараад байгаа. Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах нэг гарц нь ЕАЗХ-той Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдал гэж бид харж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэзээ байгуулах төлөв, таамагтай байгаа вэ?

-Хамтарсан судалгааны ажлын хэсэг тайлан, дүгнэлтээ 2022 оны нэгдүгээр сард багтаан гаргана. Улмаар хамтарсан тайлангийн дүнд тулгуурлан манай улс “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах албан ёсны хэлэлцээнд орох эсэх шийдвэрийг ирэх оны тавдугаар сард гаргахаар төлөвлөж байна. ЕАЗХ-ны зүгээс ч холбогдох шийдвэрээ 2022 оны тавдугаар сард болох дээд зөвлөлийн хурлаараа гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ бидэнд мэдэгдсэн.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг олон улсын дунджаар 5-6 жилийн хугацаанд 7-8 үе шаттай албан ёсны хэлэлцээний үр дүнд байгуулдаг. Хэрэв манай хоёр тал Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоонд хүрвэл энэ нь хамгийн багадаа таван жил үргэлжилнэ гэсэн тооцоо байгаа.

-Хамтарсан судалгааны ажлын хэсэг хэр ойрхон уулзалдаж байна вэ? Уулзалтуудын гол үр дүн юу байв?

-Ажлын хэсэг байгуулах албан ёсны шийдвэр гарснаас хойш гурван удаагийн уулзалт зохион байгуулаад байна. Цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан хоёр тал идэвх санаачилгатай ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар хамтарсан тайлангийн нийт долоон бүлгийн мэдээллийг харилцан солилцсон. Үлдсэн гуван бүлгийн мэдээллийг бэлтгэн орчуулгын ажлыг хийж гүйцэтгээд байна. Эдгээр бүлгийг энэ ондоо багтаан харилцан солилцож, эцэслэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, хамтарсан судалгааны тайлангийн ажил эцсийн шатандаа орж, урьдчилсан тооцоо, судалгааны ажлууд бэлэн болсон.

Хамтарсан Ажлын хэсгийн III хурлыг өнгөрсөн зургадугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулсан. Эл уулзалтаар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эдийн засгийн үр ашгийн явц дундын тооцооллын талаар  санал солилцлоо.

Мөн хамтарсан ажлын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааны уялдааг хангах, судалгааны тайлангийн мэдээллийг шуурхай солилцох зорилгоор хоёр талын шууд харилцах албан тушаалтнуудыг томилон ажиллуулж байна.

Түүнчлэн, хамтарсан судалгааны ажлыг хариуцаж буй Евразийн эдийн засгийн комиссын худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепнев 2021 оны аравдугаар сарын 22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн. Харин судалгааны ажлыг Монголын талаас хариуцаж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал эрхэлсэн сайд А.А.Слепневтай Москва хотноо энэ сарын 16-ны өдөр уулзаж, Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны явцын талаар санал солилцсон.

-Манай улс одоогоор хичнээн улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад байгаа вэ?

-Гадаад зах зээлийг тэлж, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 2016 онд Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд хоёр орны худалдааны эргэлт 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар экспорт 16 сая ам.доллар, импорт 409 сая ам.долларт хүрээд байна.

Мөн Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АРТА)-д 2020 онд нэгдэж,  хэлэлцээрийн долоо дахь гишүүн болсон. Энэ нь манай улсын хувьд анхны бүс нутгийн худалдааны хэлэлцээр юм.

Эл хэлэлцээрийн хүрээнд БНХАУ, Энэтхэг, БНСУ зэрэг зургаан улстай нийт 10 мянга гаруй нэр төрлийн бараанд таваас 100 хувь тарифын хөнгөлөлт эдэлнэ.

Тухайлбал, БНХАУ-ын нүүрсний импортын татвар хоёр дахин буурсан нь манай улсад томоохон боломж юм. Уг хэлэлцээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Монгол Улс, БНСУ хооронд эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын хэсэг байгууллагдаад байгаа. Энэ хүрээнд хамтарсан судалгааны ажлын хэсгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

-Чөлөөт худалдааны хэлэлцээр олныг байгуулах нь эдийн засагт эрсдэлтэй гэж үзэх олон улсын бодлого судлаачид бий. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Улс орнууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэх шийдвэрийг гаргахаасаа өмнө хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулдаг. Улмаар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан тохиолдолд хоёр талын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн судалгааг нарийвчлан гаргадаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэл, хэрэглээнд үзүүлэх нөлөөлөл, төсвийн орлого, зарлагад үзүүлэх нөлөөлөл, худалдааны тэнцэлд үзүүлэх нөлөөлөл, орлогын хуваарилалтад үзүүлэх нөлөөлөл зэрэг олон нарийвчилсан тооцоо судалгааг хамтран боловсруулж, дүгнэлт бүхий тайлан боловсруулдаг.

Мөн дотоодын зах зээл, үйлдвэрлэлийг хамгаалж, хөгжүүлэх зорилгоор тарифын болон тарифын бус зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн давуу талд тулгуурласан экспортын үйлдвэрлэлийг дэмжих, экспортлогч аж ахуйн нэгжийг хөгжүүлэх бүтэц, санхүүжилтийн механизмыг бий болгох, мөн гадаад зах зээлд таатай нөхцөл орчныг бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн уялдаа холбоотой, оновчтой зохицуулалт хийх шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg