Дахин замд гарна

Mongolian Economy
2021-05-24 16:52:59
Ангилал: Дэлхий 2021

2021 онд хүмүүс цөөн удаа, удаан хугацаагаар гэртэйгээ ойр аялна 

2020 онтой харьцуулахад 2021 он аялхад илүү хялбар жил болох нь тодорхой. Илүү олон онгоц хөөрч, илүү олон орон жуулчин угтан авч, хязгаарлалт багасна. Гэвч энэ бүхэн статистикчдын хэлдгээр маш бага суурь утгаас эхэлнэ. Нислэг зогсонги шахуу байдалд орж, олон орон хилээ хааж, аялагч хүлээж авч буй орнууд олон төвөгтэй хязгаарлалт тогтоосон нэг жилийн эцэст тэдгээр хязгаарлалт өчүүхэн төдий сулрах нь чамлахааргүй дэвшил болох юм.

Цаашид байдал дээрдэх төлөвтэй. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаагаар 2020 оны есдүгээр сарын байдлаар 217 улсын 115 нь аяллын хязгаарлалтаа сулруулсан байжээ. Зочид буудлуудын дүүргэлт 2020 оны дөрөвдүгээр сард 22 хувь байсан бол наймдугаар сард бараг хоёр дахин нэмэгдэж 47 хувьд хүрсэн. Хүмүүс ч аялах хүсэлтэй байна. Үнэ харьцуулдаг Skyscanner вебсайтын мэдээлснээр далд эрэлт их байгаа аж. Зорчихийг зөвшөөрсөн орны жагсаалтдаа Их Британи ямар нэг улсыг нэмэх бүрт тус вебсайтын ачаалал нэмэгдэж байв. Коронавирусийн халдварын тохиолдол буурсан Хятадад дотоодын нислэгийн тоо наймдугаар сар гэхэд цар тахлын өмнөх хэмжээнд хүрсэн.

2021 онд аяллыг гурван том өөрчлөлт тодорхойлно. Эхнийх нь давтамж болон хугацаа. Гадаадад богино хугацаагаар зорчих нь хэцүү байх бөгөөд хил нээгдсэн ч ихэнх улс аялагчдыг хоёр долоо хоногийн тусгаарлалтад оруулах тул гурав хоногийн амралт 31 хоногийн тарчлаан болж хувирах юм. Үүний үр дүнд нийт аяллын тоо цөөрч, хугацаа уртасна. 2019 онд ДНБ-ий 20 гаруй хувийг нь аялал жуулчлал бүрдүүлсэн Тайланд жуулчид хүлээн авах туйлын их хүсэлтэй байна. Гэвч тус улс жуулчдад багадаа 90 хоног аялах нөхцөл тавих бөгөөд ийм бодлогыг олон орон хэрэгжүүлнэ.

Хоёр дахь өөрчлөлт бол зай. 2021 онд дотоодын аялал өсөх төлөвтэй байна. Жуулчин их татдаг улсууд гадаад жуулчдын сул зайг нөхөхийн тулд иргэдээ эх орондоо аялахыг уриалж буй. Жишээлбэл, Америкт агаарын тээврийн компаниуд Хавайд найдлага тавих болжээ. Сингапур дотоодын аялалд зарцуулахад нь зориулж иргэддээ 100 сингапур доллар (75 ам.доллар) олгож байна. Airbnb-ийн вэб сайт ч хэрэглэгчдээ “ойрхон аялах”-ыг уриалж буй. Үүнд аялагчдыг ятгах хэцүү биш. Учир нь гадаадад зорчих боломж бий ч олон бичиг баримт бүрдүүлэх, коронавирусийн шинжилгээ өгөх, тухайн оронд гацах зэрэг олон бэрхшээлтэй тулгарах учир аялагчид өөр улс руу зорчихоос цааргална.

Гурав дахь өөрчлөлт бол аяллын зорилго. Аяллын тоо цөөрч, хугацаа уртсахын хэрээр зайнаас ажиллах боломжтой хүмүүс амьдарч буй газраасаа илүү тав тухтай, хязгаарлалт багатай газарт ажиллахыг илүүд үзнэ. Үүнийг хөл хорионы үеийн хожоо гэж нэрлэе. Олон улсад вакцинжуулалт хийсний дараа ч дээр дурдсан өөрчлөлтүүд хэвээр үлдэнэ. Аялагчид илүү уян хатан, ажил амралтыг хослуулсан урт хугацааны аялалд дасна. Олон улсын аялал жуулчлал эцэстээ 2019 оны хэмжээнд эргэн очих боловч 2021 оноос эхлэн өөр өнгө төрхтэй болно.

 

Дэлхий 2021 тусгай дугаарын “Олон улс” секц

Их Британи хариуцсан ахлах сурвалжлагч Лео Мирани, The Economist

 

 

Mongolian Economy