Дараагийн нурах хана аль вэ?

B. Misheel
2019-10-09 15:34:21
Ангилал:

Сүүлийн үед дэлхий нийтийн өмнө тулгарч буй асуудлуудын нэг бол дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт. Үүнээс үүдэн цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага бий болж буй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монголын Говийн бүсэд усны гадаргын ууршилт нэмэгдэх, үер усны гамшиг нүүрлэх, цэвэр усны нөөц багасах зэрэг олон эрсдэл үүсэж байна. Харин энэ асуудалд хариу болох цогц шийдлийг нэгэн залуу судлаач санал болгосон юм.

Говийн бүсэд ууршилтаар алдаж буй усыг нөөцлөх, цаашлаад аж ахуйд хэрэглэснээр нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг монгол гэрийн загвараар бүтгээгдсэн ус нөөцлөх систем олгох юм. Уг санааг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн багш З.Ууганбаатар анх Өмнөговь аймгийн иргэдэд туслах зорилгоор гаргаж байжээ. Түүний магистрын ажлын судалгаа болох уг төслийн хүрээнд Японд технологийн харьцуулсан судалгаа хийж, hydroponic буюу хөрсгүй тариалалтын системийг нэвтрүүлснээр ууршилтаар алдаж буй усыг нөөцөлж, илүү удаан хугацаанд хадгалж үлдээх бүрэн боломжтойг тогтоосон. Ингэснээр усны чанарын асуудлыг шийдэхээс гадна ургац арав дахин нэмэгдэх боломжтой тул нутгийн иргэдийн орлогыг ч нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Энэхүү төслөө тэрбээр Монголд анх удаа зохион байгуулагдсан Falling Walls Lab Mongolia чуулганаар танилцуулж тэргүүн байр эзэлсэн юм. Ингэснээр З.Ууганбаатар Берлин хотноо ирэх сард зохион байгуулагдах Falling Walls Lab Finale-д 100 орны үндэсний ялагчтай зэрэгцэн төслөө танилцуулах эрхтэй боллоо. 


Falling Walls Lab чуулган нь анх 2009 оны арваннэгдүгээр сарын 9-нд буюу Берлиний хана нурсны 20 жилийн ойгоор зохион байгуулагдаж байжээ. Falling Walls Lab арга хэмжээнд олон улсын залуу эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн өөрсдийн шинэлэг санаа, судалгаа, санаачлагыг гурван минутад багтаан танилцуулж өрсөлддөгөөрөө онцлог. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 8-нд Falling Walls Lab Finale-г зохион байгуулдаг бол дараа өдөр нь Falling Walls Conference-д дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж Which are the next walls to fall? сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ. Энэхүү хуралд олон улсын Falling Walls Lab Finale-ийн нэг ялагч өөрийн шинэлэг санаагаа дахин танилцуулах эрхээр шагнуулдаг уламжлалтай.

Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус арга хэмжээг Монголд анх удаа аравдугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Falling Walls Lab чуулганыг Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болон хоёр Герман нэгдсэний 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, GMIT буюу Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хамтран зохион байгуулж буй. Falling Walls Lab Mongolia чуулгад найман залуу эрдэмтэн, судлаач оролцож байгаль орчин, хувцас загвар, бизнес, барилга зэрэг олон салбарт төрөл бүрийн асуудлыг шийдэх санаачлагыг дэвшүүллээ. 


Уг арга хэмжээний нэгдүгээр байрт З.Ууганбаатар Breaking the Wall of Wind and Mind төслөөрөө шалгарсан бол удаах байранд Филиппин улсаас хүрэлцэн ирсэн Олон улсын эрүүл мэндийн төвийн Шинжлэх ухааны хэлтсийн дарга Эммануэль Дамиан бэлэн хувцас үйлдвэрлэлээс гарж буй асар их хог хаягдлыг дахин боловсруулах Breaking the Wall of Fast Fashion төслөөрөө шалгарж, GMIT-ийн физикийн багш Р.Нямдулам лед дэлгэцийн шинэ технологи бүхий Breaking the Wall of Light Emission төслөөрөө гуравдугаар байр эзэллээ.

Уг арга хэмжээний дэвшүүлдэг “ханыг нураах” гэдэг санаатай далан нураах гэдэг түүний сэдэв утгаараа уялдаж байсныг З.Ууганбаатар онцолсон юм. Тэрбээр далан бариад байх нь зөв үү эсвэл далангийн оронд дасан зохицох шийдэл нь дээр үү гэх асуултыг тавьснаар уг санааг гаргажээ. Үндэсний ялагчийг финалын шатад бэлдэнэ гэдгээ тус арга хэмжээний шүүгчдийн нэг, GMIT-ийн Хэл заах арга зүйн төвийн дарга Жон Никсон мэдэгдлээ. Нэгдүгээр байрт шалгарсан төслийн тухай тэрбээр өнөөгийн дэлхий нийтийн тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөндөж, үүнд тохирох шинэлэг санааг дэвшүүлсэн бөгөөд хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж чадахуйц болсныг онцолсон юм. 

Анх удаа зохион байгуулагдсан тул цаг давчуу, туршлага дутсан зэрэг асуудал тулгарсныг оролцогчид болон шүүгчид хэлж байлаа. Гэсэн ч ирэх жилүүдэд зохион байгуулагдах арга хэмжээний цар хүрээ тэлж, илүү олон салбарын мэргэжилтнүүд дэлхий дахинд өөрчлөлт авчрах шинэлэг санаачилгуудыг дэвшүүлэх нь гарцаагүй. Харин тэр хүртэл дараагийн хана хаана нурах бол?

B. Misheel