Дараагийн Оюу толгойг хаанаас олж болох вэ

Mongolian Economy
2023-09-21 11:19:46
Ангилал: Эдийн засаг

Монгол Улс газрын доорх баялгаараа дэлхийд тэргүүлэгч улсуудын нэгд тооцогддог. Эдийн засагт нь уул уурхайн салбар голлох байр суурь эзэлж, Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой зэрэг том уурхай эдийн засаг, нийгмийн гол түшиг тулгуур болсоор байна. Өдгөө дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болсон монголчууд дараагийн Оюу толгойг хаанаас олж болох вэ хэмээн таамаглал дэвшүүлэх нь бий.

Монголын дараагийн том “уурхай” нь газрын доор бус харин газрын дээр байх бүрэн боломжтой. Тэр бол сэргээгдэх эрчим хүчний салбар юм.

Монгол Улс 2,600 гВт-аар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Азийн хөгжлийн банкны тооцоогоор Монгол Улс салхи, нарны энергийг ашиглан цагт 5,457 тераватт цахилгаан эрчим хүч гаргаж авах бололцоотой аж. Энэ нь БНХАУ-ын 2022 оны нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 63 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Түүнчлэн нийт газар нутгийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станцууд барих техникийн боломжтой гэсэн үр дүн гарчээ. Хамгийн нөөц сайтай буюу салхины хурд найман м/с-ээс дээш, нарны илч GHI 1700кВц/м2 нөөцтэй бүсийн тоонд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутаг орж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баруун өмнөд, өмнөд бүс нутаг нь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй юм. Улмаар цэвэр эрчим хүч экспортлох салхины 200 гигаватт нөөц, нарны 1200 гигаватт нөөцтэй гэсэн тооцоолол бий.

Сэргээгдэх эрчим хүч бол Монгол Улсын хувьд цоо шинэ салбар биш. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан бол 2013 онд сэргээгдэх эрчим хүчний анхны эх үүсвэр “Салхит” салхин цахилгаан станц ашиглалтад орж байв. Түүнээс хойших 10 жилд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл, тэр дундаа нар болон салхины 245 МВт-ын хүчин чадалтай есөн станц баригдсан.

Манай улс 2012 онд ногоон хөгжлийг эдийн засгийн хөгжлийн шинэ стратеги гэж зарлаж, “Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн бодлого-2030”, “Алсын хараа 2050” бодлогын бичиг баримтуудыг тус тус баталсан. Эдгээр баримт бичигт нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тусгасан.

Гэхдээ дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлж байна гэж ойлгох нь өрөөсгөл. Том зургаар нь харвал сэргээгдэх эрчим хүчний том төслүүд хэрэгжүүлж, эрчим хүч экспортлогч болох нь Монгол Улсын гол зорилго, том амбиц юм.

Монгол Улс 2,600 гВт-аар хэмжигдэх сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй

Нар, салхины эрчим хүчний нөөцөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлснээр 2031 он гэхэд 12 ГВт орчим суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй болох боломж бий. Ингэснээр нүүрсний экспортын борлуулалтаас олох орлоготой тэнцүү хэмжээний орлогыг бий болгох бүрэн боломжтой юм.

“Өөрсдийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй байж, эрчим хүч экспортлох нь холын санаа гэдэг. Би харин тэгж боддоггүй. Харин ч алдаж болохгүй алтан боломж” гэж Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудорж өгүүлсэн.

Учир нь Монгол Улстай хиллэж буй БНХАУ болон Зүүн Хойд Азийн бүс нутагт дэлхийн топ дөрвөн эдийн засагтай улс байна. Тодруулбал, дэлхийн хүн амын 25, эдийн засгийн 25, эрчим хүчний хэрэглээний 30 хувь энэ бүс нутагт ногддог. Өөрөөр хэлбэл, маш том эрэлт хэрэгцээ Монгол Улстай ойрхон байна.

БНХАУ бол дэлхийн эрчим хүчний номер нэг хэрэглэгч бөгөөд эрчим хүчний хэрэгцээ нь тасралтгүй өсөж байна. Сүүлийн үеийн тооцоогоор жилийн 190 тэрбум киловатт/цаг, 40-50 гигаватт цахилгаан хэрэглэж байна. Энэ ч үүднээс Азийн Супер сүлжээ, “Гобитек”, “Нэг бүс, нэг зам”, “Эдийн засгийн коридор”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” зэрэг олон улс хоорондын төсөл, хөтөлбөрүүдэд Монгол Улс голлох үүрэгтэй оролцох боломжтой. “Цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас хамаарч дээрх төсөл, хөтөлбөрүүд удааширч байна. Гэхдээ удахгүй бүс нутгаараа эрчим хүчний нэгдсэн интеграцид орно. Гагцхүү ямар зарчим, ямар хувилбараар явахыг цаг хугацаа харуулна” гэж Монголын анхны хоёр салхин цахилгаан станцыг бүтээн байгуулсан “Ньюком” группийн Дэд Бүтцийн Асуудал Эрхэлсэн захирал Д.Ганхуяг өгүүлсэн.

Харилцан ашигтай түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт дутмаг байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд садаа мундахгүй бий. Дотоодын зах зээлд үнэ тариф гол бэрхшээл болж байна. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Дэд бүтцийн тогтвортой хөгжлийн Хэлтсийн захирал Сужата Гупта “Монгол Улсад тулгамдаж буй нэг чухал асуудал бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд үүсдэг хэлбэлзлээс хамаарч эрчим хүчний нийлүүлэлтийг зохицуулах уян хатан горим бий болгох, түүнийг мөрдүүлэх явдал юм” гэж онцолсон.

Харин гадаад орчны тухайд харилцан ашигтай түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь үнэн юм. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, нүүрстөрөгчийг ялгарлыг бууруулах хүрээнд олон улсад сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалтын энэ урсгалын нэгээхэн хэсгийг Монголд татаж, эрчим хүчний чиглэлд бүс нутгийн хэмжээний тоглогчийн байр сууринд очих далайцтай, амбицтай зорилтыг Монгол Улс тавих ёстой юм. Хөрөнгө оруулалт, санхүүжилтээ татаж, улмаар зөв төсөл рүү чиглүүлээд дорвитой, зоригтой ажиллаж чадвал тэрхүү амбицтай зорилтод хүрэх боломжтой. Монголын цөөнгүй хувийн хэвшил энэ чиглэлээр гадаадын түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэд хэдэн төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттай хэрэгжүүлнэ. “Энэ салбарт маш сайн бодлого төлөвлөлт, зохицуулалт шаардлагатай. Төр, хувийн хэвшил нь хөрөнгө оруулагч талдаа ч, эрчим хүчний системдээ ч харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй” гэж ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Сургалт, чанарын албаны дарга, доктор Ч.Улам-Оргил өгүүлж байв.

Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж, төрөлжүүлснээр Монгол Улс хөгжлийн зам мөрөө тод болгоод зогсохгүй дэлхий дахины тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах юм.

 

Mongolian Economy